Дипломоо барьсан залуус ажилд орохоор төв талбайд дугаарлав

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Дипломоо барьсан залуус ажилд орохоор төв талбайд дугаарлав

УИХ-ын гишүүд наадмын өмнө тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн ч одоо болтол сонгуулийн тойргийн хорооноос гардсан, жагсаалтаар орж ирсэн гишүүд СЕХ-ноос авсан түр үнэмлэхтэйгээ байгаа ажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд өнөөдөр /2017.06.19/ Сүхбаатарын талбайд нээлттэй ажиллаж байна. Ингэхдээ 20 мянган ажлын байранд бүртгэнэ гэсэн зар анхаарал татсан юм. Ажил хайж байгаа, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэхгүй байгаа ийм үед нээлттэй 20 мянган ажлын байр байна гэдэг хэн бүхний анхаарал татах биз ээ. 20 мянган ажлын байранд иргэдийг бүртгэж байгаа эсэх болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын үйл ажиллагааг хэр зэрэг “нээлттэй” болсныг сурвалжлахаар Сүхбаатарын талбайг зорьсон юм. 

60 гаруй аж ахуй нэгж ажлын байранд бүртгэж байна

Дээр хэлсэнчлэн 20 мянган ажлын байранд бүртгүүлэхээр бичиг баримт, дипломоо барьсан залуучууд, ажил хайж яваа иргэд Сүхбаатарын талбайд урт дараалал үүсгэжээ. Учир нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар болон 60 гаруй аж ахуйн нэгжүүд нээлттэй ажлын байрын танилцуулга бэлтгэж, сонирхсон иргэдийг бүртгэж байна. Тухайлбал, “Алтай констракшн” ХХК-д нийт 17 ажлын байранд бүртгэж байна. Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан тус компанид барилгын туслах ажилчин, ковшийн жолооч-оператор зэрэг 17 ажлын байранд бүртгэж байгаагаас 10 нь шууд ажилдаа орох, долоо нь ярилцлага, шалгалт өгөх гэх мэт шат дамжлагатай ажлын байр ч байна. Гэвч барилгын туслах ажилтан, туслах гэх мэт ажлыг ажил хайгчид огть сонирхохгүй байгааг тус компанийн мэдээллийн ажилтан онцолж байв. Ажлын байр сонирхож байгаа иргэд иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтын хамт ирж бүртгүүлэх бөгөөд энэ нь анхан шатны бүртгэл гэнэ. Хэрэв тухайн бүртгүүлсэн иргэн ажлын байрны тавигдах шаардлага хангаж байгаа бол ярилцлагад орох, шууд ажилдаа орох зэрэг боломжтой гэдгийг аж ахуй нэгжүүд онцолж байна. Ажлын байр сонирхож байгаа иргэдийн 60 орчим хувь нь дээд боловсролтой. Ажлын байр сонирхож байгаа иргэдийн хамгийн түрүүнд асууж буй асуулт бол цалингийн хэмжээ байлаа. 

Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлсэн, ажилгүй иргэн 34 мянга орчим байдаг бол. Хөдөлмөрийн зах зээл дээр ажилгүй иргэд 80 гаруй мянга байдаг гэсэн тоо бий. Аж ахуй нэгж, хөдөлмөрийн зах зээлд 20 мянга орчим ажлын байр эзнээс хүлээж байгаа бөгөөд үүний хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд аж ахуй нэгжүүд ч үүнд идэвхтэй оролцож байгаа юм байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Ч.Саналбаяр

Энэ талаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Ч.Саналбаяр “Эдийн засагт эерэг үр дүн үзүүлж эхэлсэн учраас аж ахуй нэгжүүд эхнээсээ захиалга өгч эхэлж байна. Нэг байгууллага 300 гаруй ажилтан авна гэсэн санал ч байна. Яг өнөөдрийн байдлаар Сүхбаатарын талбайд 40 гаруй аж ахуй нэгжийн 7000 орчим ажлын байр бэлэн байна. Харин маргааш 20 гаруй аж ахуй нэгж мөн ажлын байранд бүртгэхээр төлөвлөсөн байна. Зарлагдсан, бэлэн байгуу ажлын байрны дийлэнх нь жижиг дунд үйлдвэрлэл болон туслах ажилтан авах ажлын байр байна. Ажил сонирхож байгаа иргэд өөрийн бичиг баримттай ирж, өнөөдөр, маргааш хоёр ажлын байртай болох боломжийг бид бүрдүүлэн ажиллаж байна” гэлээ. 

Б.Даваахүү: Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэсэн

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү

Нийгмийн хамгааллын яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг буруулж, шимтгэлийг тэглэх ажлын Хаан банк болон Төрийн банктай хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Үүний хүрээнд нийт 91373 эмч, багш, ажилчид хүү багатай, шимтгэлгүй зээл авах боломжтой болж байгаа. 2016 оны эцсийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд 27490 багш, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 24179 багш ажилтан, эмнэлгийн байгууллагад 38,704 ажилтан албан хаагч байдаг бөгөөд эдгээрийн 60 орчим хувь нь их, бага хэмжээний цалингийн зээлтэй, зээл авахыг хүссэн байдаг аж. Тиймээс тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэсэн байна. Энэ талаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү “Өнөөдрийн эрүүл мэнд, боловсролын байгууллагын нийт ажилчдын 60 орчим хувь нь цалингийн зээлтэй, цалингийн зээл авах сонирхолтой байдаг. Цалин нэмэх бололцоо ойрын хугацаанд байхгүй учраас бид эдийн засгийн ямар хөшүүрэг, эргэлт байж болох вэ гэдгийг судалж, цалингийн зээлийн шимтгэлийг тэг болгож, цалингийн зээлийн хүүг 3-5 хувь бууруулж, 18 хувийн хүүтэй цалингийн зээл авах боломжтой болж байгаа юм. Энэ зээл хамрагдахын тулд нийт таваас доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх, сүүлийн нэг жил тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх гэх мэт тодорхой шаардлагууд бас тавьж байгаа. Мөн бусад банкуудтай хамтран ажиллах асуудал үргэлжилж байгаа” гэлээ. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 38,7 мянган тэтгэвэр авагч хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэврийн зээл авах, 25,8 мянган тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар дамжуулан тэтгэврээ авдаг болсон, тэтгэврээ шимтгэл, хүүгүйгээр урьдчилан авах боломжтой болсон зэрэг олон ажил хийж байгаагаа иргэдэд танилцуулж байна. 

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч байна

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусын голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварт тархалтыг таслан зогсоох “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сүхбаатарын талбайгаас авахаас гадна мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиуд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн зарим үзлэгт хамрагдах зэрэг хэрэгтэй мэдээллүүдээ авах боломжтой. Нээлттэй хаалганы өдөрлөг маргааш ч үргэлжлэх бөгөөд 21 аймагт зэрэг болж буйгаараа онцлог юм байна. 

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж