Зах зээлээ чөлөөлөх цаг нь иржээ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Зах зээлээ чөлөөлөх цаг нь иржээ

Мисс Т.Ундармаа шивээс хийлгэжээ

Зүүн Өмнөд Азийн “CAPA” агаарын тээврийн стратегийн судалгааны төвийн ахлах шинжээч Брэндан Соби Монгол дахь агаарын тээврийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, чиг хандлагын тухай судалгаа хийжээ. Энэхүү судалгааны дүгнэлтийг “Asia Nikkei” сайт нийтэлснийг орчуулан хүргэж байна. 


Монгол Улс ирэх жил олон улсын шинэ нисэх онгоцны буудлаа хүлээн авна. “Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг”-ийн хөрөнгө оруулалттай 580 сая ам.долларын өртөг бүхий энэхүү төсөл нь 3.1 сая хүн амтай, ДНБ нь 12 тэрбум ам.долларт хүрдэг улсын хувьд асар том хөрөнгө оруулалт юм. 

Гэтэл Монгол Улсын Засгийн газар агаарын тээврийн зах зээлээ чөлөөтэй болгоогүйгээс гадна төрийн өмчит “МИАТ” компани өрсөлдөгч болох “Air Astana” болон “Turkish Airlines” компаниудтай хэлэлцээ хийхээс татгалзаж байна. Үүний улмаас агаарын тээврийн хөдөлгөөний зогсонги байдал цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд шинэ нисэх онгоцны буудлыг ашиггүй хөрөнгө оруулалт болгох аюултай юм. 

Өнгөрсөн жил Улаанбаатар хотын “Чингис хаан” нисэх онгоцны буудал нэг сая хүрэхгүй зорчигчдод үйлчилжээ. Харин нийслэлээс 50 километрын зайд орших шинэ нисэх онгоцны буудал эхний ээлжинд жилдээ гурван сая зорчигчид үйлчлэх хүчин чадалтай бөгөөд байгууламжийн барилгын ажил бүрэн дууссаны дараа 12 сая зорчигч хүлээн авах чадалтай болох юм. 

Монголын агаарын тээврийн зах зээл хөгжих асар их боломж байна. Гэвч Засгийн газраас хэрэгжүүлж буй одоогийн бодлого түүнийг далавчаа дэлгэн, чөлөөтэй нисэхэд саад болж байгаа юм. 

2012 оноос хойш жилд дунджаар 800 мянган зорчигчид олон улсын агаарын тээврийн хөдөлгөөнд тогтмол оролцжээ. Гэсэн хэдий ч эрх баригчид Казахстаны “Air Astana”-г Улаанбаатар руу шууд нислэг эхлүүлэх болон “Turkish Airlines”-ыг Истанбулаас шууд нислэг үйлдэх үйлчилгээг өргөжүүлэхийн тулд хүчин чадлаа нэмэгдүүлэхийг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзав.

Өнөөдрийн байдлаар, Туркийн агаарын тээвэр хоёр улсын хооронд хийгдсэн агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу долоо хоногт ердөө 500 суудлаар хязгаарлагдаж байна. Иймээс тэд Монгол хүртлэх агаарын тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг хүсч байгаа аж. Ингэхдээ Истанбулаас Улаанбаатар хүртэлх шууд нислэгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхийн сацуу Киргизстаны Бишкекээр гурван долоо хоногт нэг удаа дамжин өнгөрөх нислэгээ хадгалах төлөвлөгөөтэй байгаа юм. Гэхдээ “МИАТ” тэдний төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа. Учир нь Улаанбаатараас Истанбул хүртэлх шууд нислэг МИАТ-ийн Европ дахь бизнест, тэр дундаа Монголын аялал жуучлалын салбар төдийгүй монголчуудын хувьд ихэвчлэн зорьдог Герман зэрэг баруун Европын зах зээлд сөрөг нөлөөтэй гэж харж байгаа ажээ.

Мөн МИАТ “Air Astana” авиа компанийн төлөвлөсөн нислэгийг хэд хэдэн удаа эсэргүүцсэн. “Air Astana” 2016 оны хоёрдугаар сард Астанагаас Улаанбаатарын чиглэлд гурван долоо хоногийн нислэгийг төлөвлөж, тасалбараа борлуулж эхэлсэн байдаг. Гэвч “Air Astana” төлөвлөсөн хугацаанаас хоёр долоо хоногийн өмнө анхны нислэгээ цуцалсан юм. Үүнийг тэд Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий газар зөвшөөрлийг нь хүчингүй болгосон гэж тайлбарлав. Гэхдээ “Air Astana” 2017 оны сүүлээр нислэгээ эхлүүлэх зөвшөөрөл авах хэдий ч МИАТ-ийн эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой юм. 

Европын холбоо

“Air Astana” авиа компани Улаанбаатар-Астана чиглэлийн нислэгийн эрэлтэд тулгуурлан Европ руу дамжин өнгөрөх нислэгт ихээхэн найдлага тавьж байна. Энэ нь “Air Astana” МИАТ-ийн Орос болон Герман руу үйлддэг нислэгтэй өрсөлдөнө гэсэн үг юм. 

Герман болон бүх Европод өргөн сүлжээтэй Туркийн агаарын тээвэр Улаанбаатар хүртэлх шууд нислэгтэй болж чадвал Монгол-Герман болон Монгол-Европын зах зээлд хүчтэй өрсөлдөгч байх болно. 

“МИАТ” авиа компани Москвагаар дамжин Берлин хүрэх нэг удаагийн түр зогсолттой нислэгийг санал болгодог ба Франкфурт руу улирлын чанартай нислэг үйлддэг. Тэр Аэрофлоттой хамтран ажилладаг бөгөөд Москвагаар дамжин өнгөрөх нислэгээрээ Европын зах зээлийг бүхэлд нь эзэгнэж байна. Ийнхүү “МИАТ” болон “Аэрофлот” өнөөдөр Монгол-Европын чиглэлийн зах зээлд монополь байр суурийг бий болгов. Европ-Монголын чиглэлд зорчих хүсэлтэй зорчигчдийн хувьд цорын ганц зам бол хоёр удаагийн түр зогсолттой Туркийн агаарын тээврийг ашиглах эсвэл Бээжин рүү буцах, “Air China” эсвэл “Korean Air” компаниар Сөул руу буцах зам бий. 

Иймээс Монголын олон улсын шинэ нисэх онгоцны буудал өрсөлдөгчгүйгээр ямар ч хэрэгцээгүй байгууламж болох аюултай. 

Өнөөдрийн байдлаар Монголд гадаадын таван авиа компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил тэд 360 мянган зорчигч тээвэрлэжээ. Харин “МИАТ” дөрвөн онгоцоор долоон чиглэлд 400 мянгаас багагүй зорчигч тээвэрлэсэн үзүүлэлттэй байна. 

Үүний зэрэгцээ, “МИАТ” сүүлийн арван жилийн хугацаанд дотооддоо нислэг үйлдээгүй. Гэхдээ Монгол Улсад орон нутаг болон хөрш орнуудад нислэг үйлддэг “Aero Mongolia” болон “Hunnu Air” гэсэн хоёр авиа компани бий. Монголын агаарын тээврийн дотоод зах зээл жижиг бөгөөд 23 нисэх онгоцны буудалтай улсын хувьд 2016 онд 230 мянган зорчигчдод үйлчилгээ үзүүлжээ. 

Монгол улсын хувьд Астана болон Истанбулаас шууд нислэгтэй болох нь эдийн засгийн хувьд ашигтай бөгөөд аялал жуучлал хөгжих боломжтой юм. Гэвч Улаанбаатар дахь хязгаарлагдмал үйлчилгээ болон МИАТ-ийн монопольчлолын дүнд олон цагийн, өндөр тарифтай аялалыг бий болгож байна. Үүний улмаас Европоос ирэх зорчигчид сүүлийн 12 жилийн хугацаанд зогсонги байдалд ороод байгаа аж.

Тус улс агаарын тээврийн салбар дахь өсөн нэмэгдэж буй өрсөлдөөнийг бий болгосноор улс оронд сөрөг нөлөөтэй гэж харахаас илүүтэй аялал жуулчлал хөгжих, улмаар эдийн засгийн өгөөж бий болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн шууд нислэг, нээлттэй зах зээл нь Сөүлийн зүгээс асар их эрэлтийг татахад ач тустай юм. 

Өмнөд Солонгос, Японоос ирэх зорчигчдын тоо сүүлийн 10 гаруй жилд өөрчлөгдөөгүй. Өмнөд Солонгосын хоёр дох том авиа компани “Asiana Airlines” хоёр улсын хоорондох агаарын тээврийн хэлэлцээрийн хязгаарлагдмал байдлын улмаас Монгол руу нислэгээ эхлүүлэх боломжгүй байдаг. Учир нь “МИАТ” болон “Korean Air” Улаанбаатар-Сөүлийн чиглэлд түншлэлийн харилцаатай. Энэ нь үнийн хөөрөгдлийг зах зээл дээр бий болгож байгаа ажээ. Үүнээс гадна, Улаанбаатар Персийн булангийн агаарын тээвэр болон Хятад, Япон, Зүүн Өмнөд Азийн хямд авиа компанийн үйлчилгээг авах боломжтой. Агаарын тээврийн хямд үйлчилгээ нь дотоод болон гадаад зах зээлийг өдөөх, монголчууд гадаад руу хямд зардлаар аялах боломжийг бүрдүүлээд зогсохгүй, хүн амын шилжилт хөдөлгөөнд тэргүүлэх байр суурьтай оролцдог билээ. Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын “Air Busan” үйлчилгээний хувьд Монголд анхны хямд агаарын тээвэр болов. Гэхдээ түүний үйлчилгээ Улаанбаатар-Пусаны чиглэлд хязгаарлагддаг. 

Харин Япончууд шинэ нисэх онгоцын буудлыг нээлттэй байлгахыг хүсч байна. Энэ тал дээр Засгийн газар байр сууриа өөрчлөхгүй бол шинэ нисэх онгоцны буудал зах зээл дээр үр ашиггүй болохын зэрэгцээ Монгол Улс эргүүлэн төлөх өрийн хүрээнд хүндхэн асуудалтай тулгарч мэднэ. 

Засгийн газар өрсөлдөөнд зориулж шинэ нисэх онгоцны буудал дээр газрын үйлчилгээг нээлттэй байлгах хэрэгтэй. Өнөөдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр “МИАТ” авиа компани газрын үйлчилгээний цор ганц лицензийг эзэмшиж байна. Мөн шинэ нисэх онгоцны буудал дээр эхний ээлжинд цор ганц үйлчилгээ үзүүлэхээр болоод байгаа аж. 

Нисэх онгоцны буудлын газрын үйлчилгээ нь алдагдлаа нөхөх орлогын эх үүсвэр гэж үздэг. Өнөөг хүртэл “МИАТ” компани бусад авиа компаниудад энэ төрлийн зөвшөөрөл олгохоос татгалзаж ирсэн. Учир нь тэд тоног төхөөрөмжийн зээлээ төлж дуусаагүй байгаатай холбоотой юм. Үүнээс гадна, том зах зээл дээр эрэлт удааширч байна. Монголын агаарын тээврийн салбарын хөгжил, шинэчлэл удаан явагдаж байна. Шинэ нисэх онгоцны буудлыг бүтээн байгуулалтын ажил дуусахтай зэрэгцээд Монгол Улсын Засгийн газар агаарын тээврийн зах зээлээ чөлөөлөх цаг нь иржээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж