Цементийн үнийг ченжүүд хөөрөгдсөн гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Цементийн үнийг ченжүүд хөөрөгдсөн гэв

МҮОНТ-ийн уран бүтээлчид ээлжит шинэ уран бүтээлддээ хэдийнээ оржээ. Тэд энэ удаад Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийнхөнтэй хамтран “Огцом эргэлт” олон ангит киног бүтээж байгаа юм.

-Цементийн үнэ тонн тутамдаа 80 мянгаар нэмэгджээ-

Нэг тонн цементийн үнэ 240 мянган төгрөг хүрч, бүтээн байгуулалт нь ид өрнөж буй үед барилгын компаниудад дарамт болж эхэллээ. Гэхдээ цемент үйлдвэрлэгчдийн үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд ченжүүд эрэлтийг дагуулж энэхүү үнийн өсөлтийг бий болгосон гэж холбогдох яамны зүгээс үзэж байна. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд нэг тонн цементийн үнэ барилгын материалын захуудад 80 орчим мянган төгрөгөөр нэмэгджээ. Үнэ нэмэгдэж, нийлүүлэлт багасхад “Хөтөл”, “Монцемент”, “Мөнхийн баян гал” зэрэг үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа нөлөөлсөн байна. Өнөөдрөөс цементийн нийлүүлэлт жигдэрч байгаа учраас үнийн хувьд тогтвортой болох боломж бүрдэнэ гэлээ.
Дулааны улиралд бүтээн байгуулалт, барилгынхан гол ажлаа нугалдаг. Ийм үед цементийн үнэ тонн тутамдаа нэмэгдсэн шалтгаан нь цементийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн нийлүүлэлт, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой байсныг Барилга хот байгуулалтын яамны газрын дарга Д.Занабазар тайлбарлав. 

Тэрбээр “Хоногт 2000 тонн цемент үйлдвэрлэдэг “Хөтөл”-ийн үйлдвэр цахилгааны хязгаарлалтад өртөж, үйлдвэрлэл нь 2-3 хоног зогссон. Мөн 700-800 тонн цемент үйлдвэрлэдэг “Монцемент” компани өнгөрсөн долоо хоногт Оюутолгой компани руу шууд бүтээгдэхүүнээ нийлүүлж таарсан. Хятадын хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян гал” компанийн тухайд “Хөшиг”-ийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал руу зам тавихад зориулсан цемент нийлүүлж, зах зээлд нийлүүлдэг хэрэглээний цементээ түр зогсоосон байсан. Гэхдээ цементийн нийлүүлэлт өнөөдрөөс хэвийн болж, үнэ нь тонн тутамдаа бууж, 180 мянган төгрөг боллоо. Нийлүүлэлтийн хомсдолоос үүссэн цементийн үнийн хөөргөдөл ойрын хугацаанд буурч, 170 орчим мянгад хүрэх таамаг ажиглагдсан. Дээрх гурван компани Улаанбаатарт хоногт 4000 тонн цемент нийлүүлдэг’ хэмээн ярилаа.

Гэхдээ цаашид үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн нийлүүлэлтээс үүдэлтэй цементийн үнэ нэмэгдэхгүй гэсэн баталгаа алга. Мөн үйлдвэрүүдэд цементээ нөөцлөх зориулалтын агуулах байдаггүй нь ченжүүд үндэсний үйлдвэрүүдээс цементээ үйлдвэрийн үнээр бөөндөж аваад, компаниудад дамлан зарах байдлыг нэмэгдүүлдэг байна. Ингэсэн тохиолдолд ченжүүдийн үнийг салбарын яам болоод хяналтын байгууллагууд хянаж, барих боломжгүй аж. 

Монгол Улс 2013-2014 онд буюу хамгийн их бүтээн байгуулалттай байсан тухайн жилд 2.2 сая тонн цемент хэрэглэжээ. Эндээс дунджаар нэг жилд 1.5 сая тонн цемент дотоодын хэрэгцээнд шаардлагатай гэж салбар яам нь тооцсон байна.

Цементийн үйлдвэрийг эх орондоо байгуулж, дотоодынхоо цементийн хэрэгцээг хангах зорилготой үйлдвэрүүд шинээр баригдаж, ашиглалтад орсон. Дотоодын дөрвөн үйлдвэр нийлээд гурван сая тонн цементийг нэг жил үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Тиймээс Засгийн газар үндэсний үйлдвэрүүдээ дэмжин, 2015 оны наймдугаар сард тогтоол гаргаж, импортын цементийн тонн тутамд ноогдуулах татварыг 20 хувиар нэмсэн билээ. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж