"Эрдэнэсийн арал"-аас хувь хүртэгчид

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

"Эрдэнэсийн арал"-аас хувь хүртэгчид

Хэдэн долоо хоногийн бороо Германы энэ жилийн ургацад сөргөөр нөлөөлжээ.

Гаальд тасралтгүй 10 орчим жил ажилласан найман байцаагч иргэдээс нэг удаагийн үйлдлээрээ 500 мянгаас 10 сая төгрөгийн авлига авсныг нэг жилийн өмнө Авлигатай тэмцэх газраас илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэдний иргэдээс авсан хахуулийн үйлдэл 2-6 удаа давтагдаж, нэг байцаагч нийт 60 сая төгрөгийн авлига авсныг одоогоос  14 хоногийн өмнө /2017.06.06/  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс тогтоосон юм. Шүүхээс нэг байцаагчийг нь цагаатгаж, бусдыг нь 6.6 хүртэлх жилийн хорих ял оноосон. Мөн 28 хүнийг дээрх гаалийн байцаагч нарт авлига өгсөн, зуучилсан хэрэгт  буруутган 3.7 хүртэлх жил хорих шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл иргэдээс авлига авсан гаалийн байцаагчид хэн байв, тэд гаалийн байгууллагын аль салбарт ажилладаг байв гэдийг энд онцолъё.


500 мянгаас 60 хүртэлх сая төгрөгийн авлигыг Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх хэлтсийн даргын албыг хашиж байсан Т.Мөнхчулуун Замын-Үүд дэх Гаалийн газрын Н.Батжаргал нарын  долоон байцаагч авчээ. Тэд тус боомтоор орж ирэх бараа, бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, хууль бусаар нэвтрүүлэхээр Э.Наранбат, Б.Наранбат, Сүхбаатар, Доодамба нарын иргэдтэй тохиролцож, шанд нь мөнгө авдаг байжээ. Тэднийг тээвэр зуучлалын компанийн мэргэжилтэн Оюунсүрэн холбон өгч, хөлсөнд нь мөн л хахууль авдаг байсныг анхан шатны шүүх тогтоосон байх юм. Гаалийнхан Замын-Үүд дэх салбараа “эрдэнэсийн арал” гэж нэрийдээд тэнд томилогдохын тулд дээгүүр, доогуур ихээхэн хөөцөлддөг. Энэ замаар Н.Батжаргал нарын долоон байцаагч Замын-Үүд дэх Гаалийн газарт томилогдсон байж болзошгүйг салбарт нь ажилладаг эх сурвалж тодотгов. 

Авлига, хээл хахуулын хэрэгт буруутгагдсан гаалийн байцаагчдад оноосон шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулбал,

  1. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Өнөржаргалд Эрүүгийн хуулийн тусгай анги /ЭХТА/-ийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан,

  2. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Цэенийг давтан үйлдлээр хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн болоод бусдад хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр завдсан хэрэгт гэм буруутайд тооцож,  гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6.6 жилийн хорих ялаар,

  3. Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх хэлтсийн дарга  Т.Мөнхчулууныг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж,  6.6 жилийн хорих ялаар,

  4. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэгийг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд, гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж,  зургаан жилийн хорих ялаар,

  5. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч М.Энхтүвшинийг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэнийг тогтоож, нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж  5.1 жилийн хорих ял,

  6. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгийг давтан үйлдлээр хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусадтай бүлэглэж, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Гааль Татварын Ерөнхий газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, гурван сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг хоёр жил хасаж 6.6 жилийн хорих ял,

  7. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Н.Батжаргалыг давтан үйлдлээр хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд, нэг сая төгрөгийн  эд хөрөнгө хурааж 5.1 жилийн хорих ял,

  8. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Наранчимэгийг бусадтай бүлэглэж, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Гааль Татварын Ерөнхий газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж,  гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг нэг жил хасаж 2.6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар  хянан харгалзаж ийнхүү тус бүрт нь хэргийг хянан хэлэлцэн, шүүх шийдвэрээ гаргасан байна.

Харин авлигад зуучилж, авлига өгсөн гэх 28 хүний зургаад нь буюу тээвэр зуучлалын компанийн мэргэжилтэн С.Оюунсүрэн нарыг албан тушаалтанд давтан үйлдлээр, хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэж, бусдад хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж, 3.5-3.7 жилийн  хорих ял оноожээ.

Үлдсэн 19 иргэнд 1.6 жилийн хорих ял оногдуулжээ. Гэхдээ тэдний ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар болсон гэв.  Мөн нэг хүнд нь оногдуулсан 1.6 жилийн хорих ялыг хойшлуулж, нэг хүний үйлдлийг цагаатгажээ.

Эл хэрэгт холбогдсон хоёр иргэн өмгөөлөгч байхгүй шалтгаанаар хэргээ тусгаарлаж, шүүх хурлыг хойшлуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж