“Говь” үйлдвэрийн галд 8 хүнийг сэжиглэн шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

“Говь” үйлдвэрийн галд 8 хүнийг сэжиглэн шалгаж байна

17 жилийн дараа Монголд дахин айлчлан ирсэн хатагтай Хиллари Клинтоны айлчлал сонгуулийн шуугиан, наадмын хөөрөөнд дарагдаад харьцангуй нам жим өнгөрөв бололтой.

Арван жилийн өмнө хувьчлагдсан “Говь” компанийн агуулах, үйлдвэрийн дээвэр галд өртсөн явдал  тав хоногийн өмнө гарсан билээ.  Нийслэлийн Онцгой байдлын газрын 250 гал сөнөөгч, аврагч 17 цагийн турш тасралтгүй ажиллан, өнгөрсөн Пүрэв /2017.06.15/ гаригийн 16.00 цагийн орчимд галыг бүрэн унтраасан байдаг. Харин маргааш нь буюу  зургадугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн  I хэлтсийн дарга С.Хүрэлбаатараар ахлуулсан 40 хүний баг хэргийн газарт тасралтгүй 10 цаг үзлэг хийж, гал юунаас үүдэлтэй вэ гэдэг дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргажээ. Тэд барилгын дээврийн баруун хойд талаас гарч эхэлсэн гал нь агааржуулалтын хоолойд хуримтлагдсан газны хийнээс үүдэлтэй гэжээ.

Тодруулбал, тус барилгын дээвэрт засварын ажил хийж байсан ажилчид, борооны дусаал гоождог хэсгийг хар цаасаар давхарлаж, хар лакыг хайлуулахдаа газ ашиглан ил гал гаргасан байжээ. Тэндээс гарсан газны хий нь агааржуулалтын хоолойд хуримтлагдаж, цагийн дараа утаа болон уугьж, гал гарсан байна. Гэхдээ Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас томилогдсон ажлын хэсэг эцсийн байдлаар галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Ажлын хэсэгт цагдаагаас гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн газрын шинжээч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын байцаагч нар болоод “Тэнгэр” даатгал, “Монгол” даатгал компанийн төлөөлөл багтсан гэв.

Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, гал гарсан объектын дээвэр дээр засвар хийж байсан найман хүнээс байцаалт авч эхэлжээ. Тэд цагдаад хар лак хайлуулахаар хийн газаар ил гал гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Мөн тэдний засвар ажил хийж, гал гаргаж байсан болоод засварын ажилчид явсны нэг цагийн дараа “Говь” үйлдвэрийн барилгын дээврийн баруун хойд хэсэг буюу засвар хийж байсан хэсгээс утаа уугьж эхэлснийг хажуугийн барилгын гэрчүүд мэдүүлсэн байна.

“Говь” галд өртсөн барилгаа хоёр компанид даатгуулжээ

Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж, галын эцсийн дүгнэлт гараагүй учир засварын найман ажилтныг шууд буруутгах боломжгүйг эх сурвалж тайлбарлалаа. “Говь” компани нь галд өртсөн агуулах, үйлдвэрийн барилгаа “Тэнгэр” даатгал, “Монгол” даатгал гэсэн хоёр компанид даатгуулсан байжээ. Тиймээс хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдвол дээрх даатгалын компаниуд гэрээнд зааснаар хохирлоо барагдуулах үүрэгтэй аж.

“Говь” компанийн хувьцааны ханш өсөлттэй байна

“Говь” компанийн үйлдвэрт гал гарсан мэдээлэлтэй холбоотойгоор тус компанийн хувьцаа өнгөрсөн долоо хоногт /2017.06.15/ 14.96 хувиар буураад байсан. Харин Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  яг одоо 8.51 хувийн өсөлттэй арилжаалагдаж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж