НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссийн өнөөдөр гаргасан мэдээгээр төрсөн нутгаасаа дүрвэхээс өөр аргагүй болсон хүний тоо өнгөрсөн 2016 онд 56,6 саяд хүрсэн нь өмнө байгаагүй өндөр үзүүлэлт ажээ. Эх оронд зэвсэгт мөргөлдөөн гарсан, үзэл бодлоосоо болж хавчигдан мөрдөгдсөн зэрэг хүмүүс бүгд энэ тоонд орж байгаа юм.
Өнгөрсөн 2016 онд хамгийн их дүрвэгч Сири, Өмнөд Суданаас дүрвэжээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комисс жил бүр тайлан гаргадаг бөгөөд өнгөрсөн 2016 оны тайланг өнөөдөр /2017.06.19/ цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд ил болгожээ.
“Өнгөрсөн 2016 онд минут тутамд 20 хүн төрөлх гэрээ орхин дүрвэжээ” хэмээн энэ жилийн тайланд онцолсон байна.
Гэхдээ нийт 56,6 сая хүний 40,3 сая нь эх нутаг дотроо дүрвэсэн байна. Хамгийн их буюу 5,5 сая хүн Сирид төрсөн газраасаа дүрвэжээ.
А.ТУЛГА