“Мазаалай” тусгаар тогтнолын баталгаа гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

“Мазаалай” тусгаар тогтнолын баталгаа гэв

“Мазаалай” тусгаар тогтнолын баталгаа гэв

Монгол Улсын анхны хиймэл дагуул АНУ-ын Флорида муж дахь Кеннедийн сансрын төвөөс зургадугаар сарын 3-ны өдөр “Falcon 9” пуужингаар сансарт хөөрсөн билээ. “Мазаалай” хэмээн нэрлэгдсэн хиймэл дагуул одоогоор олон улсын сансарын багт очоод байна. Олон улсын сансрын станцаас “Мазаалай” хиймэл дагуулыг задгай сансарт чөлөөлөх буюу Монгол Улсын анхны хиймэл дагуул өөрийн тойрог замдаа орж ажиллаж эхлэх түүхэн үйл явдал ирэх долдугаар сарын 7-ны өдөр тохиох  аж.  

1981 онд сансарын нисгэгч Ж.Гүррагчаа сансарт нисэж, Монгол Улс сансарт ниссэн 11 дэх орноор бичигдэж байсан. Тэгвэл 2017 онд Монгол улсын анхны хиймэл дагуул задгай сансарт хөөрч, 51 дэх орноор тэмдэглэгдэн үлдсэн түүхэн үйл явдал өнгөрөгч сард болсон. Энэхүү “Мазаалай” хэмээх хиймэл дагуулыг МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар бүтээж, шинжлэх ухаан, дээд боловсролын анхдагч гэдэг их сургуулийнхаа 75 жилийн түүхт ойн босгон дээр батлан харуулсан юм. Өнөөдөр МУИС дээр анхны хиймэл дагуул хөөргөхөд тусалж, дэмжсэн хандив өргөсөн байгууллагууд дурсамжийн батламжийг гардуулан өглөө.

Гарт баригдаx(10 см) драгон сансрын хиймэл дагуулыг бүтээсэн дээрх багш нар Япон улсад суралцаж байна.

Инженерийн багийн гишүүд. Зүүн гараас: Т.Төртогтох, Д.Эрдэнэбаатар, Д.Амартүвшин

Инженерийн багийн гишүүд. Зүүн гараас: Т.Төртогтох, Д.Эрдэнэбаатар, Д.Амартүвшин

Монголын анхны хиймэл дагуулыг удирдан бүтээхэд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын газар, Улсын онцгой комисс, Онцгой байдлын газар дэмжин ажилласан байна. Мөн уг хиймэл дагуулыг удирдах газрын станцыг Монголын ард түмэн, МУИС-ийн Оюутны алба, Оюутны холбоо, Оюутан конгресс, оюутан залуус, эрдэмтэн багш, ажилчдын хандив дэмжлэгэр бүтээн байгуулсныг онцлов. Тэдний төлөөлөл болсон Төрийн болон Төрийн бус байгууллагуудад батламж гардуулав.

“МАЗААЛАЙ” ХИЙМЭЛ ДАГУУЛ НЬ ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР ҮР ДҮНТЭЙ ВЭ?

Монгол улсад сансар, огторгуй хиймэл дагуулыг хөгжүүлэх нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтойг онцлов. Сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч чадвал ойр хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга, аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах тал дээр асар их үр ашигтай аж.

“Мазаалай” хиймэл дагуул нь 400 км өндрөөс өндөр нягтаршилтай камерыг ашиглан 100 метрийн нарийвчлалтай дэлхийн болон эх орныхоо зургийг сансраас хэсэгчлэн авч илгээх аж. 437MHz давтамжтай радио дохио болон Монгол Улсын төрийн дуулал сансраас эгшиглүүлэхээр бүтээжээ. Үүнээс гадна шинжлэх ухааны дөрвөн туршилт хийх юм. Үүнд, олон улсын газрын станцуудын өндөр синхрончлол бүхий сүлжээ үүсгэн төсөлд оролцож байгаа долоон орны газрын станцын тусламжтай урвууGPS аргаар байрлал тогтоох, байрлалыг нарийн тогтоосноор дагуулын хурдны өөрчлөлтийг тогтоож, түүний шалтгаан болсон агаарын нягт тодорхойлох юм байна. Мөн үүнээс гадна дэлхийн нам орбит дахь сансрын цацраг идэвхийг судлах үүрэгтэй аж.

Хиймэл дагуулын ач холбогдол нь Монгол улс сансарт өөрийн орон зайтай болж байгаагаараа тусгаар тогтносон улсын баталгаа, билгэ тэмдэг болж байгаа явдал гэдгийг онцолж байв.

“Мазаалай” хиймэл дагуул нь олон улсын “BIRDS” төслийн хүрээнд хийгджээ. Энэхүү төсөл нь Японы Кюүшүгийн технологийн институт дээр хэрэгжүүлж буй төсөл аж.

Монголоо өөр хаана ч байдаггүй говийн баавгай “Мазаалай” нэрээр нэрлэгдсэн уг хиймэл дагуулыг тэрбумтан Илон Маскийн “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар сансарт гаргахаар гэрээ хийж, зургадугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Флоридан муж дахь Кеннедигийн нэрэмжит сансрын буудлаас нисгээд байна. Манай сансрын хиймэл дагуулын хамт энэхүү нислэгт Гана, Бангладеш, Нигери зэрэг улсын хиймэл дагуул багтжээ.

Одоо “Мазаалай” хиймэл дагуул өөрийн үүргээ задгай сансарт биелүүлэхэд цөөн хоног үлдсэн бөгөөд энэхүү үйл явдал долдугаар сарын 7-ны өдөр болохыг өнөөдөр мэдээллээ.

‘Мазаалай’-г тээвэрлэсэн ДРАГОН САНСРЫН ХӨЛӨГ

Холбоотой мэдээлэл: https://www.news.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж