Статистик юу өгүүлэв?

Хуучирсан мэдээ: 2017.06.17-нд нийтлэгдсэн

Статистик юу өгүүлэв?

Статистик юу өгүүлэв?

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн мягмар гаригт 2017 оны эхний таван сарын статистик мэдээллийг танилцуулсан. Үүгээр Монгол Улсын эдийн засагт үүсээд байсан хямрал зогсож, эдийн засаг сэргэж эхлэв үү гэж дүгнэж болохуйц нааштай мэдээлэл сонсогдож эхэллээ.

Аж үйлдвэрлэл сэргэсэн, экспортын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 400 гаруй тэрбум төгрөгөөр өссөн, төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан, татварын орлого өссөн зэрэг нь бараг жилийн турш дуулдаагүй сайн мэдээ юм.

УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсөвт тодотгол хийхдээ алдагдлыг 2 их наяд төгрөг байхаар баталсан.  Эдийн засгийн идэвхижил энэ хэвээр цааш үргэлжлэн, шинэ онтой золговол Монгол Улс төсвийн алдагдлынхаа 1 их наяд төгрөгийг зөвхөн олсон орлогоороо хаах бололцоотой. Тэр хэрээр өндөр өртөгтэй бонд гаргаж, төсвийн алдагдлыг нөхдөг байдал халагдана гэж хэлж болно. Нөгөө талдаа гадаад зах зээлээс татсан хямд эх үүсвэртэй мөнгийг макро эдийн засгийг дэмжихэд зарцуулах суурь тавигдаж буйгаараа онцгой ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, монгол хүн ажилтай, орлоготой байх, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл явуулах бололцоо бүрдэнэ гэсэн үг юм. Одоо харин статистикийн үзүүлэлтийг тоймлон хүргэе.

Мөнгөний нийлүүлэлт 2286.5 тэрбумаар өсөв

Мөнгөний нийлүүлэлт 2017 оны тавдугаар сарын эцэст 12.9 их наяд төгрөг болсон нь өмнөх сарынхаас 532.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 2286.5 тэрбум төгрөгөөр өсчээ.

Мөнгөний нийлүүлэлт өсөхөд төгрөгийн хадгаламж 290.9 тэрбум, төгрөгийн харилцах 136.5 тэрбум төгрөг, валютын харилцах 112.9 тэрбум төгрөгөөр өссөн нь тус, тус нөлөөлсөн байна.

Монголын эдийн засаг хямрахад гол нөлөө үзүүлж ирсэн төгрөгийн ам доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш энэ оны тавдугаар сард 2413.06 төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 407.1 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 0.3 хувиар чангарчээ.

Олох орлого өсч, төсвийн алдагдал буурчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний нийт таван сард 2666.6 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх нийт зээлийн хэмжээ 3079.1 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 412.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Гэхдээ энэ алдагдлыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад  464.5 тэрбум төгрөгөөр буурсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2016 оны эхний таван сард улсын төсвийн алдагдал 800 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэж, тэр хэрээр төсвийн алдагдлыг нөхөх шаардлага тулгарч байсан бол энэ оны таван сарын байдлаар алдагдлын хэмжээ хоёр дахин буурсан нь олзууруухууштай мэдээллийн нэг болж буй юм. Төсвийн алдагдал буурахад төсвийн орлого өссөн нь голлон нөлөөлжээ.

Тодруулбал, татварын нийт орлого 2302.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 464.7 тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 189.5 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 163.7 тэрбум, бусад татвар төлбөр хураамжийн орлого 61.3 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 55.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 41.7 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Гадаад худалдаа сэргэлээ

Монгол Улс 2017 оны эхний таван сард дэлхийн 133 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4016.2 сая ам.доллар үүнээс экспорт 2518.5 сая ам.доллар, импорт 1497.7 сая ам.доллар байжээ.  Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 744.3 сая ам.доллараар, импорт 325.7 сая ам.доллараар тус, тус өссөн аж. Энэ бол үйлдвэрлэл сэргэсний дохио юм. 

Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний таван сард 602.2 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний таван сард өмнөх оны мөн үеийнхээс 418.7 сая ам.доллараар нэмэгдэж, 1 тэрбум ам.долларт хүрчээ.

Экспорт энэ оны эхний таван сард 1 тэрбум ам долларт хүрэхэд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өсөхөд нөлөөлсөн байна.  Түүн дотроо нүүрсний экспорт дангаараа 789.3 сая ам.доллараар өссөн болохыг статистик мэдээнд онцолжээ.

Нүүрснээс олох экспортын орлого буурч, аргаа барж байсан үетэй харьцуулахад “Нүүрсний сэргэлт ирлээ” гэж тодорхойлж болохоор байгаа юм.

Импорт өсөхөд ДТ 81.6 сая ам.доллар, авто бензин 32.2 сая ам.доллар, машин механик, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн эд анги 78.7 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 55.3 сая ам.доллараар өссөн нь нөлөөлжээ.

Аж үйлдвэрлэл өсөв

Эдийн засаг сэргээх гол хөшүүрэг нь аж үйлдвэрлэл сэргэх явдал байдаг. Аж үйлдвэрлэлийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны таван сард урьдчилсан гүйцэтгэлээр 4804.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1482.4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна.

Уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 1221.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн төмөр замаар 8.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 12.6 хувиар өссөн үзүүлэлтийг харуулж буй аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж