Францаас 657 хонь оруулж иржээ

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Францаас 657 хонь оруулж иржээ

Францаас 657 хонь оруулж иржээ

Монгол Улсад махны болон нарийн ноосны чиглэлийн дэлхийн шилдэг дөрвөн үүлдрийн 657 толгой хонийг Франц улсаас өнгөрсөн бямба /2017.06.17/ гаригт оруулж иржээ. Суффольк, Беришон дьошер, Романов, Меринос зэрэг үүлдрийн эдгээр хонийг “Тайшир Өргөө” ХХК-д цэврээр нь үржүүлэхэд технологи, арга зүйн зөвлөгөө өгч хамтран  ажиллахаар “Малын удмын сангийн үндэсний төв” төлөвлөжээ.

Романов үүлдрийн хонь нь зуун хувь ихэр төл өгдөг. Төллөх бүрдээ хоёр ба түүнээс дээш төл гаргадаг байна. Өөрөөр хэлбэл маш богино хугацаанд махны чиглэлээр эргэлтэд оруулах боломжтой.

Суффолк үүлдрийн хонины амьдын жин 120-140 кг, эм хониных нь 70-90 кг татдаг байна. Зургаан сартай хурга нь гурван настай монгол хоньтой дүйцэхүйц амьдын жинтэй, ноосны гарц нь 4-5 кг байдаг аж.

Меринос үүлдрийн хонь нь дан ганц нарийн ноос гэлтгүй, махны ашиг нь өндөр байдаг. Эр хонины амьдын жин 130, эм хониных нь 80 кг хүрдэг бөгөөд ноосны гарц нь 4.5-6.6 кг хүрдэг байна.

Беричон душер үүлдрийн 100 эм хониноос ойролцоогоор 160-180 төл авдаг. Өөрөөр хэлбэл Романов хонио арай гүйцэхгүй ч үржүүлгийн чиглэлд өндөр ашиг шим өгдөг гэж салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Мөн махны чиглэлд ашиг өндөртэйд тооцогддог бөгөөд эр хонины амьдын жин 100-140, эм хониных нь 60-70 кг татдаг байна. Хоногт ойролцоогоор 341 граммаар жин нь нэмэгддэг, ноосны гарц нь 4.5 кг юм байна.

Оруулж ирсэн эдгээр хонийг “Тайшир Өргөө” ХХК-д цэврээр үржүүлэн, үржлийн хээлтэгч, хээлтүүлэгчийг бойжуулан, мах, ноосны чиглэлийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн захиалгын дагуу нийлүүлэх юм байна.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж