Н.Мэндбаяр: “Яг түүн шиг” шоу тэрбум гаруй төгрөгөөр бүтсэн

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Н.Мэндбаяр: “Яг түүн шиг” шоу тэрбум гаруй төгрөгөөр бүтсэн

Н.Мэндбаяр: “Яг түүн шиг” шоу тэрбум гаруй төгрөгөөр бүтсэн

Боловсрол суваг” телевизийн хамт олон “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлыг үзэгчдэдээ хүргэж, ялагчаа тодруулсан билээ. Энэхүү шоунд найман оролцогч оролцож, дэлхийн оддыг нэгэн тайзнаа дууриадгаараа үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг. Үзэгчид өнгөрсөн хоёр сарын хугацаанд “Яг түүн шиг” шоуг шимтэн үзэж, хэн ямар алдартанг хэрхэн дууриах бол гэсэн хүлээлттэйгээр өөрсдийн дэмжиж байсан оролцогчдоо дэмжиж байсан. Ингээд “Боловсрол суваг” телевизийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяртай ярилцсанаа хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгчид өнгөрсөн хоёр сарын хугацаанд “Яг түүн шиг-2” шоуг шимтэн үзэж, хэн нь ялагч болох бол гэсэн хүлээлттэй байлаа. Энэ хугацаанд “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид завгүй байсан байх?

-Юуны өмнө News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний зүгээс “Яг түүн шиг” шоуг хоёр дахь жилдээ маш амжилттай зохион байгууллаа. Хоёр дахь удаагийн шоуг хийхэд тийм амар байсангүй. Учир нь анхны “Яг түүн шиг” шоу шинэ, сонирхол татахуйц цоо шинэ формат байсан. Үүнийгээ дагаад оролцогчид маань бас чанга, рейтинг ч бас өндөр байсан. Тиймээс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй шоуны хүлээлт өндөр болчихдог юм байна. Энэ хүлээлтийг давж гарна гэдэг маш хүнд байлаа. Гэхдээ бид авьяаслаг оролцогчид, ажлаа сайн мэддэг хамт олон, дэмжиж ажилладаг хамтрагч компаниудынхаа хүчинд амжилттай зохион байгууллаа. Одоо дараа жилийн хүлээлт үүсээд байна. Бид дараа жилийн шоуны оролцогчдоо хэн байх вэ, ямар шинэ гэнэтийн бэлэг бэлдэх вэ гээд шоугаа дууссаны маргаашаас л ажилдаа ороод байж байна.

-Энэ жилийн “Яг түүн шиг-2” шоуны найман оролцогчдын дунд ширүүн өрсөлдөөн боллоо. Шоуны оролцогчдыг хэрхэн сонгосон бэ?

-Манай багийнхан маш олон хүний дундаас сонгож оруулдаг. Эхний жил шоуны оролцогчдод “Бид дэлхийн алдартай ийм шоу хийх гээд байна. Энэ шоунд оролцооч ээ. ” гэж ойлгуулахыг хичээж, сонгож байсан. Оролцогчид маань ч маш зоригтойгоор оролцсон. Хоёр дахь жил нь маш олон хүн “Танай шоунд оролцож болох уу” гэж асууж байсан л даа. Энэ нь “Яг түүн шиг” шоуны нэр хүнд боломжийн хэмжээнд байгаагийн илрэл болов уу. Ер нь бид төрөл бүрийн салбараас, хүйсийн хувьд тэнцвэртэйгээр оролцогчдоо сонгохыг хичээж байгаа. Шоуны оролцогчдыг хэрхэн сонгодог талаарх нууцыг хэвээр үлдээе.

-“Яг түүн шиг” шоуг хоёр дахь жилдээ зохион байгуулахад хамт олны хувьд туршлагажсан байх?

– Үнэнийг хэлэхэд дэлхийн алдартай энэ форматыг амжилттай хийж чадах эсэхэд эргэлзэж байсан. Анх 2012 онд манай “80 саяын уналт” шоуны англи хувилбартай газар дээр нь очиж танилцаж байсан.  Тэгэхэд зөвхөн нэг цагийн хөтөлбөр дээр 100 хүн ажиллаж байсан юм. Гэтэл манай телевиз 100 гаруй хүн ажилладаг. Тийм учраас төсөөлөхөд бэрх байсан л даа. “Яг түүн шиг” шоун дээр 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. Эхний жил шоуны бэлтгэлээ эрт эхэлсэн. Өнгөрсөн жил яг төсөл эхлэх болоход нүүр хувиргалт дээрээ туршлага дутсан. Ийм тохиолдол өмнө нь Итали улсад гарч байсан юм билээ. Маск хийхэд бэрхшээл тулгарч, зөвхөн нүүр будалтаар дуусгаж байсан тохиолдол байдаг. Бидний хувьд нүүр будалтаар шийдэх үү гэсэн асуудал гарч байлаа. Бүр шөнийн гурван цаг хүртэл хуралдаж байдаг байлаа. Тэгээд л шоуны эхний найман дугаарын дараа гадагшаа судалгаа хийж, ОХУ-ын шоутай хамтарч ажилласан багтай холбоо тогтоож, хамтран ажиллахаар болсон. Эдгээр мэргэжилтнүүд нүүр хувиргалтаараа дэлхийн чадварлаг багийн нэг байсан. ОХУ-ын нүүр хувиргалтын баг “Яг түүн шиг” шоуны хоёр дахь улиралд хамтран ажилласан нь бидэнд их амар байсан. Тэд маань өнгөрсөн жилийн талаас багагүй ачааг авч гарсан гэдгийг хэлмээр байна. Гэхдээ бид хоёр дахь улирлын шоугаа төгс хийсэн үү гэвэл үгүй. Одоо эргээд харахад маш олон зүйлийг ингээд хийдэг байж гэж бодогдсон. Шоугаа улам сайжруулах тал дээр ажиллаж байгаа.

“Яг түүн шиг” шоуны амин сүнс нь нүүр хувиргалт шүү дээ. Энэ жил ОХУ-ын нүүр хувиргагч нар ирж, хамтран ажилласан. Монголд нүүр хувиргалтын мэргэжилтэн хэр олон байдаг бол?

-Энэ шоуны амин сүнс нь нүүр хувиргалт. Монголд ийм мэргэжилтнүүд олширч, хийгээд сурчихвал маш том зах зээл байна. Ялангуяа кино урлагт энэ чиглэлийн мэргэжилтнүүд их эрэлттэй байгаа. Харамсалтай нь одоогоор нүүр хувиргалтыг ОХУ-ын багийн хэмжээнд хийчих уран бүтээлч төрөөгүй л байна. Мэдээж олны танил хүмүүс монголынхоо болон дэлхийн оддыг дууриах нь их сонирхолтой. Эхний дугаараас эхлээд л хэн хэрхэн хувирах нь сонирхол татдаг.

Энэ жил гадны мэргэжилтнүүд ирж, зөвлөхөөр ажилласан уу?

-Бидний хийж буй ажилд хяналт тавилгүй яахав. Дэлхийн алдартай, нэр хүндтэй форматыг унагах вий гэдэг үүднээс давхар хяналтыг тавьдаг. Энэ жил бидэнтэй өмнө нь хамтран ажиллаж байсан зөвлөх маань ирж, ажилласан.

-“Got talent”, “The Voice” “X-factor” зэрэг дэлхийн алдартай контентууд байдаг. Чухам яагаад “Яг түүн шиг” шоуг монголдоо хийхээр болсон юм бэ?

-“Боловсрол суваг” телевиз, “Гэр контент” группийн удирдлагын багт ажиллаж буй залуус одоогоос зургаан жилийн өмнө нэгдсэн. Энэ хугацаанд маш олон төрлийн контентуудыг хийхийг оролдож эхэлсэн. Бид олон ангит киноны төрөлд манлайлагч болж ажиллаж байгаа гэж бодож байна. Энэ баг маань өргөжиж “Хүлэгү пикчерс” кино компани болсон. Та бүхэн санаж байгаа бол “Өнөр бүл өнөө цагт”, “Цагаан хадаг” сүүлд “Приусны босс” гэх киног хийсэн. Ер нь хүмүүсийн үзэн яддаг мөртлөө үзээд байдаг Солонгос киног давдаг ганц контент бол олон ангит монгол кино. Мөн бид олон төрлийн шоу нэвтрүүлгийг хийсэн. Тодруулбал өнгөрсөн хугацаанд “Камертон-2” шоуг хийсэн. Ерөнхийдөө “Talent” шоуг монголд хийхэд хүн амын тоотой ч холбоотой юм уу эсвэл монголчуудын бүрэг ичимхий зантай ч холбоотой юм уу өөрсдийгөө бүрэн нээдэггүй тал бий. Гэтэл энтертайнмент шоуны зорилго үзэгчдийг байлдан дагуулах шүү дээ. Тэгээд маш олон судалгааг хийсний дараагаар “Яг түүн шиг” шоуг монголд хийхээр болсон. Олон улсын формат маш олон оронд зэрэг явж байдаг. Тэр болгоны рейтингийн мэдээллийг харахад “Яг түүн шиг” шоу бидний мэдэх “Got talent”, “The Voice” “X-factor” зэрэг алдартай шоуг ардаа орхиж байсан нь ихээр нөлөөлсөн.

-Ирэх жил “Яг түүн шиг” шоу үргэлжлэх үү?

-Тийм. Үргэлжилнэ.

-Энэ жил шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн өөрчлөлт орсон. Шүүгч Г.Ганхүү оролцогч болж гэнэтийн бэлэг барьсан. Дараа жил Г.Ганхүү шүүгч шүүгчээрээ ажиллах уу?

-Ер нь шоуны нэгдүгээр улирал дууссаны дараагаар Г.Ганхүү ах оролцогчоор оролцох саналыг тавьсан. Надад Г.Ганхүү ахыг оролцогч болно гэхэд сайн бууж өгөхгүй л байсан л даа. Учир нь монголынхоо болон дэлхийн алдартай оддыг шүүнэ. Мөн дээр нь цэгцтэй ярьж, үзэгчдэд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн хүнийг оролцогч болгож, өөр шүүгч хайна гэдэг хэцүү санагдсан. Бүр Г.Ганхүү ах “Намайг дуулж чадна гэдэгт итгэхгүй байна уу” гэх хүртэл хэлсэн. Тэгээд надад Б.Наранзун ахыг шүүгчээр ажиллахыг санал болгосон.  Гурвуулаа уулзаад Б.Наранзун ах ч бидний саналыг дуртай хүлээн авсан. Миний хувьд энэ жил Б.Наранзун ахтай хамтран ажилласанд баяртай байгаа. Ирэх жил Г.Ганхүү ах шүүгчээр ажиллах эсэхийг цаг хугацаа харуулах биз.

-“Яг түүн шиг” шоуны баззерыг оролцогчид нь өөрсдөө сонгодог гэх мэдээлэл сошиалд гарсан байсан. Энэ үнэн үү?

-Бид оролцогчдынхоо биеийн өндөр, хэмжээнд тохирсон, хувирч болохуйц дүрүүдийг сонгодог. Гэхдээ ер нь бол “Яг түүн шиг” шоуны оролцогчид өөрсдөө дүрээ сонгосон байсан ч хамаагүй шүү дээ. Би хүмүүс баззерын асуудлыг сэдэв болгоод л яриад байдагт их гайхдаг. Бид тэр авьяаслаг оролцогч тухайн дүрд хэрхэн хувирч байгааг үзээд, сэтгэлийн таашаал авах нь л хамгийн чухал байх.

“Боловсрол суваг” телевизийн хувьд энэ жил монголдоо анх удаа Mongolia’s Next Top Model” шоуг амжилттай зохион байгуулсан. Ирэх онд энэ шоугаа дахин хийх үү?

-Бид ирэх жилийнхээ уран бүтээлийн төлөвлөгөөг гаргаад байж байна. Энэ төлөвлөгөөнд маань “Mongolia’s Next Top Model” шоугаа үргэлжлүүлж хийхээр төлөвлөсөн. Багийнхантайгаа ярилцаад эцсийн шийдвэрээ гаргана. Эхний жилийн рейтинг, үзэгчдийн сэтгэл ханамж боломжийн болж дууссан байгаа. Тэр ч утгаараа загварын салбарын шоуны зах зээл байгаа юм байна. Хэдийгээр энэ контент бусад орны үзэгчдэд хүрээд удаж байгаа ч манай орны үзэгчдэд эрэлт хэрэгцээ байгааг олж харсан.

-Манай улс зах зээлээсээ хэтэрсэн олон хэвлэл мэдээллийн байгууллагатай гэдэг шүүмжлэл бий. Харамсалтай нь зарим телевизүүд гадаадын шоу нэвтрүүлэг, киног интернэтээс татаж, орчуулж үзэгчдэд хүргэсээр байна. Харин “Монгол HD”, “Боловсрол суваг” телевиз чанартай контентыг үзэгчдэд хүргэж байгаа нь сайшаалтай?

-Ер нь монголын телевизийн салбар хүнээр бол дөнгөж мөлхөж буй хүүхэд гэсэн үг. Яагаад гэвэл нэгдүгээрт манай улсын хүн ам хэд билээ. Гэтэл өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн тоо хэд байна. Эдгээр телевизүүд яаж оршин тогтноод байна вэ. Энэ дотроо монгол контентын хувь хэмжээг заачихсан байдаг. Гэтэл “Яг түүн шиг”, “Авьяаслаг монголчууд” шоу адилхан цагийн монгол контентод бүртгэгдээд явж байна л даа. Мөн оюуны өмчийн асуудал Монголын телевизийн салбарт маш том тээг болж байна. Учир нь гадны кино, шоуг интернэтээс татаад л дуу оруулаад л гаргадаг. Энэ асуудал нь хүний халааснаас мөнгийг нь хулгайлж байгаатай адилхан зүйл. “Монгол HD”, “Боловсрол суваг” сүүлд NTV телевиз “Зөн билгийн тулаан Монголд” форматыг үзэгчдэд хүргэж байгаа нь зөв чиглэл. Хүмүүс “Univision”, “Sky media”-гаар дамжуулан гадны контентуудтай харьцуулдаг болсон байна.  Энэ утгаараа хөгжлийн зөв зам руу орох хэрэгтэй. Одоогоос зургаан жилийн өмнө телевизийн салбарт орж ирэхэд манай телевизийг хэдэн хүн үздэг гэдгээ ч сайн мэддэггүй байсан. Өнөөдөр бид “Максима медиа” гэх мониторинг судалгааны байгууллагатай болсон. Энэ байгууллагын судалгаагаар нийт үзэгчдийн 60, 70 хувь нь шоуг маань үзэж байна гэдэг нь чанартай контентоор цангасан байна гэсэн үг л дээ. Одоо бид дараагийнхаа төслийн форматыг авах гээд ажиллаж байна. Одоохондоо энэ шоуны талаар ярихад арай эрт байна.  

-“Яг түүн шиг” шоу хамгийн рейтинг өндөртэй шоу гэлээ. Нууц биш бол энэ шоу хэчнээн төгрөгийн өртгөөр бүтсэн бэ?

-Бид хэчнээн гоё санааг худалдаж аваад уран бүтээлчид хийж болох ч санхүүжилтийн асуудал маш чухал. Бидэнтэй хамтран ажилладаг гарын 10 хуруунд багтах цөөхөн байгууллагууд бий. Эдгээр хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлмээр байна. Ялангуяа “Яг түүн шиг” шоуны өнгөрсөн жил анх удаа зохион байгуулахад санхүүжилт босгох хэрэгтэй болсон. Гэтэл бидний өмнө хийдэг байсан шоуны зардлаас хамаагүй өндөр тоо гарсан. Тэр мөнгийг олохгүй бол шоуны төсөл цаасан дээр буугаад л үлдэх байсан. Тэгээд л бид “Голомт” банк дээр очоод “Бид гоё шоу хийх гээд байна. Энэ төслийг маань дэмжиж өгөөч” гээд өндөр хэмжээний мөнгө хүссэн. Тус банкныхан маань ч гэсэн бидэнд итгээд санхүүжүүлсэн. Бидний маш олон төслийг амилуулсан “Юнител” компанийн хамт олондоо талархал илэрхийлье.

Ер нь маш өндөр зардлаар бүтсэн л дээ. Бидэнтэй хамтран зохион байгуулж байгаа “Crocus event hall”-д сар гаруй хоног шоуны бэлтгэл ажил, тайз угсралт, зураг авалтыг хийсэн. Ойролцоогоор тэрбум төгрөг гаруй өртгөөр бүтсэн гэж ойлгож болно.

-“Боловсрол суваг” телевиз яагаад мэдээллийн хөтөлбөр байдаггүй юм бэ?

-Манайх мэдээллийн хөтөлбөргүй. Бид бусад телевизүүдээс арай өөр байя гэдэг үүднээс мэдээллийн хөтөлбөргүй болсон. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Боловсролын мэдээ” гээд мэдээллийн хөтөлбөртэй байсан. Харамсалтай нь уг хөтөлбөрт маш том баг хэрэгтэй байдаг юм билээ. Мөн манай улсад эерэг сайхан үйл явдал бага гардаг. Тиймээс бид мэдээллийн хөтөлбөрөөс татгалзсан юм.

Бидэнтэй цаг зав гарган ярилцаж байгаад баярлалаа. Цаашид ихийг хийж бүтээх үйлсэд нь амжилт хүсье.

-Энэ жил манай “Боловсрол суваг” телевизийн 10 жилийн ой тохиож байгаа. Энэхүү ярилцлагаар дамжуулан төлөөлөн удирдах зөвлөлүүд, үүсгэн байгуулагчдадаа, нийт уран бүтээлчид, хамтран ажилладаг байгууллагууддаа 10 жилийн ойн баярын  мэндийг хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж