60 тэрбум, Билли Лим, 50 сая вон

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

60 тэрбум, Билли Лим, 50 сая вон

Жүжигчин Ундрал Лос-Анжелост

Орхон аймагт болсон Ардчилсан намын нэр дэвшигчийн уулзалтын үеэр нэгэн сонгогч ялсан тохиолдолд МАН-ын 60 тэрбумын наймааг дэлгэсэн Г.Доржзодов гэгчид ‘Улсын баатар’ цол олгохыг Х.Баттулгад зөвлөжээ. Ингээд нэг шантаажчин Улсын баатарт өргөмжлөгдөх хэмжээний од, эх оронч болохыг үздэг Монголын сонгуулийн хар пи-ар аа гэж.  “Ичсэн хүн хүн ална” гэгчээр МАН-ынхан энд тэндээс лайв хийгээд ч эвлүүлэг биш нь нэгэнтээ ойлгомжтой болсон. Ер нь бол МАН ч, Г.Доржзодов ч аль, аль нь  “Баяраа чинь ширээн дээрээс өөрөө л ойччихсон юм билээ ш тээ’  л болсон юм байна лээ.  

Жаран тэрбумын асуудал Монголын төрийн эмгэнэл мөн үү, мөн. Гэвч, сонгуулийн хэрүүл болгочихоор гол “баатар”-ууд нь тодроод  гол үнэнгээ бүдгэрүүлчихэж байгаа хэрэг. 

Мэдээж, МАН-ын пи-арчид зүгээр суусангүй, ‘Баянгол’-ын хувь эзэмшигч, Сингапурын иргэн Билли гэгч Х.Баттулгатай хэрхэн түншилсэн талаарх баримт, факт дэлгэж хариу цохилт хийлээ. Хэдий баримт сайтай нэвтрүүлэг болсон ч 60 тэрбумын хэрэг шиг сонгуулийн шоу болгочихоор нөгөө гол үнэн нь хэрүүлдээ дарагдчихаж байгаа юм. Бас С.Ганбаатарын 50 саяын вонын авилгын асуудал байна. Нөгөө 200 хүний толгой хяргах асуудал яван явсаар  200 мянга болж өсчихсөн байх жишээтэй. Хоёр зуун мянган хүний толгойг авчихбал Монгол ялах юм даг уу даа. Дээр нь Осоржамаа ч бас юу чив. Шорлогоо зараад мөрөөрөө явж байхгүй, улс төрийн хар хэрүүлд хутгалдах ч залуу хүнд уг нь  сайн зүйл биш юмсан.

Иймэрхүү л маягаар энэ удаагийн сонгуулийн пи-ар үргэлжилж, өрсөлдөгч рүүгээ хар будаг цацах явдал хэрээс хэтэрлээ. Юун хууль, юун бодлого, юун шударга өрсөлдөөн бэ. Ирэх Бямба гариг хүртэл нэр дэвшигчид ямар “бөмбөг” нийгэмд тэслэхийг хэлэхэд хэцүү ч, тийм юм болно гэж таамаглахад хэцүү биш.

Хэвлэл мэдээлэлд хатуу хязгаар тавьсан Сонгуулийн тухай хууль нэр дэвшигчдийн хэнд нь ч хамаагүй бололтой. Сонгуулийн хуулийн сурталчилгаанд хяналт тавих үүрэгтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хууль, цагдаатайгаа нийлээд ч хууль зөрчсөн пост, мэдээ мэдээлэл, нэвтрүүлгийг нь хянаж дийлэхээ байжээ. Ялангуяа олон нийтийн сүлжээнд тараах хуурамч болон хууль зөрчсөн мэдээллүүд утгаа алдаж, твиттер, фейсбүүк зэрэг сошиал сүлжээний сувагт голлож анхаарсан Доналд Трампын тактикт хэн хэн нь ач холбогдол өгч буй нь ил байна.

Ардчилсан намын үед Р.Бурмаа нарын санаачлан батлуулсан хуулиар бол М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гурав гурвуулаа эргүүлэн татагдах болзлоо аль хэзээний хангачихсан, бүр хууль шүүхэд дуудагдсан байх ёстой байв. Гэвч, мэдээж тийм зүйл хэзээ ч болохгүй л дээ.

Үнэн хэрэгтээ энэ удаагийн сонгууль урьд өмнөх сонгуулиас илүү өрсөлдөөнтэй, хурц ширүүн, сөрөг дайралт ихтэй, сонгогчдыг стресс, дарамтанд оруулж байна. Жилийн өмнө болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ч ийм бохир технологитой байгаагүй юм шүү.  Харамсалтай нь, долоо дахь удаагаа явагдаж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн бохир аргаар нэр дэвшигчид өрсөлдөж, Монголын хууль ч тэдэнд хүрч үйлчлэхээсээ өнгөрч. Тэр бохир технологиос нь болоод нэр дэвшигчдийн дэмжигчид, фанатууд нь бараг хоорондоо чулуу нүүлгэх  нь холгүй байгаа. Хэн нэгэн нэр дэвшигч рүү нь жаахан сөрөг довтолгоо хийсэн хүнийг  компьютерийн цаанаас “буудах” нь ээ.

Уг нь нийт сонгогчдын 14 хувь нь сошиалаас мэдээлэл авдаг, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар гэхэд өч төчнөөн мөнгөөрөө сошиалд Sponsored хийгээд шатсан хүн олон бий.

Ийм муухай сонгуулийн сурталчилгаа харсангүй гэж иргэд элий халаг болж байна. Аргагүй л дээ, хууль үйлчлэхгүй сонгуулийн худал, үнэн мэдээлэлд төөрөгдсөндөө сонгогчид сонголтгүй сонгууль боллоо гэж шогшрохоос яахав.  Урлаг, спортын том, том шоу, тоглолт зохион байгуулж, хүүхэд хөгшдөд гарын бэлэг тараадаг байсан өмнөх сонгуулиуд харин ч амар амгалан, стресс дарамтгүй байсан юм биш үү, ингэхэд.

Иргэд намуудаас бодлогын өрсөлдөөн, нэр дэвшигчдээс ядаж л монтажгүй ярилцлагыг нь үзэхийг хүсч байна. Ялангуяа хөвөгч сонгогчид. Гэтэл, ийм боломжийг нэр дэвшигчид сонгогчдодоо өгөхөөс илүү өрсөлдөгчөө байж болох бүх муу аргаар, муухай байдлаар гутаахыг л оролдоцгоож байна.  Угсаа гарал, үр хүүхэд, гэр бүл, ажил төрөл, идсэн уусан, хулгайлсан зувчуулсан бүхнээ ил дэлгэж байгаа хуульгүй энэ сонгуулийн дараа харин дэлгэж тавьсан баримтуудынх нь араас хууль шүүхийнхэн ажлаа шударгаар, сайн хийнэ гэж найдъя. Г.Доржзодов гэгчийн дэлгэсэн 60 тэрбумын хэрэг, Билли гэгчтэй хамсаж нуусан Х.Баттулгын 1.5 тэрбум ам.долларын оффшорын асуудал, 50 сая воныг МҮҮН-ийнхнээс авсан С.Ганбаатарын авлига гээд олон баримт хуулийнханд ил боллоо. Эдгээр мэдээлэл хэрэвзээ худлаа бол хүн гүтгэсэн хэргээр бас хариуцлага тооцох ёстой. Эцэст нь хуульгүй сонгуулийн ач холбогдол нь гэвэл хуулийнханд олдсон худал, үнэн фактууд л юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж