Улсын их баяр наадамд эхлэхэд 20 хоногийн хугацаа үлдлээ.
Энэ жилийн наадмын төсвийн 1,9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа. Мөн наадмын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, тасалбар хэвлэх зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс 330 сая төгрөг олохоор төлөвлөсөн байна. Наадмын төсвийн дийлэнхийг Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн арга хэмжээнд зарцуулдаг бөгөөд энэ жил 600 сая төгрөгийн төсвийг тусгажээ.
Наадмын бөхийн барилдааны тасалбарын борлуулалт Монголын үндэсний бөхийн холбоонд хамааралгүй буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохицуулдаг.
Наадам дөхсөн энэ үед нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбар сурагласан иргэд олон байна.
Энэ талаар тодруулахад, “Тасалбарыг урьдын адил Соёлын төв өргөөнд худалдана. Тасалбар ямар үнэтэй байх, хэзээ худалдаанд гаргахыг удахгүй мэдээлнэ” гэсэн хариуг албаныхан өгөв.
Өнгөрсөн жилийн наадмын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй байсан бөгөөд наадам болохоос хоёр хоногийн өмнө Соёлын төв өргөөний кассаар худалдаалсан. Энэ жил ч дээрх байдал давтагдах бололтой.
Ч.БОЛОР