Элчин сайд Т.Лхагвадорж хариу жиргэв

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Элчин сайд Т.Лхагвадорж хариу жиргэв

Америкийн алдарт жүжигчин, продюсер Уилл Смитийн охин Уиллоу Смит хүний наймаатай тэмцэх үйл ажиллагаа явуулдаг байгууллагад элссэн байна.

“Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Х.Баттулга нь уул уурхайн 39 лиценз, мөн 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө, 240 мянган га газар эзэмшиж байна. Үүнээс бизнес нь сайн явж байгаа компанийг төрсөн эгчийнх нь хүргэн Т.Лхагвадорж оффшор бүсэд бүртгүүлдэг” гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Д.Гантулга өчигдөр /2017.06.19/ хийсэн юм. 

Энэ мэдээлэлтэй холбогдуулж, Монгол Улсаас Сингапур улсад суух Элчин сайд Т.Лхагвадорж твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. 

УИХ-ын гишүүн Д.Гантулга сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ Төрийн ордныг сонгосон нь, мөн төрийн хариуцлагатай, дипломат алба хашиж байгаа Элчин сайд хүн олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлэх нь буруу гэж үзэх хүмүүс байна. 

УИХ-аас 2015 онд Т.Лхагвадоржийг Монгол Улсаас Сингапур улсад суух Элчин сайдаар томилж байсан юм. Түүнийг Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Х.Баттулгын төрсөн эгчийн хүргэн гэж УИХ-ын гишүүн Д.Гантулга дээрх мэдээллийг хийх үеэрээ тодотгосон. 

Харин Элчин сайд Т.Лхагвадорж УИХ-ын гишүүн Д.Гантулгын хийсэн энэхүү мэдэгдэлд хариу болгож, дараах тайлбарыг хийжээ. 

Тэрбээр,

“УИХ-ын гишүүн Д.Гантулга таны мэдээллийг хэвлэлээс үзлээ. Лхагвадорж миний бие уул уурхай баяжуулагч, металлургын инженер гэсэн гурван мэргэжлээр хуучин ЗХУ, дараа нь АНУ-д сургуулиуд төгссөн. Ажлын гараагаа “Эрдэнэт” үйлдвэрээс эхэлсний дээр “Монголросцветмэт”, “Энержи ресурс” зэрэг улсын болон хувийн компаниудад албан тушаал хашиж, Тавантолгой, Асгат, Ухаа худаг гэх мэт томоохон төслүүдтэй хувь заяагаа холбож ажиллаж байсан. 

2009 оноос би Австрали партнеруудын хамт компани байгуулж, Австралийн хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгон Монголын уул уурхай, хайгуулын салбарт хувь нэмэр оруулах ажилд 2015 он хүртэл хүчин зүтгэсэн юм. 

Олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас болж, зарим жилүүдэд ашигтай ажилласан алдагдал хүлээсэн олон сургамж бий. 

Австралийн олон нийтэд хувьцаа нь нээлттэй зарагддаг компаниудын мэдээлэл ил тод байдгаараа хувийн болон оффшор компаниудаас эрс ялгаатай, хараа хяналт маш өндөр гэдгийг бизнесийн ертөнцийнхөн болон хөрөнгө оруулагч нар сайн мэддэг. 

Хэрвээ миний мэдлэг оюунаа зарцуулж, нөхдийнхөө болон ажилтнуудынхаа шударга хөдөлмөрөөр бүтээсэн компаниуд болон хайгуулын болоод уул уурхайн төслүүдийн хувь заяаг улс төрийн зорилгоор ашиглахаар шийдсэн бол тун их харамсаж байгаагаа илэрхийлье. 

Монголын засаг төрөөс олон улсын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах таатай орчин бүрдүүлэхээр бүх түвшинд чармайн ажиллаж байгаа ийм үед бүтээсэн зүйлийг маань өөр хүний нэр дээр шилжүүлэн ойлгуулах оролдлого гарч байгаа нь уул уурхайн болоод бусад бизнес эрхлэгч нарт Монгол Улсад хөрөнгө оруулах талаар судалгаа хийж байгаа болон оруулахад бэлдэж байгаа олон байгууллагуудын хувьд цочирдмоор алхам болж харагдаж байна гэж би итгэж байна.

Миний хувьд хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, оффшор бүс компаниудын хувьцаа эзэмшлийн тоо хэмжээ хөрөнгө орлогын мэдүүлэг дээр бүрэн дурдсан байгаагийн дээр өөрийн хөдөлмөрөөр эзэмшсэн хөрөнгөө бусдын нэр дээр шилжүүлэх, эсвэл бусдын хөрөнгийг өөрийн нэр дээр эзэмших оролдлого байгаагүй, байх ч ёсгүй гэдгийг цохон тэмдэглэе” гэжээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж