Монгол-Канадын харилцааны соньхон шигтгээнүүд

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Монгол-Канадын харилцааны соньхон шигтгээнүүд

“Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид Казакстаны Астана хотод долдугаар сарын 1-8-нд болсон “Eco Asia” олон улсын циркийн наадамд амжилттай оролдож, алтан медаль хүртсэн таатай мэдээг бид өмнө нь хүргэсэн билээ.

“Алтайн угалз”

Канад бээр өврөөсөө АНУ хэмээх аварга том хөрш, араасаа Хойд туйлд тулсан мөс, цасан далай, мөнхийн цэвдэгтэй хиллэж, баруун ба зүүн эргээрээ Атлант, Номхон далайд хүрээлэгдэн цогцолсон орон. Газар зүйн хувьд манайхаас нэн алс хол. “Их долоо”-гийн даацтай гишүүн бөгөөд техник, технологи, санхүү, эдийн засгийн чадавхиараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг энэ улс 150 жилийнхээ ойг эдүгээ тэмдэглэж байна. 

Канад тэртээ 1964 онд БНМАУ-ыг хүлээн зөвшөөрч, 1973 онд дипломат харилцаа тогтоосон нь манайхыг тэр үеэс хүндэтгэж, дэмжиж ирсэн хэрэг. Харин АНУ бол дөнгөж 1987 онд л Монгол улсыг тоож харсан байдаг. Монгол, Канадын харилцаа 40-өөд жилийг туулсан боловч манайх 2001 онд ЭСЯ-аа Оттавад нээснээс хойш улам өргөжин тэлжээ. Тус хоёр улсын нийслэл хотууд хамгийн хүйтэн цаг ууртай гэдгээрээ дэлхийд алдаршсан боловч орчин цагт харилцаа, хамтын ажиллагааны дотно түншүүд болж, түүнийхээ эрч хүчинд “халуун” нийслэлүүд болж хувирсан юм. Тив дэлхий, далай тэнгис дамнан чингэж тогтсон найрамдалт харилцаатай холбогдох зарим нэг өвөрмөц сониноос хуваалцъя. 

Канадаас ирсэн угалз

Канадаас нэгэн буурал угалз “гүйсээр” ирж манай “Байгалийн төв музей”-н чанх урд зогтусангаа Төрийн ордон руу ширтэн хөшөөнд мөнхөрсөн гэлттэй харагддаг. Нийслэлчүүдийн зарим нь түүнийг анзаарсан болов уу гэж найдна. Жуулчид зураг хөргөө татуулж үзэгддэг. Энэхүү угалз нь Монгол, Канадын соёлын харилцааны өвөрмөц нэгэн шигтгээ. 

Улс гүрнүүдийн харилцаанд нийслэл хотууд ихээхэн чухал үүрэгтэй оролцдогийг дурдах нь илүүц биз. Гэхдээ Улаанбаатар, Оттава хоёрын түншлэлийн түүх нь Миеэгомбын Энхболд, Боб Чиярэлли нараас улбаатай. Энэ хоёр эрхмийн үед манай хоёр нийслэл хотын харилцаа, хамтын ажиллагааны суурь тавигдаж, эрчимтэй хөгжиж, улмаар “Канадын Хөгжлийн сан”-гаас манай нийслэлд үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагаа өргөжсөн учиртай. Мөн Канадын талаас хэрэгжүүлсэн “Дэлхийн хотуудын тогтвортой хөгжлийн санаачилга” хөтөлбөрт Улаанбаатар хамрагдаж, түүний үр ашгаас хүртсэн байдаг. 

Хоёр нийслэлийн соёлын солилцооны хүрээнд манай “Морин хуурын чуулга” Оттавад тоглож, Канадын соёл, урлагаас нийслэлчүүдэд танилцуулах олон ажил өрнөж байсны дотор энэхүү “Алтайн угалз”-ын хөшөө бүтээгджээ. Уг хүрэл хөшөөг Канадын нэрт барималч Рик Тейлор гуай Алберта мужид урлан бүтээж, Номхон далайгаар тээвэрлэн авчирч Улаанбаатар хотод бэлэглэжээ. Тэрбээр “Их Монгол Улсын 800 жилийн ойг тохиолдуулж Канад-Монголын ард түмний хоорондын найрамдлын бэлгэ тэмдэг болгож дурсгав” гэж бичсэн байдаг. Энэхүү угалз нь 4 м өндөр, 2 м өргөн, 3 м урт бөгөөд 800 кг жинтэй. Тэр нь олон нийт, ялангуяа хүүхэд залуучуудад улам бүр ховордсоор буй аргаль угалзыг суртчлан таниулсан, гадаад ба дотоодын жуулчдын сонирхолыг татсан чухал үзмэр болсон юм. Канадын соёлын өвөрмөц өв, амьтны ертөнцийн сэдэвтэй урлагийн энэхүү шилдэг бүтээл нь Улаанбаатарт чингэж сүндэрлэжээ.

Канадын нэрт барималч Рик Тейлор

Хөшөө нээхэд бэлэн

Канадын марал буга, цаа буга, ойн хүрэн баавгай, тарвага, зурам, хар хэрэм, жирх зэрэг ан амьтан нь хүртэл манайхаас нүүж очсон гэмээр ижил төстэй. Тэнд хадны угалз ч бас бий. Канад нь байгаль орчин, ан амьтан болоод жигүүртний ертөнцөө хамгаалах, тэднийгээ аялал жуулчлалын нөөц боломж, үзвэр болгон ашиглах талд арвин их туршлагатай, соёлтой бөгөөд манайхтай энэ салбарт хамтран ажиллах сонирхол, боломжтойг энэ дашрамд тэмдэглье. Манай “нялхасын өвчин”-тэй аялал жуулчлалын салбарт энэ чиглэлийн хамтын ажиллагаа чухал байж мэднэ. 

Канадад нутагшсан монгол тэмээд 

Монголын өмнийн говийн тэмээд алс Канадын Асгатын нуруунд 1800-аад оны дундуур ачаа хөсөг тээж байсан сураг чимээнд үнэмшихэд бэрх. Миний биед Монгол улсаас Канадад суух ЭСЯ-нд дипломат алба хаших аз завшаан тохиосон удаатай. Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 онд Канад улсад төрийн айлчлал хийх болж, бэлтгэл ажлын хүрээнд Монгол, Канадын эрт, өдгөө цагийн холбоо сүлбээг тодруулах эрэлд хатаж суухдаа дээрх сургийн үзүүрээс атгаж, улмаар хоёр талын дээд хэмжээний яриа хэлцээний зай завсарт чимэг болгож хавчуулсан юм. Тэгээд тэдгээр тэмээний тухай домог яриаг лавшруулж сонирхсон бөлгөө. 

“Виктори Колонист” сонины 1862 оны гуравдугаар сарын 1-ны дугаарт тэмээ зарах тухай зар мэдээ тавигдснаас Канад дахь монгол тэмээний түүх эхэлсэн санж. Хэргийн эзэн нь Америкийн Сан Франциско хотын наймаачин Отто Эсчэ гэгч байжээ. Мань эр бээр Америкийн Аризона мужийн алтны уурхайн бүс нутгаас Сан Франциско руу хэсэг тэмээ авчирчээ. Төдөлгүй дээрх сонин нэгэн дугаартаа “Тэмээд айсуй” гэж мэдээлжээ. Мөн гуравдугаар сарын 15-ны дугаартаа Бритиш Колумбийн Лилуэт хотын Франк Ломэйстер хэмээх эрийн захиалгаар Жон Гэйлбрэт гэгч 23 тэмээ худалдан авсан тухай нийтэлжээ. Тэр худалдаачин эр нэг тэмээг 300 доллараар авчээ. Бритиш Колумби нь 1860-д онд “алтны олборлолтын халуун”-д ид “буцалж” байх үед зам, барилгын материал, хоол хүнс болон бусад төрлийн ачааг тэндхийн Асгатын нуруунаас эх авсан Фрейзэр голын хавцлаар Карибу дахь алтны ордууд руу тээх ажилд тэдгээр тэмээд зүтгэх учиртай болсон санж. Дээрх тэмээд дөрөвдүгээр сарын 15-нд “Хэрманн” хэмээх уурын усан хөлгөөр тээгдэж Бритиш Колумбийн Виктори арал дээр буужээ. Уг арал нь Ванкувер хотоос холгүй оршдог. Тэнд мөнөөх тэмээд тавдугаар сарын 4 хүртэл хашигдаж, өргөн олон нийт хийгээд сонин, сэтгүүлийн зугаа болжээ. Тэмээний бараанаас тэд нэн их сүрдсэн гэдэг. Тэр хооронд нэг ингэ ботголж, өөр нэг нь оргон шилэрч тус арлын Кэдборо хэмээх тохойд очиж төрсөн санж. Үлдсэн хэсэг нь сал дээр ачигдаж “Нью Вэстминстэр” зогсоолоор дамжиж “Дуглас” боомтод буужээ. Тэндээс 5-р сарын 24 гэхэд алтны ордуудад ойрхон орших Лилуэт руу очиж нутагшсан аж. Тэгээд “Карибугийн морин зам” гэгч жимээр тэмээн жин алтны ордууд руу цувж эхэлсэн гэдэг. Тэд илжигнээс бараг хоёр дахин их буюу 300-400 орчим кг ачаа тээдэгт нь шинэ эзэд баярлаж суужээ. Гэвч Карибугийн хад чулуутай замд тавхай нь улдах, цоорох зовлон үүсчээ. Тавхайнд нь брезентэн улавч углаж байсан гэлцдэг. Асга хад ихтэй тэр нутагт өвс ногоо олж идэх нь амаргүй байсан учраас хөөрхий тэмээд өлсөхийн эрхэнд хувцас хунар, саван мэтийг хүртэл залгиж байсан тухай тэмдэглэгджээ. Үүнээс гадна тэмээний бараа, үнэрээс морьд үргэн булгиж тэрэг сэлтээ эвдэлж, хүн амьтан гэмтээж сүйд болж байж. Тэр ч бүү хэл Жон Моррис гэгч уурхайчин нэгэн бээр тэмээ хальт хармагцаа цочирч “гризли” хэмээх өндөр хүрэн баавгайтай андуурч буудаж алсан учраас бүх насаа “гризли” Моррис гэх хочтой өнгөрөөжээ. Фрэйзерийн хадан хавцалын морин замд олон тэмээ халтирч бэртэж, зарим нь үрэгдсэн гэдэг. Тэд тэр жилдээ “Куэснелийн цохио” гэдэг газарт өвөлжжээ. Канадчуудын хувьд тэмээ маллах арга ухаан ч дутагдаж байсан гэлцдэг. 

Дээрх тэмээдийн тухай мэдээ “Виктори Колонист” сонины тэр цаг үеийн зарим дугаарт, “Канадын газар зүй” сэтгүүлийн 1987-1988 оны ганц нэг дугаарт тус тус дурдагдан үлджээ. Мөнөөх Фрэйзерын хавцалд одоо ч “Тэмээн тавхай”, “Тэмээт оргил”, “23 тэмээт гүүр” зэрэг нэртэй газар байдаг. Тэнд манай тэмээний нэр ийнхүү мөнхөрчээ. Тэднийг бол Говь цөлөөс буюу “Gobi desert”-ээс Манжуураар дамжуулж импортлосон байх гэж тэмдэглэжээ. Манай өмнийн их говь нутаг болбоос тэгэхэд ч, эдүгээ ч барууны орнуудад “Gobi Desert” гэж нэрлэгдэж ирсэн түүхтэй. 

Канад тэмээчин (“Виктори колонист” сонин)

Тэр цаг үед монгол тэмээ Канадын нутагт уурхай, зам барилгын тээвэрт зүтгэж, уг салбарт нь хувь нэмрээ оруулж байсан бол эдүгээ Канадын техник, технологи, стандарт, тоног төхөөрөмж хийгээд капитал, мэрэгжилтэн нар Монголын уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, банк санхүүгийн салбарт өргөн ашиглагдаж байгаа нь эрхбиш нэгийг бодогдуулна. 

Хоёр талын өнөөгийн “Өргөтгөсөн түншлэл”-ийн идэвхитэй харилцаанд ч Галавын говийн улаан атдын оролцох хувь тавилан үргэлжилсээр байгаа гэлтэй. Оюутолгойн түүх, бүтээн байгуулалтад ч тэдний оролцоо, нөмөр нөөлөг хэвээрээ ажгуу. Уг уурхайн цогцолборын бэлгэ тэмдэг ч түүнийг илтгэдэг. Юманд учир, суманд бичир бий гэлцдэг нь энэ буй заа. 

Энэхүү уурхайн аварга төслийг Канадын Ванкуверээс гаралтай “Айвэнхоу майнз” эхлүүлсэн, тэр нь хэрэгжсэнээр манай эдийн засгийн тусгаар тогтнолын баталгааг бэхжүүлэх зам тавигдсан нь олон улсын байдал ороо бусгаа эдүгээ цагт олон талын ач холбогдолтой нь мэдээж. Энэ бол хоёр талын эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны нэгэн тод жишээ болой.             

Канад улс 1867 онд нэгдэн байгуулагджээ. Хүчирхэг Америк хөршийнхөө араншинд нэрвэгдэн өгсөж, уруудаж ирсэн 150 жилийнхээ эцэст дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр хөгжилттэй гүрэн болж чадсан түүхээрээ тэд өнөөдөр бахархаж байна. 

Төрийн албан ёсны хэл нь англи, франц бөгөөд Амбан захирагч нь төрийн тэргүүн, Ерөнхий сайд нь улс орноо бүрэн зангиддаг эрх мэдэлтэй. 

Үндэсний спорт нь хоккей. Тэнд үүсч хөгжсөн түүхтэй. Хүүхдүүдээ балчир наснаас нь хоккейн соёлд сургадаг уламжлалтай. Оттава хотынхон өвөлжингөө “Ридо канал” хэмээх гол дээр тэшүүрдэж, зунжингаа түүндээ сэлж цэнгэдэг. Тэр нь манай нийслэлийн Сэлбийн гол гэсэн үг, гэхдээ устай, мөстэй, үзвэр үйлчилгээтэй нь онцлог. 

Европын сонгодог соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухааны уламжлалыг чамбай өвлөж тогтсон системтэй. Канадын “Бомбардиэр” үйлдвэрийн онгоц, галт тэрэг дэлхийд алдартай бүтээгдэхүүн. Хүнд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, дэд бүтэц, эрчим хүч, түүний дотор цөмийн эрчим хүчний шалгарсан техник, технологи, стандарт нь дэлхийд өндөр үнэлэгддэг. Хүйтэн сэрүүн байгаль, цаг уурын ижил төстэй Канадаас суралцах, нэвтрүүлэх арга барил, технологи, стандарт, капитал арвин бий. Энэ нь манай эдийн засгийн бүх салбарт хамаарна. 

Канадын гадаад бодлого нь Америк, Хятад, Оросоос тэс өөр бөгөөд жижиг эдийн засагтай, шинэ тутам хөгжиж буй манайх шиг улс орнуудтай уян хатан харилцдаг, тусалдаг өвөрмөц уламжлалтай. Манай ардчилал, чөлөөт зах зээлийн шилжилтийн амаргүй он жилүүдэд анд нөхрийн сэтгэл гаргаж, хандив тусламжийн үүд хаалгаа нээж, хөрөнгө оруулалт, технологи идэвхтэй оруулж ирсэн замналтай. Бээжингээс олон арван жил хавсран суусан тогтолцоогоо өөрчилж, Улаанбаатарт ЭСЯ-аа нээсэн нь нэгийг өгүүлнэ. “Их долоо”-гийн нэг орны Дипломат төлөөлөгчийн газар манай нийслэлд төвхнөсөн нь Монголд чухал. 

Алс хол мөртлөө улам бүр ойртсоор буй дотно хөршийн тухай цөөхөн мөр тэрлэж, сонин үүх түүх сөхөхөд ийм ажгуу.

Нэг зуун тавин насных нь ойд халуун баяр хүргэж, Монгол-Канадын найрамдал улам зузаарахын ерөөл өргөн дэвшүүлье.

Галсангийн Батсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж