Монгол Улсаас Бүгд Найрамдах Эстони Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан 2017 оны зургадугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Керсти Калүляйдад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч К.Калүляйд Элчин сайд М.Энхсайханыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс Бүгд Найрамдах Эстони Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч зэрэгт салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох өргөн боломж буйг Ерөнхийлөгч К.Калүляйд онцлон тэмдэглэв.
Түүнчлэн ИЖБ-ээ барьж буй Элчин сайд М.Энхсайханыг Эстонийн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Р.Сакс хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Мөн Эстони дахь Монгол Улсын Өргөмжит консул Л.Каринди Элчин сайдыг хүндэтгэн Өргөмжит Консулын Газарт хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтад Эстоний Парламент, ГХЯ, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.
Эх сурвалж: ГХЯ