Чөлөөт бөхийн 2017 оны залуучуудын Азийн АШТ өнөөдөр Тайваний Тайжун хотод эхэллээ.
Манай улсаас “Женко” клубийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч Ё.Батдархан нарын удирдлага дор бүтэн багаараа оролцож байна.
Азийн АШТ өнөөдөр эмэгтэйчүүдийн 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвсүрэн 44 кг-д, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвцэцэг 67 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 17:00 цагт болно.
Манай дөрвөн нядхан өнөөдөр хэрхэн барилдсаныг хүргэе.
44 кг: Залуучуудын улсын хошой аварга, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвсүрэн шөвгийн наймд БНХАУ-ын Чен Юмэйд оноогоор цэвэр ялагдсан. Нанхиадын бөх шигшээ барилдаанд шалгарсан тул Г.Пүрэвсүрэн хүрэл медалийн төлөө Японы Хинако Сатотой барилдана.
51 кг: Өсвөр үе, залуучуудын улсын аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин Тэгшбаярын Ариунзаяа тэгшитгэлд БНХАУ-ын Лиао Сужиаод 6:8-аар ялагдав. Түүнийг ялсан Хятадын бөх шөвгийн наймд Энэхтхэгийн Пожа Глетод 5:5-аар ялагдснаар манай бөхөд дагах барилдаан гарсангүй.
59 кг: 2016 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Чингэлтэй дүүргийн тамирчин Балжиннямын Энхтүвшин Узбекистаны Ходиха Нажимоваг 4:0-ээр илүүрхэж яваад өөрийн хийсэн мэхэнд алдаа гаргаж цэвэр даруулсан. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд Вьетнамын бөхөд оноогоор цэвэр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
67 кг: “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвцэцэг шөвгийн наймд Энэтхэгийн Дива Какраныг барилдаан эхлээд 17 секундэд өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Киргизстаны Меерим Жуманазаровад 3:13-аар ялагдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Юү Хантай хүч үзнэ.
Эх сурвалж: МЧБХ