Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүлэв

Нийслэлд автозамын засварын ажил хийгдэж буйтай холбоотойгоор 100 айлаас Сансрын колонк руу өгсдөг гүүрний автозамын хөдөлгөөнийг хязгаарласан байна.

‘Шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхэд хэрэглэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр (2017.06.17)болж байна. Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгчид, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл оролцлоо. Мөн онлайнаар орон нутаг дахь шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хэлэлцүүлэгт оролцсон юм.

Н.Лүндэндорж: Эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэлийн хувь заяа шүүгчдээс шууд хамаарна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ ‘Шүүхийн шинэтгэл иж бүрэн асуудал. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шүүх эрх мэдэл гэдэг ‘айл”-ынхаа дотор байгаа, өөрсдөөсөө хамаарах гайгүй сайн шинэтгэлийг хэрэгжүүллээ. Үүнийг ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монголын шүүхийн үйл ажиллагаанд анх удаа дүгнэлт өгч, дэлхийд зарласнаар баталсан гэж болно. Энэ бол бид бүгдийн өнгөрсөн дөрвөн жилд хийсэн хамтын ажиллагааны үр дүн.

Дотоод шинэтгэлийн хүрээнд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал гэсэн хоёр том баганы хүрээнд тойрсон асуудлаа нэлээд шийдлээ. Цаашид шийдэх асуудал ч үлдсэн. Олон нийтийн зүгээс ч шүүмжлэл, хардлага ч байсаар байгаа. Асуудлыг шүүгч бүр дор бүрнээ бодож байвал үүнийг өнөөдөр биш гэхэд маргааш шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг.

Шүүхийн шинэтгэлийг иж бүрэн цогц гэж үздэг учраас шийдэгдээгүй асуудлууд байгаагийн нэг нь хуулийн сургуулиудын шинэтгэл. Дэлхийн улс орнууд шүүхийн шинэтгэлээ хуулийн сургуулиудын шинэтгэлтэй хамт хийдэг. Харин Монгол Улсад үүнийг орхисон. Бид санаа, сэдлийг нь хэлж сануулах ёстой. Харин шийдэх эрх нь харъяа яамнуудад нь бий.

Шүүгчийн хэрэглэдэг хуулиудын шинэтгэл бүрэн хийгдээгүй байсан. Энэ нь шүүхийн шинэтгэлд маш том орон зай үлдээж байлаа. Төрийн хууль цаазын бодлогын үндэс суурь нь эрүүгийн хууль тогтоомж, эрүүгийн шүүх дээр тогтдог гэж үздэг. Энэ нь шинэтгэл хийсэн гэж ярьдаг ч төгс биш байсан. Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэлээр том шинэтгэлийг эхлүүлж чадлаа.

2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх гэж байгаа Эрүүгийн хууль, тогтоомжоор шүүх засаглалын, шүүгчдийн хэрэглэдэг хуулийн том шинэтгэл эхэлж байна. Энэ том шинэтгэлийн хувь заяа эрүүгийн хэргийн шүүгчдээс шууд хамаарна. Хуулийг зөв хэрэглэж, хэвшүүлэх нь шүүгчдийн өмнө тулгарч байгаа хамгийн чухал асуудал. Шүүгчийн өмнө маш том хариуцлага тулгарч байна.

Эрүүгийн хууль, тогтоомжийн шинэтгэлийг том дэвшил болсон гэж харж байгаа. Шинэ зүйл бүхэн эсэргүүцэлтэй тулгардаг, зовлон туулдаг. Энэ том дэвшлийг хамгаалж үлдэх үү, эсэргүүцэгчдийн гарт алдаж ухраах уу гэдэг нь шүүгчдийн хууль хэрэглээнээс хамаарна. Тиймээс дэвшлийг алдахгүйн төлөө өөрсдийгөө дайчлаарай гэж хүсье” гэлээ.

Хууль хэрэглэх эргэлзээгээ энэхүү хэлэлцүүлгээр тайлаад практик тогтоох зорилготой гэдгийг тэрбээр мөн онцолсон юм.

Т.Уранцэцэг: Шинээр батлагдсан хуульд зарчмын том өөрчлөлтүүд орсон

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг ‘Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан чухал хуулиудын нэг нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль. Эрүүгийн хэргийн шүүгчдийн ширээний хуулийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, чухал алхам боллоо. Шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зарчмын чухал өөрчлөлтүүд орсон. Мөн зарчмын том зохицуулалтууд орсон. Энэ хэлэлцүүлэгт өөрчлөлт орсон сэдэв, чиглэлүүдээр шүүгч багш нар танилцуулга хийнэ. Хууль хэрэглэх явцад асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Анхан шатны шүүхэд Урьчилсан хэлэлцүүлэг гэдэг концепцийн шинжтэй том өөрчлөлт орсон. Зөвхөн урьчилсан хэлэлцүүлгээс мөрдөн байцаалтад хэрэг буцах заалт бий. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчдийн үүрэг, хариуцлага өндөрссөн. Давж заалдах, хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдэх үйл ажиллагаа ямар нэг хэмжээгээр хумигдсан зөрчилтэй асуудал бий. Энэ мэт асуудлаар шүүгчид саналаа солилцох нь чухал” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэгт Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн ‘Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа”, ‘Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл”, ‘Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийж, шүүгчид хуулийн зарчмын өөрчлөлтүүдийг хэлэлцлээ.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг ‘Прокурорын бүрэн эрх, үүрэг, түүний хэрэг хянан шалгах ажиллагаа”, ‘Өмгөөлөгчийн явуулах үйл ажиллагаа”, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул ‘Дуудан ирүүлэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа”, ‘Гэрч хохирогчийг хамгаалах, шүүхийн шийдвэр гаргах ажиллагаа”, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа ‘Яллагдагч, түүний эрх үүрэг, баталгаа”, ‘Хохирогч, түүний эрх үүрэг, баталгаа” сэдвийн хүрээнд хуулийн үзэл баримтлал, зарчмын талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэг үдээс хойш үргэлжилнэ.

Эх сурвалж: ШЕЗ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж