Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх 800 зөвшөөрөл олгоно

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх 800 зөвшөөрөл олгоно

ОХУ-ын Якут улсын Якустк хотноо долдугаар сарын 4-15-нд болсон “Азийн хүүхдүүд” олон улсын V спортын наадамд оролцсон Монголын өсвөрийн тамирчид багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарчээ.

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээг хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар болоод байна.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрлийг зөвшөөрөгдсөн цэгт олгохоор болсон байна. Худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, айраг, зайрмаг, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх аж. Энэ жилийн хувьд хоол үйлдвэрлэл явуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид олгох юм байна.

Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг энэ сарын 16-27-ны өдрийн хооронд харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авах юм. Хүлээн авсан материалыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, 30-ны өдөр олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх юм.

Мөн Хүй долоо худагт Монгол наадам цогцолбороос хүүхдийн тоглоомын үйлчилгээ, соёлын үйлчилгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Монгол наадам цогцолбороос зөвшөөрөл, байршлыг хариуцаж хэвийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах юм.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Жилээс жилд ил задгай, ямар нэгэн хяналтгүй худалдаа, үйлчилгээ явуулдаг. Энэ жилийн хувьд энэ бүгдийг цэгцэлж, иргэдэд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээ зэргийг хүргэхээр зохион байгуулж ажиллаж байна. Худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдэд тавигдах тодорхой шаардлагуудыг өнөөдрөөс эхлэн олон нийтэд нээлттэйгээр хүргэж байна” хэмээлээ.

Зөвшөөрөл олгосон газруудад долоодугаар сарын 7-ны өдөр семинар зохион байгуулж, анхаарах зүйл, тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өгч, зөвлөмж, сэрэмжлүүлгээр хангаж ажиллана. Зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, иргэдийн худалдаа, үйлчилгээ эрхлэх байршил олгох ажлыг долоодугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт зохион байгуулна.

Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:

  • Гар дээрээс ил задгай болон барааны төвлөрсөн худалдаа эрхлэх;

  • Согтууруулах ундаа болон тамхи худалдах;

  • Майонез, өндөг, крем, хиам болон тэдгээрийг оролцуулсан, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;

  • Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;

  • Шорлог, хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;

  • Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;

  • Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;

  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг тус тус хориглох аж.

Зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж зэргийг хураан авч зохих арга хэмжээг авна гэдгийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж