Нэр дэвшигчид бямба гаригт мэтгэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.20-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчид бямба гаригт мэтгэлцэнэ

Нэр дэвшигчид бямба гаригт мэтгэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид зургадугаар сарын 24-ний өдөр 21:00 цагаас МҮОНРТ-ээр шууд мэтгэлцэнэ. 

Шууд мэтгэлцээний эхний хэсэгт гурван нэр дэвшигч зөвхөн мөрийн хөтөлбөртэй холбоотой асуултад хариулах бол хоёрдугаар хэсэгт тэдэнд олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн, нэр дэвшигчтэй холбоотой олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж буй болон хувийн чанартай асуултад хариулах боломж олгох юм байна. 

Сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн гурван нэр дэвшигчийг халз мэтгэлцүүлэх нь зөв гэсэн хандлага олон нийтийн дунд төдийгүй намуудад ч байсан. Гэвч хэзээ, аль хэвлэл мэдээллийн байгууллагаар мэтгэлцэх вэ гэдэг асуулт маргаан дагуулаад байсан юм. 

Тухайлбал,

МАН-ын зүгээс МҮОНРТ-ээр эсвэл 15 телевизийг эгнээндээ нэгтгэсэн Телевизүүдийн холбооноос зохион байгуулах мэтгэлцээнд орох саналтай байсан. 

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд аль ч хэвлэл мэдээллийн байгууллагаар мэтгэлцэж болно гэсэн байр суурьтай байв.

Харин АН-ын сонгуулийн штаб “Монгол HD” телевизээр мэтгэлцэх саналыг хоёр нэр дэвшигчдээ хүргүүлээд байсан юм. 

Нэр дэвшигчид мэтгэлцэх асуудлаар гурван намаас төлөөлөл гарч, хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсны дүнд анх яригдаж байсанчлан МҮОНРТ-ээр зургадугаар сарын 24-ний өдрийн 21:00 цагт мэтгэлцэхээр санал нэгджээ. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж