Б.Цэцэгбаяр залуучуудын тивийн аваргын буухиаг үргэлжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.06.18-нд нийтлэгдсэн

Б.Цэцэгбаяр залуучуудын тивийн аваргын буухиаг үргэлжлүүлэв

Хэнтийчүүд Ардын хувьсгалын 91, аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадмаа өргөн дэлгэр хийлээ.

Чөлөөт бөхийн 2017 оны залуучуудын Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайваны Тайжун хотноо өнгөрөгч баасан гаригт\2017.06.16\ эхэлсэн билээ. Азийн шилдэг бөхчүүд өрсөлдөж буй тивийн аваргад манай улсаас “Женко” клубийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч Ё.Батдархан нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.

Өчигдөр манай бөхчүүдээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян, эмэгтэйчүүдийн 72 кг-д Б.Цэцэгбаяр нар аваргын алтан медаль хүртэж, тивийн аварга боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд М.Лхагвагэрэл мөнгө, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Чимгээ хүрэл медаль хүртэж, багийнхаа амжилтын буухиаг үргэлжлүүлсэн юм.

Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд өрсөлдсөн Б.Цэцэгбаяр Тайваны дэвжээнд урамтай сайхан барилдаж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр шөвгийн наймд Энэтхэгийн П.Поожаг 3:2-оор, хагас шигшээд дэвжээний эзэн орны бөх Хуи Ци Чаныг мөн 8:3-аар ялж, мөнгөн медалийн болзол хангасан юм. Түүнтэй Азийн аварга БНХАУ-ын Чучу Ян алтан медалийн төлөө барилдах байсан ч бэртлийн улмаас дэвжээнд гараагүй юм. Ингэснээр Б.Цэцэгбаяр залуучуудын тивийн аварга цолыг хүртсэн бөгөөд тус цолыг хүртсэн Монголын долоо дахь эмэгтэй тамирчин болж байна. Түүнээс өмнө 2007 онд О.Насанбурмаа /Филиппин, Манила, 72 кг/, 2008 онд Э.Нарангэрэл /Катарын Доха, 44 кг/, Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг /51 кг/, Э.Цэвэгмид /55 кг/, 2009 онд Гавьяат тамирчин С.Батцэцэг /Филиппин Манила, 59 кг/, 2014 онд А.Батцэцэг /Улаанбаатар, 55 кг/ нар залуучуудын Ази тивийн аварга цолыг хүртээд байсан юм. Энэхүү амжилтыг 2017 онд Тайваны Тайжун хотноо “Арслан” клубийн тамирчин Бямбадоржийн Цэцэгбаяр үргэлжүүллээ. Тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, залуучуудын Азийн аваргаас хүрэл медаль хүртээд байсан бөгөөд өөрийн амжилтаа залуучуудын Азийн аваргаар нэмлээ.

Өнөөдөр Азийн аваргын сүүлийн жингийн барилдаанууд болж, өндөрлөнө.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж