Монголчуудын дотоод ертөнц, ахуй амьдрал, хүний мөн чанарын илэрхийлэл болсон бий биелгээ бүжгийг өвөг дээдэс маань туйлаас хайрлаж, түүндээ оршихуйн ухааныг бэлгэдлийн инад чинадын хэлбэрээр шингээж үе дамжуулан уламжлуулж ирсэн түүхтэй. Төр засаг маань энэ язгуур урлагийн төрлийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах үүднээс “Монголын уламжлалт бүжиг-бий биелгээ”-г Монгол Улсын болон ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлж хадгалж хамгаалах дотоод, гадаад орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа билээ. Монгол Улсын баруун хязгаар Ховд нутгийн Засаг даргын тамгын газар санаачлага гаргаж “Улсын Бий Биелгээний анхдугаар наадам-2017” соёл, урлагийн цогц ажлыг энэ оны долоо дуугаар сарын эхний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж бэлтгэл, зохион байгуулалтын ажлаа эхлүүлсэн байна.
Наадмын зохион байгуулах хороо бий биелгээ бүжгийн үүсэл хөгжил,төрөл, уламжлуулах арга барил, сургалт, бүжиг “нот”-олсон эх сурвалжуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлж тайлбарлах зорилгоор “Баруун монголын бий биелгээ” Эрдэм шинжилгээний бага хурлыг зарлалаа.
Эх сурвалж: соёл урлагийн газар