Ч.Мөнх-Эрдэнийн эмчилгээнд 240 сая төгрөг шаардлагатай байна

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Ч.Мөнх-Эрдэнийн эмчилгээнд 240 сая төгрөг шаардлагатай байна

Н.Мягмар Галдан бошигтын дүрд

Ятга хөгжмийн хосгүй төлөөлөгч, нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ эдгээр өдрүүдэд БНСУ-д яаралтай эмчилгээнд ороод байна. Тэрээр ходоодны хорт хавдраар хүндээр өвчилж, III шатанд орж эмчилгээ хийлгэж байгаа юм. Энэ өвчнийг анагаахын тулд Сөүл хотод мэс засал эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээний зардалд 240 сая төгрөг шаардлагатай болоод байна. Өнөөдөр түүний эмчилгээнд хандив өргөх тоглолтын талаар мэдээлэл өгөхөөр урлагийнхан цугласан юм. Улсын драмын эрдмийн театрт болсон энэхүү хуралд урлаг соёлын төлөөлөл болон “Хатан ятгын эгшиглэн тасаршгүй” сайн үйлсийн аяны хамт олон оролцлоо.

Ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолт UB Palace, Монгол бөхийн өргөөнд зургадугаар сарын 30, долоодугаар сарын 1ний өдөр болох аж.

“Хатан ятгын эгшиглэн тасаршгүй” рок, поп дуучдын нэгдсэн тоглолт зургадугаар сарын 30-ны 19.00 цагаас UB Palace концертын их танхимд болно. Мөн “Бид монголчууд” мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт долдугаар сарын 1ний 17.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болохоор болжээ.

Энэхүү сайн үйлсийни аянд нэгдэж, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид оролцох юм. Үүнд, УДЭТ, УДБЭТ, ҮУИТ, Улсын филармони, ЦДБЭЧ, Улаанбаатар чуулга, “Түмэн эх” чуулга, СУИС, ХБК, Олон улсын хөөмэйн сургуулийн багш нар, “Хөсөгтөн”, “Бөртэ”, “Алтай” зэрэг язгуур урлагийн хамтлагууд оролцохоо гадна Ардын жүжигчин А.Долгор, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Г.Эрдэнэбат, У.Далантай, Н.Чулуунхүү, С.Цогтсайхан, Л.Болдбаатар, Х.Лхагвасүрэн \Харанга\, Д.Дашдондог, Б.Чинбат нарын алдартнууд оролцоно. Мөн дуучин Б.Наран, Т.Дэлгэрмөрөн, С.Сэрчмаа, Д.Баярцэцэг, Ука, хийлч Дээгий, “Хурд”, “Никитон”, “Эмошин”, “Ньанс”, “Увертюра”, “Дэлхий”, “Жаз” хамтлагууд багтжээ. Бусад дуучдаас Г.Бямбажаргал, Ө.Цэрэнчунт, Э.Болормаа, Х.Батмэнд, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Д.Бурмаа, А.Мөнхбат, Л.Банзрагч, Э.Төрмандах, О.Гансувд, Л.Чулуунбаатар, А.Түмэн-Өлзий, П.Идэржавхлан зэрэг уран бүтээлчид уран бүтээлээ хүргэхээс гадна ҮУИТ-ын Үндэсний их найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээр оролцох аж. Хоёр өдөр дараалан болох тоглолтын найруулагчаар Гавьяат жүжигчин Ё.Цэрэндолгор ажиллаж байгаа юм байна.

“Хатан ятгын эгшиглэн тасаршгүй” сайн үйлсийн аянд монголчуудаа нэгдэхийг уриалж, зургадугаар сарын 30, долоодугаар сарын 1ний өдөр болох тоглолтуудыг үзэж, сэтгэлийн хандив өргөхийг хүслээ.

Ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолт болон бусад арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Урлаг маркет” ХХК ажиллаж байгаа бол “Хос хас пресс”, “Үлэмж” продакшин, Сайн найзууд групп, “Эвлэн мандуулах хүч”, “Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхөн хамтран ажиллаж байна.

Монголын Үндэсний ятга хөгжмийн тоглоочийн ур чадварт бодитой шинэчлэл хийж, ноотлох тэмдэг тэмдэглэгээг зохиож, эртний нүүдэлчдийн Алтай ятга, Аху их ятгыг сэргээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, монгол хөгжмийн гайхамшиг, уран бүтээлчийн чансааг дэлхийд гайхуулж яваа ховорхон уран бүтээлч, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэд туслахыг Монголын ард түмнээсээ хүслээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж