Хэнийг ч дэмжихгүй гэвэл сонгуулиа өг

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Хэнийг ч дэмжихгүй гэвэл сонгуулиа өг

Сүүлийн жилд Хятадын цэргийн зардал 11,5 хувиар өсөн 2012 онд 104,62 тэрбум ам.доллар болсон тухай ICD Research компанийн судалгаанд өгүүлжээ.

Х.Баттулгаас л өөр хүн гарсан бол Ардчилсан намыг дэмжих байлаа. Р.Амаржаргалыг дэвшүүлсэн бол гарцаагүй ялна. Эсвэл М.Энхболд бус Ц.Нямдоржийг дэвшүүлэх байсан юм. Н.Энхбаяр өөрөө дэвшихгүй. Сонголт алга. Сонголтгүй сонгууль гэхчлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн талаар дор бүрнээ халаглах болжээ.

Энэ бүхнээс үзвэл сонгуулиар саналаа өгөхгүй гэсэн сонгогч бишгүй байна. Намуудын удирдлагууд ч толгой сэгсэрч, дахин сонгууль болох нь гарцаагүй болчихлоо гэж сууна. Гэхдээ тэдний таамагласнаар дахин сонгууль ирц хүрэхгүйдээ болохгүй. Санал хуваагдаж 50 дээш хувийн санал авах хүнгүй болчихлоо гэсэн болгоомжлолоор хандаж буй хэрэг.

Өнгөрсөн сард Францад болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн судалгаагаар франчуудын 42 хувь нэр дэвшигчдийг дэмжихгүй. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 47 хувь нь Эммануэль Макроныг шударга нэр дэвшигч биш гэж үзсэн. Францчуудын 44 хувь нь нэр дэвшигчдийн аль нь ч энгийн иргэдийн амьдралыг мэдэхгүй. Аль аль нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч ажилгүйдэл буурахгүй гэж францчуудын 45 хувь нь үзсэн талаар “Lfop” судалгааны байгууллага мэдээлж байв. Ерөнхийлөгчийн нь сонгуулиар алийг нь ч дэмжихгүй гэсэн сонголтыг хийсэн саналын хуудас ч цөөнгүй гарчээ.

Харин манайд ардчилсан улс хэр нь “хэнийг нь ч сонгохгүй” гэсэн сонголтыг саналын хуудаст ердөө тусгадаггүй. Гэхдээ хэнийг нь ч сонгохгүй байх сонголтыг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр хэзээний баталгаажуулчихсан. Цэцээс “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн ‘санал огт тэмдэглээгүй буюу’ гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ‘чөлөөт’ гэсэн сонгуулийн зарчмыг зөрчиж иргэдийн сонгох, эс сонгох эрхийг хязгаарласан байна. Энэ талаар гарсан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 1996 оны 5 дугаар сарын 23-ны 03 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй Монгол Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ нь: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтаар өөрчлөлт оруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн ‘Санал огт тэмдэглээгүй буюу’ гэсэн заалтыг хүчингүй болгосугай. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай. Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Л.БААСАН Н.ЖАНЦАН Ж.БЯМБАА С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ж.БЯМБАЖАВ” гэх тогтоолыг 1996 оны зургадугаар сарын 19-ний өдөр гаргаж байжээ.

Хэдийгээр Сонгуулийн тухай хууль 99.2.-т “Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно.” гэж заасан ч СЕХ/Сонгуулийн ерөнхий хороо/ энэ заалтыг огтхон ч сурталчилдаггүй. Иргэдэд таниулдаггүй.

Тиймээс танд таалагдах нэр дэвшигч байхгүй бол та сонгуулийн өдөр хоосон саналын хуудсаа өгөхөд л хангалттай. Аль нэгийг нь дугуйлалгүйгээр шүү дээ. Иргэд энэ заалтыг төдийлөн мэддэггүйгээс голдуу “арай дээр нь юм даа” гэх байдлаар ханддаг нь тэднийг төрийн “толгойд” гарах үндсэн нөхцөл болдог. 

Тэгвэл  Сонгуулийн тухай хуулийн 148.2-т “Нэр дэвшигчдийн хэн ч олонхийн санал аваагүйн улмаас анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцсон бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин сонгуулийг товлон зарлана” гэсэн заалт бий. Энэ хуулийн 13.2-т “Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй” гэж заасан. Тиймээс намууд нэр дэвшигчдээ дэвшүүлнэ гэсэн үг. Ингэснээр магадгүй таны хэлээд буй сонголтгүй сонгууль  сонголттой болох боломж бүрдэнэ.

Дахин санал хураалт болбол наадмаас өмнө л болно. Ийм л учраас та төр барих эрхээ эдэлж сонгуульд заавал оролцох нь чухал. Хэрвээ нэр дэвшигчид нийцэхгүй байгаа бол сонгуулиа өг. Өгөхдөө хоосон саналын хуудсаа өгч эсэргүүцлээ илэрхийл.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж