Бүх зүйл техникжиж, хүнсний ногоогоо хүртэл хиймлээр ургуулж, байгалийн органик бүтээгдэхүүн хэрэглэхүйе бэрх болсон энэ цагт Монголыг сонирхогчид, нүүдэлчдийн байгаль дэлхийтэйгээ нягт холбогдсон шүтэн барилдлага бүхий ахуй амьдралыг үзэхээр ирэгсэд жилээс жилд нэмэгдэх болжээ. Та хөдөө явахдаа үүргэвч үүрэн, бургас тулчихсан яваа эсвэл жижигхээн майханд зам дагуу тухласан гадныханг бишгүй харсан биз. Хамгийн хямд зардлаар аялж буй тэднээс овоож, оцойтлоо ашиг олохгүй л дээ. Гэхдээ л хамгийн багадаа тэд Монголд 1000 ам.доллар үлдээгээд буцдаг.
Жуулчдын зарцуулж буй мөнгөний хэмжээг сонирхон харвал, Монголбанкны 2011 онд хийсэн Түүвэр судалгаанд Монголд байх хугацаанд 800-2100 ам.долларыг зарцуулдаг гэж гарчээ. Харин үүнээс дөрвөн жилийн дараа хийсэн судалгаагаар дунджаар 14 хоногт 1,774 ам.доллар зарцуулж байна гэж гарчээ. Энэ нь Монголбанкнаас 2011 онд гүйцэтгэсэн судалгааны үр дүнгээс 31%-иар өссөн үзүүлэлт юм.
Тэгвэл “Дэлхий даяар 2020 онд аялах жуулчдын тоо 1995 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэж 1,6 тэрбумд хүрэх бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт аялах жуулчдын тоо дэлхийн бусад бүсүүдээс илүү хурдацтай нэмэгдэнэ” гэж НҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаанд дүгнэжээ.
Харин Монгол Улс 2025 он гэхэд жуулчдын тоог хоёр саяд хүргэж, Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс гаргасан аялал жуучлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 99 дүгээр байрнаас 85 дугаар байранд хүргэх боломжтой гэж АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-төө тусгажээ.
Өдгөө Монголд аялал жуулчлалын чиглэлээр 600 гаруй тур оператор компани, 370 зочид буудал, 300 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж, нийт 50 мянга гаруй хүн энэхүү салбараас амьдралаа залгуулж байна.
Гэхдээ эдгээр байгууллага улирлын чанартай. Дэлгэр зуны гурван сард л жуулчдыг хүлээн авна. Харин энэ жилээс эхлэн БОАЖЯ-ны зүгээс зуны гурван сард жуулчин татдаг хугацааг уртасгаж, жилийн 5-6 сард жуулчин хүлээн авдаг болохоор ажиллаж байгааг дуулгалаа. Тодруулбал, Өвлийн улиралд аялахаар ирсэн жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлд тодорхой бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж ажиллах гэнэ. Дээр нь бид энэ салбартаа илүү анхаарал хандуулж, хөрөнгө оруулах шаардлагатайг ирж буй жуулчдыг бүрэн хүлээн авах хүчин чадал хүрэлцэхгүй байгаа жишээнээс харж болно. Нөгөөтэйгүүр зуны улиралд олон улсын нислэг, зочид буудлын хүрэлцээ манайд дутмаг, өвөлдөө хоосон шахуу байдагучраас жуулчин хүлээн авах хугацааг уртасгаж, ачааллыг нь тэнцүүлэх нь чухал аж.
Тэгвэл өнгөрсөн өвөл жуулчид хүлээн авах ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ? Салбарын яамны мэдээллэр “Нүүдэлчдийн өвөл”, “Мөсний баяр”, “Тэмээний баяр”, “Бүргэдийн баяр”, “Улаанбаатар цасны солонго”, “Шинийн 1-ний нар харах ёслол” зэрэг жуулчин татах эвент зохион байгуулжээ.
Харин орлогын хувьд өнгөрсөн 2016 онд манай улс 404 мянган гаднын жуулчин ирсэн бөгөөд эдийн засагт 312 сая ам.долларын орлого оруулсан гэнэ. Үүнийг 2015 онтой харьцуулахад дөрвөн хувиар өсчээ.
2017 оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсад ирж байгаа жуулчдын тоо дунджаар 20 орчим хувь өссөн албан тоо байна. Оны эцэст өсөлтөө хадгалж чадвал, 2017 онд 480 мянган жуулчин хүлээн авах төсөөлөл бий. Ингэж чадвал өнгөрсөн оноос 76 мянгаар илүү жуулчин авна гэсэн үг. Тэд дээр дурдсан дундаж жишгээр мөнгө зарцуулна гэж тооцвол 120 сая ам.долларыг бид аваад үлдэх боломж байна.
Гэхдээ бидэнд үнэндээ тэдний мөнгийг нь авах үйлчилгээ тун хомс. Өөрийн гэсэн онцлогтой, үзүүлж харуулах зүйлтэй газар тун ховор.
Өнгөрсөн зун, намаржин улаанбаатарчуудын шуугисан “У булан” гэхэд үзээд гомдмоор. Гадны жуулчдыг татах нь байтугай өмнөөс нь ичмээр л дүр зураг угтдаг. Уг нь бид ашиглаж чадвал бишгүй боломж байна. Гадаадын жуулчид тансаг үйлчилгээ, тохь тух мэдрэхээр Монголыг зорьдоггүй ч ирсэндээ гомдохооргүй сэтгэгдэл төрүүлэх нь чухал. Адаглаад л бүхнийг зоосны нүхээр харахаас илүү үнэндээ нийцсэн үйлчилгээ үзүүлж, ил “ОО”-оосоо бүрэн татгалзчаад жуулчдыг даллах нь чухал. Хийх хүнд санаа, хийхгүй хүнд шалтаг гэгчээр аятайхан аргалж байгаад ахиухан мөнгийг нь үлдээх нь бидэнд чухал. Түүнд заавал их хэмжээний хөрөнгө шаардагдахгүй л болов уу?!
Холбоотой мэдээ