Монгол, Хятадын бизнесменүүд 100 сая долларын гэрээ байгуулав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол, Хятадын бизнесменүүд 100 сая долларын гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын бизнесменүүд 100 сая долларын гэрээ байгуулав

Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулга уулзалт Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2004 онд анх хөрш гурван орны Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах болсноор жил бүр бүс нутгийн бизнес хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудлаар санал солилцон, шийдлээ олдог бизнесийн хамтын ажиллагааны талбар болжээ.

Энэ удаагийн чуулга уулзалтаар Монгол, Хятадын компаниуд хамтран ажиллах 20 гаруй гэрээ, санамж бичгийг байгуулсан нь нийт дүнгээрээ 100 сая ам.доллартай тэнцэж буй аж.

Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн хувьд хоёр компани хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь эрчим хүч, хүнсний салбартай холбогдож байна. Мөн 14 компани санамж бичиг, орон нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын түвшинд 3 гэрээ зурагджээ.

Чуулга уулзалтын үр дүнгийн талаар өнөөдөр /2017.06.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав: Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа нь хөрөнгө оруулагч нарт эерэг дохиог өгч эхэллээ.

Энэ удаагийн чуулга уулзалтаар 30 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулагдлаа. Уул уурхайг дагасан эдийн засгийн өсөлт явагдаж байна, үүнээс хоёр хөршийн бизнесменүүд хоцрохгүй гэдэг нь харагдаж байна.

ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Н.Катырын: ОХУ-ын бизнес эрхлэгчдийн хувьд Монгол Улстай хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтран ажиллах ирээдүй байна гэж харж байгаа. Мөн Орос, Монголын барааг нэвтрүүлэх ложистик, бусад зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргах бололцоотой гэж үзлээ.

Олон улсын валютын сангийн тооцоолсноор Оросын эдийн засаг энэ онд 1.4, 2018 онд 1.8 хувийн өсөлттэй гарна гэсэн дүн шинжилгээ хийсэн.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 2017 онд 6, 2018 онд 8 хувь хүрнэ гэж тооцоолсон. Тийм учраас бизнесийнхэн эдийн засгийн энэ өсөлтийг ашиглах сонирхол бий.

БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэнь Жоу: Гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагаа нь эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад, Монголын гадаад худалдаа 2017 оны эхний улиралд 1.3 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар өссөн үзүүлэлтийг илэрхийлж байгаа.

Чуулга уулзалтын үеэр бизнес эрхлэгчид хамтран ажиллахаар болж гэрээ байгуулсан нь бие биендээ итгэж байгаагийн илрэл, цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. 

Гурван улсын хамтарсан эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын 14 бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын нийт 60 төлөөлөгч, БНХАУ-ын 10 бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын нийт 50 төлөөлөгч, Монголын бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 300 гаруй хүн оролцсон байна.

Дээрх арга хэмжээний үеэр уул уурхай, хүнд үйлдвэрлэл, эрчим хүч, газрын тосны импорт, барилга тээвэр, мэдээллийн технологи, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг асуудлаар салбар хуралдаанууд болж, тодорхой санал, санаачлагууд ч дэвшүүлжээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс