51 орны залуус Улаанбаатар хотод хуран чууллаа

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

51 орны залуус Улаанбаатар хотод хуран чууллаа

Дотоодын цэргийн алба үүсч, хөгжсөний түүхт 90 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж өнгөрүүлж байгаа.

51 орны 3640 ажил хэрэгч, манлайлагч, олон улсын идэвхитэй залуус Улаанбаатар хотод амжилттай хуран чууллаа

Чуулган Зохион Байгуулах Хорооны Дарга Г.Баярмагнай

“JCI Монгол” байгууллагын эрхэм гишүүд ээ,

Ази-Номхон далайн бүсийн “АСПАК-2017 Улаанбаатар” чуулган Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болсон “JCI Монгол” байгууллагын олон зуун гишүүддээ баяр хүргэе, бас баярлалаа. 

“JCI” олон улсын байгууллага бол итгэл үнэмшил, сайн дурын үндсэн дээр нэгдсэн дэлхийн 127 оронд 250 мянга гаруй гишүүнтэй залуусын хүчирхэг нэгдэл. Мөн JCI-чуудын хувьд Ази–Номхон далайн бүсийн байр суурь нэлээд чухал. Яагаад гэвэл гишүүд дэмжигчдийн хувьд, “JCI” олон улсын байгууллагын 60 орчим хувь нь Ази-Номхон далайн бүсэд хамаардаг. Дэлхийн түвшний энэ нэгдлийн хамгийн хүчирхэг хэсэгт Монгол Улс, Монгол залуус харъяалагдаж буй нь нэг талаар өндөр завшаан, нөгөө талаар басхүү сорилт мөн билээ. Учир нь өндөр зэрэглэлийн энэ байгууллагын өнөө цаг үеийн бүхий л удирдагчид болон өмнөх үеийн лидерүүд, ирээдүйд энэ байгууллагад манлайллаар өнөөдөр бэлтгэгдэж буй гишүүд бүгд Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалт “АСПАК”-ийг жил бүр зорин оролцдог. Тиймээс бид “АСПАК-2017 Улаанбаатар” чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулах үүрэг хүлээж, түүнийгээ ч нэр төртэйгөөр биелүүллээ.

Юун түрүүнд Монгол Улсыг дэлхийн залуучуудын анхааралд оруулсан “АСПАК-2017 Улаанбаатар” чуулга уулзалтыг зохион байгуулахад олон зуун хамт олон, олон зуун сэтгэл зүтгэл оролцсон гэдгийг онцолмоор байна. Энэхүү чуулганд оролцохоор өнгөрсөн өдрүүдэд дэлхийн 51 орноос 3640 залуус хүрэлцэн ирлээ. Мөн бид энэ арга хэмжээний хүрээнд 127 үйл ажиллагаа зохион байгуулж, бидний хариуцаж, хийсэн ажлын тоо 1800 давжээ. Тоон дүнгээр харвал 3600 гаруй хүн Монгол эх оронд минь хувиасаа зардлаа гарган МИАТ-ын нислэгээр нисэж ирж, өөрсдийн зардлаар зочид буудалд бууж, өөрсдийн оролцооны хураамжаараа энэхүү арга хэмжээнд ирэхэд Монгол Улсад маань нийт 12 орчим сая ам.доллар хөрөнгө оруулалт болж орлоо. Энэ бол цэвэр бизнес эрхлэгчдийн гар дээр орлого болж очсон учраас улсын эдийн засагт үр өгөөжөө өгөх нь дамжиггүй.

“АСПАК-2017 Улаанбаатар” уулзалт үнэхээр “JCI Монгол” байгууллагын залуусын үйл ажиллагааны нэгдэл, зүтгэлийн шинэ давалгаа байлаа. Чуулганыг дэмжсэн Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд онцгойлон талархаж байна. Засгийн газрын агентлаг нэгжүүд, тэр дундаа Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаад хэргийн яам зэрэг газруудад талархал илэрхийлье.

Мөн Нийслэлийн засаг дарга С.Батболдод гүнээ талархаж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж, хүлээн авагч хот нь Улаанбаатар хот учраас нийслэл иргэдийн хандлага, соёл, дэлхий дахинд нэгэн шинэ имиж, өнгө төрхөө олон улсад сурталчлагдсанд бид итгэлтэй байна.

Хэдийгээр бид анх удаагаа энэ арга хэмжээг зохион байгуулсан ч асар их зүтгэл, оролцоо бий болгож чаддаг, нэгдэн нягтардаг гэдгээ сэтгэл хангалуун олж харлаа. Чуулганыг зохион байгуулахад оролцож, өдөр шөнөгүй ажиллаж, суралцаж, хамт олон болж ажилласан сайн дурын 300 залууд тусгайлан талархал илэрхийлье.

Бидэнтэй хамтарч ажилласан бизнесийн байгууллагуудад мөн чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний ноён нуруу болж, дэмжиж ажилласан эдгээр спонсор компаниуд байгаагүй бол Ази-Номхон далайн бүсийн ийм том чуулганы ард гарахад бэрхшээл учирах байлаа. Нэр дурдвал, “APU Company”, “Скайтел групп”, “Шунхлай” ХХК, “MCS Холдинг”, Голомт банк, “Говь” ХК, “KPMG” компанид гүнээ талархъя. Мөн “JCI монгол” байгууллагын гишүүдийн нэр бүхий компаниудын хүч урам зориг бидэнд ихээхэн дэм тус болсныг хэлэх хэрэгтэй. Гишүүд маань өөрсдөө энэхүү чуулганд оролцохоос гадна эрхэлдэг бизнесээрээ дэмжиж оролцсон юм. Тухайлбал, “Summit” ХХК, “НВЦ групп”, “Саунд оф Монголиа”, CRM компаниудыг энд алдаршуулмаар байна. Түүнчлэн хэвлэлийн дэмжигчиддээ талархал илэрхийлэх нь зүйтэй. “Медиа групп”, “Блүүмберг телевиз”, “25 р суваг”, VTV телевиз тэргүүтэй бүх л хэвлэлийнхэндээ баярлалаа.

Дэлхийн хөгжил, өөрчлөлтийн талаар ярилцахаар ирсэн 3640 залууг хүлээн авахад Улаанбаатар хотын 30 гаруй шилдэг зочид буудал, 50 орчим ресторан хамтарч ажиллав. “Шангри Ла”, “Блью скай” “Корпрейт конвеншн центр” тэргүүтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр зэрэглэлийн үйл ажиллагаа зохион байгуулахад бүрэн төлөвшсөн зочид буудлуудын үйлчилгээнд ирсэн зочид маань ч, зохион байгуулагчид бид ч сэтгэл хангалуун байлаа.

Нэгэн зүйлийг онцлон өгүүлэхэд “АСПАК-2017 Улаанбаатар”-ыг зохион байгуулах эрхийг авснаас хойш 790 хоногийн турш “JCI Монгол” байгууллагын залуус бид хоног тоолон бэлдэж эхэлсэн. Харин энэхүү томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаас нэг жилийн өмнө АСЕМ буюу “Ази-Европ”-ын дээд хэмжээний уулзалт Монгол Улсад болсон нь бидэнд маш том туршлага болсон юм. Яагаад гэвэл энэхүү дээд хэмжээний уулзалт бидэнд, монгол залууст их зүйл сургасан. Иргэд маань ч олон улсын томоохон чуулганд эергэ хандлагаар ханддаг болжээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бид талархаж байна.

Мөн 3000 гаруй залуусыг хүрэлцэн ирэхэд МИАТ компанийн үйл ажиллагаа, хичээл зүтгэл үнэхээр үнэлж баршгүй чухал байлаа. Чуулганд оролцогчдод зориулж олон арван нислэг зохион байгуулж, Монгол Улсынхаа нүүр царай болсон МИАТ компанид бид дахин дахин талархал илэрхийлье.

Энэ дашрамд би тун саяхны мэт боловч “JCI Монгол” байгууллагын хувьд дотно нэгэн түүхийг дурсмаар байна. 1992 онд С.Зориг, Д.Галсанбуян, Б.Жаргалсайхан нарын залуус анх Монголд JCI хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш 26 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд “JCI Монгол” байгууллагын үе үеийн үндэсний ерөнхийлөгч нар “АСПАК” буюу Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг эх орондоо авчрахыг хүсэж байлаа. Бидний энэхүү нийтлэг хүсэл мөрөөдлийг одоогоос 10 жилийн өмнө 2007 онд “JCI Монгол” байгууллагын үндэсний ерөнхийлөгч П.Батсайхан олон улсад тууштай илэрхийлж, дэлхийн JCI байгууллагад санал тавьсан юм. Улмаар түүнээс хойшхи үе үеийн ерөнхийлөгч нар энэхүү хүсэл эрмэлзлэлийг уламжлан илэрхийлж ирсэн хичээл зүтгэлийн үр дүнд 2015 онд бидэнд боломж нээгдсэн. Малайз улсын Кота Кинабалу хотод болсон тэр жилийн Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтад “JCI Монгол” байгууллагын залуус бид нийслэлийн Засаг даргын хамт очиж эрхийг нь өрсөлдөж авсан нь дөнгөж өчигдрийн үйл явдал мэт санагдаж байна. Тэгэхэд Малайз улс руу залуус бид хувийн зардлаар 165 уулаа очиж, “АСПАК”-ийг зохион байгуулах 700 гаруй шалгуур үзүүлэлтийг хангаж чадсан. Миний бие тэдгээр өдрүүдэд Өрсөлдөх хорооны даргаар ажиллаж,  нөхдийнхөө хамт тэрхүү 700 гаруй шаардлага бүхий материалыг бүрдүүлэх ажлыг хийхдээ урам зориг, итгэл зүтгэл, эерэг сайхныг бүтээх урмаар огтхон ч дутаагүй. Бид хамтдаа Кота Кинабалу хотод очин Хотын даргатайгаа хамт олон орны залуусаар дамжуулан дэлхий дахинд улсаа сурталчилсан. Улмаар бид Улаанбаатар хотноо “АСПАК”-ыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, ойрын жилүүдэд “АСПАК” зохион байгуулсан таван улсын үндсний ерөнхийлөгч нартай уулзаж, JCI байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдэд саналаа тавьсан юм. Ийм хичээнгүй чармайлтын үр дүнд бид Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулах олон жилийн хүсэл тэмүүллээ 2015 онд сая нэг биеллүүлж “АСПАК-2017”-г зохион байгуулах алхыг ёслол төгөлдөр цохиулж, эрхээ авсан.

Харин өнөөдөр бид энэхүү томоохон чуулганыг амжилттай зохион байгуулаад байна. Энэ бол “JCI Монгол” байгууллагын хувьд түүхэн үйл явдал болсон гэдгийг дахин дурдъя.

Эцэст нь хэлэхэд аливаад чин сэтгэлээсээ зорьж, хүсэж, тэмүүлэн түүнийхээ төлөө төвлөрч, төлөвлөж, сэтгэл гарган зохион байгуулж, суралцаж, хөгжиж чадвал монгол залуус өнөөдөр гадны хөгжилтэй улс орнуудын залуусын дэргэд огт хоцрохгүй, мөр зэрэгцэж чаддагаа харууллаа. Цаашид бид илүү дээшээ гарах манлайллын төлөө явах ёстой. Боломжтой гэдгийг ч бид бүгд харлаа. Монгол залуус урам зориг хөгжлийн галаа асааж, үлгэр жишээ манлайллыг бий болгож, улс орондоо, амьдарч буй хотдоо, хамт олондоо, гэр бүлдээ, найз нөхөддөө шинэ Монголын залуу хүний хөгжлийн түлхүүрийг атгуулах манлайллын эхлэл цэг ийнхүү эхэлж байна. Бий болгосон манлайллаараа ирээдүйн зүг дэвшилтэйгээр алхах, илүү их дэвшлийг авчрах ийм цаг үе нэгэнт иржээ. Бидний энэ ололт цаашдаа уламжлал болж, илүү их амжилт өөд урагшилна гэдэгт машид итгэж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн,

‘JCI ASPAC-2017’ Чуулган Зохион Байгуулах Хорооны Дарга Г.Баярмагнай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж