Бүс нутгийнхны уулзах цэг Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2017.06.19-нд нийтлэгдсэн

Бүс нутгийнхны уулзах цэг Улаанбаатар

Бүс нутгийнхны уулзах цэг Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил ид дундаа өрнөж, Монголын нийгэм гурван нэр дэвшигчийн сайхан, муухайгаас өөр мэдээлэл олж сонсохгүй өдрүүд өнгөрч байна. Сонгуулийн шуугианд нэгэн чухал үйл явдал дарагдан өнгөрсөн нь дөрөв дэх удаагаа зохиогдсон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал байлаа.

“Хельсинкийн үйл явц”-ыг жишээлэн Зүүн Хойд Азид аюулгүй байдлыг яриа хэлэлцээний замаар тогтоох механизмыг бий болгох санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны дөрөвдүгээр сард болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын уулзалтын үеэр гаргасан нь ийнхүү ажил хэрэг болон энэ жил дөрөв дэх удаагаа Улаанбаатар хотноо зургадугаар сарын 15-16-нд болж өнгөрлөө.

2013 оноос хойш “Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”, “Зүүн хойд Азийн орнуудын хотын дарга нарын чуулга уулзалт”, “Зүүн хойд Азийн Эрчим хүчний хэлхээ холбоо” шинжээчдийн уулзалтыг тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Дэлхийн анхаарал татсан бүс нутаг хэвээр байгаа Зүүн Хойд Ази нь энэ он гарсаар илүүтэй олны хараанд байна. Энэ нь Хойд Солонгосын зүгээс удаа дараа хийж буй цөмийн пуужингийн туршилттай холбоотой. Ийм эгзэгтэй үед энэ хурал болж, БНАСАУ-ын төлөөлөгчид ирж оролцлоо.

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэн, ГХЯ энэхүү бага хурлыг хамтран зохион байгуулсан бөгөөд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн зургаан улсаас гадна АНУ, ХБНГУ, Канад, Франц болон НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан дотоод, гадаадын нийт 150 гаруй төлөөлөгч, эрдэмтэн судлаач оролцлоо.

Өмнөх гурван удаагийн бага хурлыг академик буюу хоёрдугаар сувгийг өргөнөөр ашиглан эрдэмтэн судлаачдыг хамруулсан бол энэ удаад 1.5 буюу төр засаг болон академик хосолсон хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог байлаа.

Бага хурлын хүрээнд “Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын орчны үндсэн өөрчлөлт”, “Хэтийн замнал-Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах нь”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хэлхээ холбооны үр нөлөө”, “Зүүн хойд Ази дахь байгаль орчны аюулгүй байдлын хамтын ажиллагааны үр нөлөө” гэсэн дөрвөн хуралдаан болно.

“Улаанбаатарын яриа хэлцээ”-нд хүрэлцэн ирсэн зургаан орны төлөөлөгч ийнхүү нэгэн дор цуглан нэг ширээний ард суух нь олон улсын харилцаанд бараг тохиолдохоо больсон үзэгдэл юм. Уг хуралд оролцсон БНАСАУ-ын төлөөлөгчдийг тус улсын Гадаад хэргийн яамны Америк судлалын хүрээлэнгийн дэд захирал Ри Ён Пил тэргүүлэн ирсэн.

Бага хурлаар бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаас гадна Зүүн хойд Азийн улс орнуудын эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх, найдвартай эх үүсвэрийг бий болгох, түүнчлэн байгаль орчин тэр дундаа усны асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцлээ.

Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил бага хурлыг дүгнэн МОНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр дэлхий дээр Ойрхи Дорнод, Сири хийгээд Солонгосын хойг гэсэн хэдхэн анхаарлын төвд байгаа халуун цэг байна. Эдгээр олон нийтийн анхаарлыг татаж буй асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улс бага ч гэсэн хувь нэмрээ оруулах ёстой. Тиймээс тулгамдаж буй аливаа асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдэх ёстой хэмээн үзэж байгаа юм. Үүний тулд улс орнууд хэн нэгнээс айж болгоомжлох зүйлгүйгээр бие биетэйгээ уулздаг бүс нутаг байх ёстой юм. Ийм л цөөн газрын нэг нь Монгол Улс. Иймд энэхүү нөөц бололцоондоо тулгуурлаж манай улс бага хурлыг үр дүнтэй зохион байгуулж чадлаа” гэжээ.

Зүүн Хойд Ази бол аюулгүй байдлын асуудлаа шийдэж чадвал дэлхийн хамгийн эрчимтэй өсөлттэй эдийн засаг бүхий бүс болох боломжтой газар нутаг юм. Хүн амын тоогоороо дэлхийн хамгийн шигүү суурьшсан бүс нутгийн нэг. Дэлхийн хүн амын 20 хувь энэ бүсэд оршин сууж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж