БНАСАУ-д ял эдэлж байгаад өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт суллагдан, эх орондоо ирсэн 23 настай америк оюутан Отто Уормбир өнгөрсөн шөнө амьсгал хураасан байна. Түүнийг амьсгал хураасан гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Отто Уормбирийг АНУ-ын цэргийн онгоцоор төрсөн хот Цинциннатид авчирсан бөгөөд Отто нь комийн байдалд байсан юм. Ирсэн даруйд нь түүнийг эмнэлэгт хүргэн, эмчилж байсан.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүний үхлийг сонсоод “Хойд Солонгосын дэглэмийн харгислал” хэмээн хэлжээ. “Гэмгүй хүмүүсийг ийм эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэх нь манай засаг захиргааны гол зорилго гэсэн бодлыг минь Отто Уормбирийн үхэл улам баталгаажууллаа” хэмээн Трамп хэлжээ.
Отто Уормбир 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд жуулчдын группт багтан Бээжингээр дамжин Пхеньянд очсон юм. Аялал дуусах өдөр түүнийг зочид буудлын ханан дээрээс ухуулга хуудас урж авсан хэмээн баривчилсан юм.
Энэ талаар Хойд Солонгосын албан мэдээнд “аялагч дайсагнасан үйлдэл” гаргасан хэмээн мэдээлсэн. Түүнийг шүүх хурал 2016 оны гуравдугаар сард болж 15 жил хөдөлмөрийн лагерьт ажиллуулах шийтгэл ногдуулсан юм.
Энэ оны хоёрдугаар сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр Уормбир зочид буудлын хананд өлгөөтэй байсан ухуулгын хуудсыг хуулж хаяснаа хүлээн зөвшөөрч энэ үйлдэл нь Хойд Солонгосын ард түмэнд хохирол учруулах зорилготой байсан хэмээн мэдэгдсэн. Мөн ухуулгын хуудсыг өөрийн мөргөл үйлддэг сүмийнхний хүсэлтээр хуулж авсан, ийм ухуулах хуудас авчирбал 10 мянган ам.долларын үнэтэй хэрэглэж байсан машинаар солихоор тохирсон гэж энэ мэдээллийнхээ үеэр Уормбир бас хэлжээ.
Иймэрхүү хэвлэлийн бага хурлыг Хойд Солонгос тогтмол хийж, саатуулагдсан гадаадын иргэд тус улсын эсрэг гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрдөг ч энэ нь үнэн сэтгэлээсээ эсэхэд нь олон хүн эргэлздэг.
Цинциннати хотын эмч нар талийгаач Оттод ил харагдах бие эрхтний гэмтэл байхгүй тархи, сэтгэцийн гэмтэлтэй байх магадлалтай гэж байсан юм.
А.ТУЛГА