Гурван аймаг түймэртэй байна

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Түймэр

Гурван аймаг түймэртэй байна

ОУ-ын математикийн олимпиадаас Тербат алт авч Монгол 43-т оржээ

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр Хэнтий, Төв, Булган аймагт түймэр асч байна. Булган аймгийн хувьд гурван ч суманд түймэртэй байгаагаас Орхон, Хөвсгөл зэрэг аймгийн Онцгой байдлын албаныханг ойн түймрийг унтраахад дайчлаж ажиллуулж буй юм.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум Дааган дэл гэдэг газар энэ сарын  11-нд түймэр гарчээ. Энэ үеэс Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, аймгийн Онцгой байдлын газрын 44 алба хаагч, орон нутгийн 37 иргэн, Цэнхэр мандал сумаас 15 хүн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 7 ажилтан, нийт 128 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж буй аж.

Төв аймгийн Эрдэнэ сум Асралт хайрхан гэдэг газар зургадугаар сарын.12-нд түймэр гарсан байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн 13 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 11 иргэн, нийт 24 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн аймгийн Мөнгөнморьт сумын Шороотын даваанд ойн түймэр гарчээ. Түймэр зургадугаар сарын 12-нд гарсан байна.  Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, орон нутгийн 84 иргэн, нийт 106 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажилласаар байна.

Булган аймгийн Тэшиг сум, Эг-Тарвагатайн бэлчир гэдэг газар зургадугаар сарын 12-нд түймэр гарсныг өнөөдрийг хүртэл мөн унтрааж чадаагүй, ажиллаж байна.

Булган аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, мөн Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 69 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж буй ажээ.

Тус аймгийн Тэшиг суманд  Өндөр-Эрээн нэртэй газар энэ сарын 15-нд ойн түймэр гарсан аж.  Эл түймрийг унтраааар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 5 автомашин, Хилийн цэргийн Эрингийн заставаас 10 алба хаагч, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм байна.

Мөн аймгийн Орхон сум, Байцын нурууны-Хэрэлт гэдэг газар зургадугаар сарын 14-нд түймэр гарч,  тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 8 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж