Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор М.Чимэдцэеэтэй ярилцлаа.
-Хятад хэлний оноосон нэрийг монгол кирилл үсгээр галиглах журам боловсруулж гаргаж байгаа юм байна. Ер нь манай улсад хятад хэл судлаач, хятад хэлний орчуулагч хэр олон байдаг вэ?
-Хятад хэлнээс монгол хэлээр, ер нь аливаа хэлний орчуулга гэдэг тухайн хэлийг сурсан хүн бүрийн хийдэг ажил биш юм. Хятад хэлний орчуулагчдын тухайд хүлээн зөвшөөрөгдсөн орчуулагч гэвэл гарын арван хуруунд багтах болов уу. Орчуулга хийхэд юуны түрүүнд хэлний мэдлэг, тодорхой хэмжээний авьяас чадвар шаардахаас гадна хамгийн чухал зүйл бол хүсэл сонирхол, сэтгэл зүтгэл учраас хүн болгон орчуулга хийхгүй байна.
-Аливаа хэлнээс орчуулга хийхийн тулд тухайн улс орны онцлог, соёл, ахуйг сайтар мэддэг, мэдэрдэг байх ёстой юу?
-Тэр бол маш чухал. Хятадыг мэддэг, Хятадыг ойлгодог, судалдаг байж орчуулна. Бас нэгэн их чухал зүйл бол хятад хэлнээс гадна эх монгол хэлээ сайн мэддэг, монгол хэлээрээ уран яруу найруулан бичдэг чадвар чухал. Хятадаар хичнээн сайн ойлгодог байлаа ч эх хэлээ мэдэхгүй бол орчуулга хийж чадахгүй. Тиймээс гадаад хэл, эх хэл хоёроо эн тэнцүү сайтар мэдэж байж сая орчуулга хийнэ. Тийм ч учраас билгүүн номч Бямбын Ринчен академич “Эх хэл, гадаад хэл хоёрыг эн тэгш сурах хэрэгтэй. Эс мэдвээс элэг доог болохын зовлон буюу” гэж хэлсэн байдаг. Эх хэлээ маш сайн мэдэхгүйгээр орчуулах боломжгүй. Ойлгох, илэрхийлэх хоёр бол орчуулгын хоёр чухал тал нь юм. Гадаад хэлийг ойлгоод байгаа хэр нь эх хэлээрээ яруу сайхан илэрхийлэх чадваргүй бол жинхэнэ орчуулга болж чадахгүй.
-Хэлийг эх нутагт нь сурах нь илүү өгөөжтэй гэж хүмүүс ойлгодог. Та хятад хэлийг хаана сурсан бэ? Таны бүтээл туурвилын дунд Күнз, Сүнзийн сургаалиас эхлээд ур чадвар, авьяас, хичээл зүтгэл шаардсан бүтээл цөөнгүй байх юм?
-Би МУИС төгссөн Монгол Улсын бүтээгдэхүүн. Хятад орноор олонтаа явсан боловч тэнд тухайлан удаан хугацаагаар суралцаагүй. Миний хувьд Хятадын эртний сонгодог бүтээлүүдийг түлхүү орчуулдаг. Күнз, Сүнзийн сургаал, суртлын номууд болон Монголд төдийлөн орчуулагдаагүй бүтээлээс орчуулахыг эрмэлздэг. Хятадын зохиолчдын богино өгүүллэг, хүүхдийн зохиол, нийгэм, улс төрийн салбарын орчуулга гээд ер нь орчуулгын гол гол салбарт орчуулга хийж ирсэн байна. Нэээд хэдэн ном бүтээл гаргасан. Бас бичсэн судалгааны ном, дотоод гадаадын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл өгүүлэл, хэвлүүлсэн зүйл цөөнгүй байна.
-Маш их цаг зав, хүч хөдөлмөр, сэтгэл шингээсэн хөдөлмөрийн цаад мөн чанар нь орчуулсан ном, бүтээлээ хүмүүст хүргэх байдаг. Сүүлийн жилүүдэд хүмүүс ном унших нь нэмэгдлээ гэж ярих болжээ. Та санал нийлэх үү?
-Санал нийлж байна. Ном гэдэг аугаа зүйл учраас хэзээ ч хөсөр хаягдахгүй. Өнгөрсөн долгионт хэсэгхэн хугацаанд номын үнэ цэнэ хэсэг зуур буурсан байж магад. Гэвч сүүлийн жилүүдэд хүмүүс номонд дурлаж байна. Ялангуяа залуучууд ном их уншиж байгаа нь харагдаж байна. Номын дэлгүүр, номын сангууд хөл ихтэй болсон байна. Нөгөөтэйгүүр дэлхийн олон хэлнээс ном орчуулдаг болжээ. Зөвхөн англи, орос, хятад хэл биш дэлхийн олон хэлнээс орчуулж байгаа нь ном сонголт илүү баяжиж, орчуулгын бүтээл олширч байна. Орчуулга бүхэн өөр өөрийн өнгө төрхтэй, өөр өөрийн онцлогтой өөр өөр соёл байдаг болохоор сонголт арвин байх тусмаа уншигчдад илүү сонирхолтой, эрэлттэй байх нь мэдээж. Нөгөөтэйгүүр ямарваа нэгэн зохиол бүтээлийг тухайн эх хэлнээс нь орчуулах нь туйлын чухал юм.
-Хүн бүрийн орчуулга адилгүй боловч ерөнхийд нь тавьдаг шалгуур, шаардлага гэж байна биз?
-Монголын эрдэмтэн гүүш нар аль 1740-өөд онд тодорхойлсон орчуулгын үндсэн гурван жаяг зарчим, чиг баримжаа байна. Юуны өмнө орчуулга утга төгс байх ёстой. Утга төгс гэдэг нь тухайн эх зохиолд үнэнч хандах, эх зохиолыг нэмж, хасч, өөрөө зохиомжлон найруулж болохгүй гэсэн үг юм. Хоёрдугаарт, мэдэхүйяа хялбар байх ёстой. Ямар ч хүн уншихад ойлгомжтой, ухаж мэдэхүйеэ хялбар байх ёстой. Гуравдугаарт орчуулга яруу сайхан байх ёстой. Орчуулагч хүн монгол хэлнийхээ яруу сайхан найруулгын дээд эрдэм чадлыг илтгэн, “их чадалт сэтгэлийг хөдөлгөн чадах үгсээр” орчуулах ёстой гэсэн үг юм. Ямар ч орчуулгад энэ гурван жаяг зарчим илэрч тодорч байх ёстой гэж үздэг. Дашрамд дурдахад одоо дэлхий дээр баримталж байгаа орчуулгын онолын гол гол зарчмуудыг манай эрдэмтэн мэргэд аль1740-өөд онд зааж тодорхойлчихсон байдаг юм шүү дээ.
-Сүүлийн үед хүүхэд залуучууд хятад хэлийг түлхүү судалж, суралцаж байна. Сургуулиудын сургалтын чанар ямар байдаг бол. Багш хүний хувьд ямар үнэлгээ өгөх бол?
-Дэлхийн таван хүн тутмын нэг нь хятад хэлээр ярьдаг гэсэн судалгаа бий. Бас одоо хятад хэлтэй хүн дэлхийн аль ч өнцөг буланд очсон хэл нэвтрэх боломжтой болсон гэж үздэг. Монгол хүн хятад хэл бичигт суралцахын хамгийн чухал хүчин зүйл бол БНХАУ манай улсын мөнхийн хөрш орон. Айл хөрш хоёр орны хэл, өөрөөр хэлбэл орос, хятад хоёр хэл, дээр нь англи хэл сурчихвал, дэлхийн хүн боллоо л гэсэн үг гэж би шавь нартаа хэлдэг.
Хятад хэл заадаг сургуулиуд улам олширч, хүүхэд залуус сурч, судлах нь нэмэгдэж байна. Сургалтын чанарын хувьд сайнтай, муутай аль алин нь бий байх.
Ер нь сүүлийн жилүүдэд дэлхий даяар хятад хэлний “халуурал” болж байгаа гэхэд хилсдэхгүй. Дэлхий даяар өрнөж буй энэхүү их давалгааг Хятад улсаас дэмжиж, сурталчилж, бодлого явуулж байна. Манай улс энэхүү давалгаанаас ангид тусгаар байх ямар ч боломжгүй. Хана хэрэм босгоод хааж бооно гэвэл тэр бүтэхгүй.
Ер нь аливаа нэг гадаад хэлийг хэдийчинээ сайн сураад тухайн хэлтэн үндэстэн угсаатан, улс орныг хэдийчинээ сайн судалж мэдэж байваас үндэстний дархлаа улам нэмэгдэнэ. Манай зарим эрдэмтэн судлаач “Монголчууд гадаад хэлийг ихээр үзсэнээс сэтгэлгээ эвдэрч, өрнө, дорнын соёлд ихээр нэрвэгдэж байна” гэж ярьж бичиж байгаа нь нэг талаар үнэний хувьтай боловч, нөгөө талаар эдүгээгийн даяаршлын эрин үед үүнээс өөрөөр байх боломж бас байхгүй. Тийм учраас хэл, соёлын ухаалаг, зөв бодлого явуулж, түгээмэл гадаад хэлийг сайтар эзэмшүүлэхийн зэрэгцээ эх монгол хэлээрээ зөв сайхан ярьж, яруу сайхан найруулан бичиж чаддаг, бас буруу зөвийг харьцуулан ялгаж салгаж чаддаг жинхэнэ монгол сэтгэлгээг төлөвшүүлж чадваас миний хэлээд байгаа дархлаа буй болох юм.
-Хүмүүс болохоор хүүхэд болгоноо гадаад хэлтэй болгох нь буруу гэж үздэг?
-Өрөөсгөл ойлголт. Хүүхдийг хэтэрхий багаас нь гадаад хэл үзүүлж, сургах нь сайн биш гэдэг нь ойлгомжтой. Харин өсөж том болж, сэтгэлгээ нь төлөвшиж ирсэн үеэс гадаад хэлэнд сайтар мэргэших ёстой. Тэгэж байж л дэлхийд гарна шүү дээ. Гадаад хэлээр зүгээр нэг ойр зуурхан ярьдаг биш, уншиж, ойлгож, орчуулж, бичиж найруулж чаддаг тийм түвшинд сурах ёстой гэж боддог.
-Хятад хэл сурахад хамгийн хэцүү хэл юм уу гэж бодогддог. Ханз үсэг, адил төстэй дүрс, ая дангаас эхлээд их л ярвигтай хэл юм шиг санагддаг?
-Хятад хэл бичиг 5000 жилийн түүхтэй дүрс бичиг бүхий хэл юм. Дүрс бичиг бол авианы бичгээс өөр. Нэг үгийг нэг ханз үсэг, дүрсээр илэрхийлдэг гэхээр маш олон ханз үсэг цээжлэх шаардлагатай болно. Тиймээс хятад хэлийг сурахын тулд ханз үсгийг нүдэлж таньж, бичиж, уншиж, орчуулж сурах гэхчилэн олон бэрхшээл бий. Нөгөөтэйгүүр хятад хэлийг хөгжмийн хэл гэж нэрлэдэг. Дөрвөн үндсэн хөг байна. Дээр нь нутаг нутгийн хэдэн том аялга нэмэгдэхээр суралцахад бэрхшээлтэй зүйлс их бий. Нутгийн аялгуу өөр өөр учраас Бээжингийн хүн Шанхайд очоод нутгийн аялгууг нь огт ойлгохгүй байх нь түгээмэл.
-Монголчууд монголоороо үлдэхийн тулд, хөрш орнуудынхаа төрийн бодлогыг мэдэхийн тулд хэлийг нь нарийн судлах ёстой юм байна гэж ойлголоо. Зөв үү?
-Хоёр зүйл их чухал. Нэгдүгээрт, хөрш орны хэлийг сайтар сурах, соёлыг нь сайтар судлах нь чухал. Өндөр дээд түвшний мэргэшсэн хэлний мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, судлаач нарыг бодлогоор бэлтгэх ёстой. Хоёрдугаарт маш сайн судалгаа байх ёстой. Судалгаа сайн байж, тухайн улсын төрийн бодлого, алс хэтийн зорилго, чиглэлийг илүү сайн таних болно. Өнөөгийн манай нийгэмд хамгийн үгүйлэгдэж буй зүйл бол чанартай судалгаа. Бас судлаач мэргэжилтнийхээ хүчийг муу ашигладаг. Аль ч улсын төрийн тэргүүний дотоод гадаадад, томоохон хурал чуулган дээр хэлсэн үг, тавьсан илтгэл зэрэг нь тухайн улсын төрийн бодлогын илэрхийлэл байдаг. Хятад улсын төрийн тэргүүн Ши Жиньпин он гарсаар хоёр ч удаа их чухал үг хэллээ. Гэтэл тэр үгийг манай улс хэрхэн хүлээн авсан нь тодорхойгүй. Энэ оны нэгдүгээр сард Швейцарийн Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Хятад улсын төрийн тэргүүн анх удаа оролцож, дэлхий дахины эдийн засгийн бодлого, дэлхийн эдийн засгийг хэрхэн засан тохинуулах асуудлаар ихээхэн дэлгэрэнгүй үг хэлсэн бол энэ зургаадугаар сард Бээжинд болсон “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын нээлтийн ёслол дээр “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтын түүхэн замнал, учир холбогдол, ирээдүй хэтийн төлөв, цаашид хэрэгжүүлэх олон улсын өргөн хүрээтэй хэрэгжүүлэх хамтын ажиллагаа, Хятад улсын төрийн бодлого зэргийг багтаасан томоохон илтгэл тавьсан.
Манай зарим хэвлэл, ганц нэг судлаач дээр өгүүлсэн үг, илтгэлийг орос, англи зэрэг хэлнээс хэсэг бусаг авч эшилсэн, тэнд тэндээс нь тасдан авч дурдсан зэрэг байх боловч, бүрэн биш, тэгээд бас орчуулга найруулга нь болхи толхи, буруу зөрүү зүйл их байх юм. Иймэрхүү чухал мэдээллийг бид эх хэлнээс нь, бодит эх сурвалжаас нь үнэн зөв орчуулж олны хүртээл болгох нь чухал ач холбогдолтой. Тийм бодол сэтгэлээр дээр дурдсан хоёр чухал үг илтгэлийг би хятад хэлнээс нь хасаж таналгүй, бүрэн эхээр нь орчуулж, танилцуулсан. Олон хүн надад сайхан сэтгэлийн халуун дулаан үг хэлсэн шүү. Ингэж хүч хөдөлмөр зарж орчуулж танилцуулах нь бодлого судалдаг, тодорхойлдог, төлөвлөдөг, хэрэгжүүлдэг хүмүүсээс гадна бас нийгэм улс төрийн орчуулга хийдэг хүмүүст тустай гэж боддог.
-“Нэг бүс, нэг зам”-ын гол онцлогийг манай уншигчдад танилцуулбал?
-“Нэг бүс, нэг зам” бол Хятад улсын төрийн тэргүүний дэвшүүлсэн стратегийн том үзэл баримтлал, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны цоо шинэ хэв загвар юм. Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны асар өргөн уудам энэхүү бүс, зам орон зай нь Хятад улсаас эх авч, бүс нутгуудыг хамран Европ хүрэх их бүтээн байгуулалт бөгөөд Хятад улсын төрийн тэргүүний хэлснээр “Дан ганц Хятад улсын гоцлол биш зам дагуух бүх орнуудын их найрал байна” тодорхойлж байна. “Нэг бүс, нэг зам”-ыг “энх тайвны зам, хөгжил цэцэглэлийн зам, нээлттэй зам, инновацийн зам, соёл иргэншлийн зам” болгон бүтээн байгуулах ёстой гэдгийг Хятадын төрийн тэргүүн онцолж байна.
Энэ дашрамд хэлэхэд манай орчуулгын салбарт гарч буй дутагдал доголдлын нэг нь албан мэдээ мэдээлэл, баримт бичгийг орчуулахдаа товчлох нэрээр хасаж танадаг явдал түгээмэл байдаг. Бас манай албан ёсны орчуулагч, хэлмэрч нар төр засгийн өндөр дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээ дээр орчуулга хийхдээ орхих гээх, товчлох, заримыг нь орчуулалгүй хаях зэрэг байдал түгээмэл ажиглагддаг. Энэ бол асар хортой. Тийм учраас энэ салбарын мэргэжилтнүүдийг сайтар мэргэшүүлэх, сургах нь нэн чухал гэж бодож байна.
-Хятад, Монгол хоёр орны харилцааны тухайд та юү хэлэх вэ. Хүүхэд багачууд хэлийг нь судалж, хүмүүс харилцан визгүй зорчиж байгаа гэхчилэн эерэг сайн үзүүлэлт олон байгаа ч монгол хүний цусанд шингэсэн үзэл байдаг. Энэ талаар таны бодлыг сонсоё?
-Хятад судлаач, орчуулагч хүний хувьд хэлэхэд манайд хий хоосон хардалт их байхын зэрэгцээ мэдээлэл, судалгаа муу байна. Түүний сацуу сөрөг мэдээллийг зориудаар цацдаг хүмүүс цөөнгүй бий. Дэлхий ертөнц даяаршиж буй энэ цаг үед Монгол Улсын гадаад харилцаа асар өргөн хүрээтэй болж өргөжин тэлж байна. Ийм үед нэг улс өөр нэгэн бүрэн эрхт, тусгаар тогтносон улсыг эзлэх, уусгах гэдэг бүтэшгүй зүйл. БНХАУ-ын хөрш орнуудтай харилцах гадаад бодлогын үндсэн чиг шугамыг “сайн хөрш байх, сайн түнш байх, сайн хөрш, баян хөрш, амгалан хөрш” байх гэж тодорхойлсон байдаг юм. Хөрш орнуудтай харилцах үзэл баримтлалыг “ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хамтдаа хожих, уужуу хүртээмжтэй” байх гэж тодорхойлсон байна.
XXI зууны иргэд бид хий хоосон хардалт, худал цуу яриа, оршиж буй сайн, мууг зөв ялгаж салгаж, урагшаа харж, алс хэтийг бодож амьдрах ёстой л гэж хэлмээр байна. Монгол Хятад хоёр улсын харилцаанд ахуйн түвшинд, эдийн засгийн харилцааны түвшинд зөрчил оршсоор бий. Тэр болгоныг төрийн бодлого гэж ойлгож болохгүй. Хувь хүмүүсийн хууль зөрчсөн зохисгүй үйлдлээс олон зөрчил үүсдэг. Хятад хүмүүс Монголд олноор орж ирж барилга барьж, зам тавьж байгаа, тэр хэмжээгээр хууль дүрэм их зөрчдөг” тухай яриа их байдаг. Монгол Улс бол тусгаар тогтносон, хуультай дүрэмтэй, хилтэй, гаальтай орон. Ямар ч хятад хүн өөрөө галт тэргээр гарч ирээд ажил эрээд олоод хийгээд Монголд суугаад байх боломж байхгүй шүү дээ. Монголын эрх бүхий байгууллага, эрх бүхий хүмүүс өөрсдөө хууль дүрмээ чанд баримталдаг, хатуу хэрэгжүүлдэг байвал ийм зөрчил гарахгүй. Хятад хэлний “Үзүүр түрүү, үндэс ёзоорыг нь хамтад нь засах” гэсэн хэллэг байдаг юм. Шалтгаан, үрийг нь аль алиныг нь засна гэсэн утгатай үг юм л даа.
-Хятад маш эрчимтэй хөгжиж буй улс. Эдийн засгийн хувьд өдрөөс өдөрт өсөн дэвжиж буй эдийн засгийн хөгжлөөс нь хуваалцах боломж бидэнд байна уу?
-Гадаадын зарим судлаачид энд тэнд тааралдахдаа “Танай монголчууд бол туйлын азтай хүмүүс. Дэлхийн бодлого тодорхойлдог хоёр том гүрний дунд оршино гэдэг том аз завшаан. Үүнийг танай улс зөв ашиглах ёстой” гэж хэлдэг юм. Энэ бол үнэн. Тэнгэр бурханаас бидэнд оноосон хувь тавилан юм. Үүнийг энгийн иргэдээс эхлээд төрийн өндөр дээд төвшиндөө хүртэл бид зөв ойлгож, сайтар судалж, зөв бодлого явуулж, хоёр хөршийг “зөв ашиглах” ёстой юм л даа. Хятадын төрийн бодлогод Күнзийн сургаал, соёл, сэтгэлгээ гүн гүнзгий шингэсэн байдаг. Бидний дээр өгүүлсэн “Нэг бүс, нэг зам” хэмээх стратегийн хөгжлийн бодлого, үзэл баримтлал гэхэд Күнзийн “Өөрийн биеийг тэтгэн босгосугай хэмээвээс өөр бусдыг тэтгэюү, өөрийн биеийг нэвтэрхий болгосугай хэмээвээс өөр бусдыг нэвтэрхий болгоюу” гэсэн сургаалаас эх үүдэлтэй гэж үздэг. “Нэг бүс, нэг зам” дагуу орших 65 улсын 4,4 тэрбум хүн ам дэлхийн хүн амын 63 хувийг эзэлж байна. “Нэг бүс, нэг зам” бол урт хугацааны стратегийн зорилт бөгөөд дэлхийн улс орнуудын хооронд хоёр том цогц нэгдэл” бүрэлдэн тогтох бөгөөд энэ нь “харилцан ашигтай хамтдаа хожиход” чиглэсэн “нийтлэг эрх ашгийн цогц нэгдэл”, хамтдаа хөгжиж мандан бадрахад” чиглэсэн “нийтлэг хувь заяаны цогц нэгдэл” гэж тодорхойлсон байдаг. Монгол улс бол “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтад оролцогч хамгийн чухал орнуудын нэг юм.