Телевизээр цацсан сурталчилгаа 1 тэрбумд хүрэв

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Телевизээр цацсан сурталчилгаа 1 тэрбумд хүрэв

“Амьдралаа 100% хариуцаад эхэлсэн үед юу болдог гэж сананаа? Буруугаа тохох хүнгүй болдог.”-Erica Jong

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигчийн арилжааны дөрвөн телевизээр цацсан ес хоногийн сурталчилгааны зардал 1 тэрбум орчим төгрөгт дөхөж очсон байна.

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллага нь сонгуулийн компанит ажлын санхүүжилтэд мониторинг хийхэд дээрх дүн гарчээ. Энэ талаараа өнөөдөр/2017.06.19/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Сурталчилгааны зардлыг тооцон гаргахдаа ‘C-1’, ‘MN-25’, ‘TV-9’, ‘UBS’ гэсэн дөрвөн телевизийн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн үнийн саналд тулгуурлан, цацсан мэдээллийнхээ цагтай уялдуулж дунджаар тооцон гаргасан байна. Зардлыг нарийвчилбал:  

  • Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 371.032.953
  • МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 356.951.734
  • МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 248.776.199 төгрөг

Нийт дүнгээрээ гурван нэр дэвшигчийн ес хоногийн хугацаанд дөрвөн телевизээр цацсан сурталчилгааны зардал 976.760.886 төгрөгт хүрч буй аж.

Айл өрхүүдэд нэг удаад тараахаар хэвлүүлсэн гурван нэр дэвшигчийн сурталчилгааны хэвлэмэл материалын зардал мөн 1 тэрбум төгрөгт хүрсэн, тараах, орон нутагт хүргэх зардлыг нэмж тооцвол зардал өснө гэж тус төрийн бус байгууллагын тэргүүн хэллээ.

Энэ удаагийн сонгуулийн компанит ажлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас гарган, олон нийтэд мэдээлсэн нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад дэвшил авчирлаа гэж тодотгосон юм.


Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллагын захирал Ц.Мандухайхатанаас дараах тодруулгыг хийлээ.

-МАХН-аас нэр дэвшигч А.Ганбаатар нь гадаадын байгууллагаас 50 сая вон авсан нь  хууль зөрчсөн гэсэн мэдээллийг Ардчилсан намаас хийгээд байгаа. Энэ үнэн үү, дүн шинжилгээ хийж үзсэн үү?

-Бид Сонгуулийн тухай хууль хэрэгжиж байна уу гэдэгт мониторинг хийж байна. Нэр дэвшигчид сонгууль болсноос 30 хоногийн дараа санхүүжилтийн эх үүсвэрээ аудитаар хянуулж, Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлдэг хуулийн заалттай. Одоогийн мониторинг нь нийгэмд гараад байгаа шуугиантай холбоотой зүйлд чиглэхгүй байна.

Харин энэ асуудлаар аудит нь өөрөө хянаж чадаж байна уу гэдэгт мониторинг чиглэнэ. Нэр дэвшигчийн олж ирж байгаа санхүүжилтийн эх үүсвэрийг баримтжуулах хэмжээний тайлангийн маягт боловсруулж байна уу гэдэг талаар аудитын байгууллагатай маргааш уулзалт хийнэ. Аудитын байгууллагад олон улсын жишигт нийцсэн санал зөвлөмжийг хүргүүлнэ.

-Нэр дэвшигч гадаадын байгууллагаас хандив авбал эргүүлэн татагдах ёстой юу?  

-Хуулиараа бол хориглосон. Ийм, ийм эх үүсвэрээс санхүүжилтийн эх үүсвэрийг авч болохгүй гэж заасан. Энэнд төрийн байгууллага л хяналт тавих ёстой.

-Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигчдийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргасан нь дэвшил боллоо гэж та бүхэн үзэж байна. Гэхдээ Ардчилсан намаас нэр дэвшигч хөрөнгийнхөө гуравны нэгийг л мэдүүлсэн гэдэг маргаан гарах боллоо. Анализ хийж үзсэн үү. Хөрөнгөө үнэн зөвөөр мэдүүлж чадсан уу?

-Авлигатай тэмцэх газраас Хөрөнгө орлогын мэдүүлгийн эх хувийг хүссэн, одоогоор ирүүлээгүй байна. Бид хатуу дүгнэлт хэлэхэд хэцүү байна. Төрийн бус байгууллагын хувьд мэдээллийг ил тод болгоод хэлэлцүүлгийг олон нийтийн дунд өрнүүлсэн нь дэвшил юм.

Яагаад гэвэл өмнө нь бид юу ч мэддэггүй байсан. Мэдээлэл нь үнэн зөв байна уу гэдэгт төрийн байгууллага хяналт тавих ёстой. Арга зүй, заавар зөвлөмж өгөх аргачлалыг илүү олон улсын жишигт нийцсэн байдлаар хүргэхийн төлөө ажиллаж байна.

Телевизүүдийн сөрөг мэдээлэл нэмэгдэж байна

Нэр дэвшигчидтэй холбоотой сөрөг сурталчилгаа нэмэгдэх болсныг “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Глоб интернэшнл төвөөс өнөөдөр мөн мэдээллээ.

Энэ удаагийн мониторинг нь зургадугаар сарын 10-14-ний хооронд цацсан мэдээлэлд үндэслэгдсэн байна. Ингэхдээ хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд дөрвөөс дээш жил оршин тогтносон, нэр дэвшигчийн хамаарал зэрэг шалгуураар МҮОНТ, C-1, MN-25, TV-9, UBS нэр бүхий таван телевизэд суурилжээ.

Мониторингоор төвийг сахисан мэдээлэл буурч, сөрөг мэдээлэл нэмэгдэх хандлагатай болжээ. Тухайлбал, МҮОНТ-ийн төвийг сахисан өнгө аястай мэдээлэл буурч 17 хувь болсон бол С-1 телевизийн сөрөг өнгө аястай мэдээлэл хоёр дахин нэмэгдэж, 50 хувьд хүрсэн байна.

Мониторингийн нэгдүгээр үед ТV-9 телевизийн мэдээлэлд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын, С-1, MN-25 дугаар суваг телевизээр Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын, UBS телевизээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгаа давамгайлж байсан бол хоёрдугаар мониторингд энэ байр суурь өөрчлөгджээ.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын мэдээлэл ТV-9 телевизэд 45 хувь, С-1 телевизэд 51 хувь болж өөрчлөгдсөн байна.

Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын мэдээлэл UBS телевизэд 36 хувь, MN-25 дугаар суваг телевизэд 46 хувийг эзэлжээ.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын мэдээлэл арилжааны бусад телевизүүдэд 28-33 хувийг эзэлсэн бол С-1 телевиз дөнгөж 1 хувьтай тэнцэх цаг оноосон байна.

Далд сурталчилгааг МҮОНТ илүү хийж байна

Арилжааны телевизүүдэд далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээллийн цаг буурсан бол МҮОНТ-д далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл илэрч, энэ нь 6 хувьд хүрчээ.

C-1 телевизийн далд сурталчилгааны шинж агуулсан мэдээллийн цаг буурсан хэдий ч 35 хувийг эзэлж байгаа нь бусад арилжааны телевизүүдтэй нь харьцуулахад өндөр хувь аж.

Өмнөхөөс дэвшилттэй зүйл ажиглагдсан нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн цаг арилжааны телевизүүдэд нэмэгджээ. Энэ чиглэлийн мэдээллийг С-1 телевиз хамгийн ихээр бэлтгэн цацсанаараа тэргүүлж байна. Нийт сонгуультай холбоотой мэдээллийн 44 хувийг эзэлж буй аж.

МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл буурч 23 хувьд хүрсэн байна.

Гэхдээ нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хараат бус хөндлөнгийн шинжээчээр тайлбарлуулж, үнэлэлт дүгнэлт хийлгэсэн, нэр дэвшигчдийн төлөөлөл тэгш эрхтэйгээр мэтгэлцсэн зэрэг мэдээлэл дутмаг хэвээр байгааг онцоллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж