Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“Forex”-ийн тухай

“Forex” /”FX” буюу валютын зах зээл/ нь тодорхой төвлөрсөн цэггүй, олон улсын валютын арилжааны зах зээл юм. Олон улсын санхүүгийн төвүүд уг арилжааны холбогч гүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ зах зээл нь нэг валютыг арилжаалж, өөр валют худалдан авах гэсэн хүмүүсийг хооронд нь холбодог. 1970-аад онд барууны орнууд “Bretton Woods”-ын систем гэж нэрлэгддэг доллар-алтны хатуу системээс гарч чөлөөтэй хөрвөдөг валютын системд шилжсэнээс хойш гадаад валютын арилжаа буюу “Foreign Exchange” хийгдэж эхэлсэн. Олон улсын валютын арилжаа нь олон талаараа бусад хөрөнгө, үнэт цаасны арилжаанаас ялгаатай. Тухайлбал:

  • Маш “шингэн” буюу хувирах чадвар сайтай зүйлс буюу валютуудыг хооронд нь арилжаалдаг
  • Газарзүйн хувьд нэгдсэн нэг төв цэггүй
  • Хагас бүтэн сайнаас бусад өдөр хоногийн 24 цаг тасралтгүй арилжаалагддаг.
  • Бусад зах зээлийг бодвол илүү бага үнийн зөрүүн дээр арилжаа хийдэг
  • Ашгаа нэмэгдүүлэхийн тулд хөшүүрэг ашигладаг

Чухамдаа ийм онцлогуудтай учраас эдийн засагчид форексийн зах зээлийг бараг төгс өрсөлдөөнт зах зээлийн жишээ гэж үздэг. 2007 оны дөрөвдүгээр сарын байдлаар тус зах зээл дээр өдөрт 3.98 триллион ам.долларын арилжаа хийж байсан. Үүнээс дэлхийн санхүүгийн гол төвүүд дээр 3.21 триллион ам.долларын гүйлгээ хийж байсан. Форексийн зах зээл дээр хувь хүмүүс, брокерын пүүсүүд, хувийн банкууд оролцдогоос гадна улс орнуудын төв банкууд хамгийн том оролцогчид нь байдаг. 2009 оны тавдугаар сарын байдлаар тус зах зээл дээр хамгийн идэвхтэй оролцож байсан 10 оролцогч нь:

  1. Германы “Deutsche Bank” зах зээлийн 20.96 хувь
  2. Швейцарийн “UBS AG” – 14.58%
  3. Их Британийн “Barclays Capital” – 10.45%
  4. Их Британийн “Royal Bank of Scotland”-  8.19%
  5. АНУ-ын “City” – 7.32%
  6. АНУ-ын “JPMorgan” – 5.43%
  7. Их Британийн “HSBC” – 4.09%
  8. АНУ-ын “Goldman Sachs” – 3.35%
  9. Швейцарийн “Credit Suisse” – 3.05%
  10. Францын “BNP Paribas” – 2.26%

тус тус эзэлж байсан. Тус зах зээл дээр олон улсын валютын бутархайг дөрвөн орны нарийвчлалтайгаар тооцоолдог бол ганцхан Японы иенийг хоёр орны бутархайгаар тооцдог. Жишээ нь нэг ам.доллар 15 центийг 1.1500 ам.доллар гэж тооцох бол иенийг 1.15 иен гэж боддог. Тус зах зээл дээрээс маш их ашиг олсон олны танил хүний тоонд Монголд салбар нь ажиллаж байсан Нээлттэй нийгэм хүрээлэнгийн санхүүжүүлэгч Жорж Сорос багтдаг. Түүнийг 1992 оны есдүгээр сарын 12-нд хийсэн арилжаагаараа 1.1 тэрбум паундын ашиг олсон гэж тооцдог. Форексын зах зээл дээр ашигтай гүйлгээ хийхийн тулд тооцоо судалгаа мэдээлэл их шаарддаг бөгөөд хэрвээ буруу алхам хийвэл богино хугацаанд маш их алдагдал хүлээх эрсдэлтэй гэдгийг санхүүгийн шинжээч, зөвлөхүүд анхааруулдаг.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж