Сонгуулийн хууль ба 18 хоног

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль ба 18 хоног

Нэрт хөрвүүлэгч Го.Акимийн “Тэнгэрийн нохой” ном, “Чонон сүлд” номыг анхлан хэвлүүлсэн Хятадын Чанг Жианг хотын соёл урлагийн хэвлэлийн компанид хэвлэгдэн өнөөдрөөс эхлэн бүх хятад даяар худалдаанд гарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 18 хоногт багтаан 21 аймагтаа хүрч ажиллахын тулд нисдэг тэрэг хөлөглөж, замаа товчлов. Нисдэг тэрэг хөлөглөснийг нь буруутгах аргагүй. Хуулиар заасан хугацаандаа амжиж, сонгогчдодоо хүрч ажиллах боломж нь ийм хойно өөр яалтай. Өөрөөр хэлбэл, нисдэг тэрэг хөлөглөх нь нэр дэвшигчийн буруутай үйлдэл гэхээс илүүтэй Сонгуулийн нэгдсэн хуулийг засах шаардлагатайн нэг нотолгоо болов уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль бол улсаа төлөөлөх төрийн тэргүүнийг сонгох сонгууль, 76 тойргоос УИХ-ын гишүүнийг сонгохтой адилтгах зүйл биш. 

Гэвч УИХ-аас 2015 онд баталсан Сонгуулийн нэгдсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийх хоногийг УИХ-ын сонгуулийн нэгэн адил 18 хоног байхаар заасан нь эцсийн дүндээ сонгогчидтойгоо уулзах боломжийг нь хязгаарласныг өнөөдөр болж буй үйл явдал харуулж байна. 

Нэр дэвшигч бүх аймагтаа хүрч ажиллах ёстой. Бололцоо нь байвал сумдад ч ажиллах шаардлага бий. Гэвч энэ богино хугацаанд суманд хүрч ажилласан нэр дэвшигч байсангүй. Сонгогчид нь сураг төдий мэдээлэлтэй л сууна. Хэн нь ямар бодлого дэвшүүлж байгаа, хэнийх нь мөрийн хөтөлбөр илүү амьдралтай, хэрэгжих бололцоотой вэ гэдгээс эхлээд нүүр тулаад яриа өрнүүлэх боломж алга. Харанхуй сонгууль гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй л болов уу. 

Хаа очиж, нэр дэвшигчид нь өнгөрсөн хугацаанд олон нийтэд танигдсан тулдаа л гурван намаас нэр дэвшигчийг сонгогчид нь зүс ялгахтайгаа байна. 

Ер нь дэлхий дахинд төрийн тэргүүнд нэр дэвшигчдэдээ 18 хоногт ард түмэнтэйгээ уулзаад ир гэдэг шаардлага тавьдаг улс Монголоос өөр байдаг болов уу. Зарим улс орон нам дотроосоо Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахад бүтэн хоёр сарыг зарцуулж, сунгаа зохион байгуулдаг байхад Монголын улс төрийн намууд нэгхэн өдөр хуралдаад л нэр дэвшигчээ тодруулах жишээний. 

Дээр нь Сонгуулийн хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэр дэвшигчидтэй холбоотой мэргэжлийн бүтээл гарган, уншигчдадаа хүргэх боломж нь хязгаарлагдмал, “но”-той, ноцтой мэдээллийг нь гаргаж тавьсныхаа төлөө 20 сая төгрөгийн торгуульд унах, эс бөгөөс тусгай зөвшөөрлөө цуцлуулах хүртэл шийтгэл авахаар байгаа нь Сонгуулийн нэгдсэн хуулийн энэхүү заалтыг өөрчлөх шаардлагатайн нэг нотолгоо болов уу. 

Буух эзэн, буцах хаягтай хэвлэл мэдээллийн хэрэгслийг сошиалаас нь ялгаж, авч үзэхгүй бол нүүрээ нуусан хуурамч хаяг, нөгөөтэйгүүр сонгуулийн штабаас бэлтгэн цацаж байгаа хар PR нэр дэвшигчээ гутаан доромжилж байгаагаас бус бодлогын давуу талуудаа үзүүлж чадсангүйгээр 18 хоногтой тулах боллоо, харамсалтай. 

Сошиал бол сошиал. Түүний ард байгаа хувь хүн бол хувь хүн. Хэчнээн олон хувь хүн, олон мянган дагагчидтай жиргээч, фэйсбүүкчид сонгуулиар хэрхэн өөрчлөгдөж, өнгөө хувиргаж байгааг бүгд харлаа. Эцсийн дүндээ Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгууль болохоос аль нэг студийн чадал чансаа, хар PR-аар уралдах талбар биш шүү дээ. 

Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгогчидтойгоо нүүр тулан уулзаж, бодлогоо ярих боломжийг олгохын тулд сурталчилгааны хоногийг 22 болгож, сонгогчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, үнэн бодитой мэдээллийг авдаг тогтолцоог хуулиар бий болгох нь чухал байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж