“Л.Суарес: Хязгаазрыг давахуй” номын хэсгээс | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Л.Суарес: Хязгаазрыг давахуй” номын хэсгээс

Хуучирсан мэдээ: 2017.06.16-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

“Л.Суарес: Хязгаазрыг давахуй” номын хэсгээс

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Увс аймгийн Давст сумын харьяат, Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хороо, “Олимп” дээд сургууль, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ХК, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгсөд Монгол Улсын “Арслан” цол олгов.

Хэвлэлийнхэн л хийрхэж, сүр дуулиан болгоод байдаг болохоос биш зарим нэг хэрцгий такльтай харьцуулахад миний шүдээ шигтгэх оролдлогын хор уршиг гэж хөх инээд хүрмээр. Ер нь карьерынхаа турш би хэнийг ч ноцтой хүнд бэртээж байгаагүй. Хазсан гэх гурван тохиолдлын тухайд үл мэдэг улаан ором л гарсан байсан. Хэний ч яс хугарч, цус алдаж, арьс хууларч, амьдрал карьер нь эрсдэлд ороогүй. Намайг шүүмжлэхээсээ өмнө эхлээд үүнийг эргэцүүлж үзээсэй гэж би хүмүүсээс хүсдэг юм.

2013 онд Бранислав Ивановичийн хэргээс болж арван тоглолтоор бандуулахдаа би энэ сэдвийг хөндөж байсан. Хатуу ширүүн гэдгээрээ халхавч хийж энэ байтугай үйлдлүүдийн өмнүүр Английн хөлбөмбөгийн холбоо нүдээ аниад чихээ дараад өнгөрдөг атлаа гагц надад төмөр нүүрээ харуулсан нь шударга ёсонд хэр зэрэг нийцэх вэ. Европ дахь хамгийн цөөн шар хуудастай лиг гэж тэд өөрсдийгөө өргөмжилдөг боловч хөл хугарахаас бусад тохиолдолд хуудас өгөхгүй бол тэгэхээс өөр аргагүй. Карьер сүйтгэх такль хамгийн бага хийгддэг лиг гэвэл үнэнд илүү дөхөх байх.

Үүгээрээ би өөрийгөө зөвтгөх гэсэнгүй. Байж болшгүй, бодлогогүй, буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрнө. Эрүүлээр сэтгэдэг хэн ч гэсэн энгийн нөхцөлд ийм зүйл хийхгүй. Ухаан санаанд багтамгүй явдал. Тиймээс үүнийг цэвэр сэтгэл хөдлөл, баруун тархитай холбож ойлговол зохино. 2010 оны 11 сард анхны «гэмт хэрэг»-ээ хийхдээ би аав болоод удаагүй байлаа. Аякс – ПСВ-гийн тоглолтын үеэр улаан хуудасны маргаан дэгдэж, уурласандаа би Отман Баккалын мөрнөөс хазчихсан юм. Дараа нь түүнтэй эвлэрч өмсгөлөө солилцсон болохоор би энэ явдлыг ор тас мартчихсан байлаа. Тэгээд орой нь өөрийнхөө дүрсийг зурагтаар харахдаа л ямар том алдаа гаргаснаа ойлгосон. Охин маань том болоод үүнийг үзнэ гэж бодохоос өөрийн эрхгүй чээж минь хөндүүрлэн давчдаж нүдэнд нулимс хуралдаж байв. Софи тэр тоглолтыг цэнгэлдэхэд үзсэн боловч юу болсныг хараагүй. Харин мэдсэнийхээ дараа нэг л зүйлийг асууж байв. 

«Чи чинь юугаа бодож байсан юм бэ?»

Би ч гэсэн өөрөөсөө энэ асуултыг байнга асуудаг. Харин хариултыг нь бүрэн дүүрэн олж чадаагүй л байна. Алдах юм ихтэй, үүрэг хариуцлага өндөр зарим чухал тоглолтын үеэр би өөртөө хэт их хүлээлт үүсгэж, хүчилснээсээ болоод хэсэг хугацаанд хяналтаа алдчихдаг юм. Үхэх эсвэл сэхэх маань үүнээс шалтгаалах гэж байгаа мэт хамаг бие халуу оргин хөлөрч, амьсгаа давчдан адреналин урсаж, уушги зүрх амаар гарчих шахан хүчтэй цохилж эхлэхэд тархи энэ бүхний хурдыг нь гүйцэж чаддаггүй юм. Дарамт, түгшүүр, бачуурал, бачимдал халуун ус буцлахтай адил хором хормоор тэлж орон зай нь нэмэгдэх боловч ачааллыг нь суллаж онгойлгох хавхлаг огт байхгүй. Тэгээд нэг л мэдэхэд дотор чинь багтааж дийлэхээ болиод дэлбэрнэ.

2010 оны өвөл Аякс аваргуудын лигээс хасагдчихсан, хүснэгтийн лидер ПСВ-гээс зургаан оноо алдаж байхдаа тэднийг талбайдаа угтаж авсан юм. Хожиж чадахгүй бол аваргын найдвар алдагдахаас гадна дасгалжуулагч Мартин Йол халагдах аюулд ороод байсан тул би бүхнийг зөв гольдролд нь оруулна гэсэн зорилготойгоор талбайд гарсан юм. Өмнөх таван тойрогт нь гоол хийгээгүй байсныг ч хэлэх үү, алдсанаа нөхөх алдаагаа цайруулахын улангассан хүслэнд автчихсан байлаа. Тэгээд талбайд гараад бүтэлгүйтэж эхлэхэд буглаж хуримтлагдсан бачимдал, уур цухлаа барьж тогтооход улам бүр хэцүү болж эхэлсэн. Бүх зүйлд өөрийгөө буруутган шаналж тарчилж яахаа мэдэхгүй сандчиж тэвдэн байлаа. Тэгээд 90+2 дахь минутад манай багийн тоглогч улаан хуудас авч талбайгаас хөөгдөхөд би тэсвэр алдагдан тийм зүйл хийчихсэн байв.

2013 онд Ивановичийг хазахад нөхцөл байдал мөн төстэй байсан. Улирлын үлдсэн таван тойргоос ердөө ганц л оноо алдахад аваргуудын лигийн найдвар маань үгүйрч үнсэн товрог болохоор туйлын эгзэгтэй цаг үе байлаа. Хожигдох байтугай тэнцэх эрх бидэнд байгаагүй. Гэтэл би хоёрдугаар хагасын эхэнд торгуулийн талбай дотроо бөмбөгөнд гар хүрч эсрэг багтаа пенальти бэлэглэсэн. Дотор бачуураад галзуурахад ганц хуруу л дутуу байв.

«Яаж тэнэглэж байгаа чинь энэ вэ?», «Яагаад ингэж байгаа юм» гэсэн бодлоор тархиа бөмбөгдөж, өөрийгөө үзэн ядаж байлаа. «Баг маань хожигдлоо. Бүгд миний буруу».

2014 он. Кьеллиниг хазахаас минут орчмын өмнө би гоол оруулах алтан боломжоо алдсан. Буффон хаачихсан юм. Хэрэв тэр гоол орсон бол, Буффон хаагаагүй бол дараагийн үйл явдал нь хэзээ ч болохгүй байлаа. Би тийм солиотой үйлдэл хийхгүй байсан. Хэзээ ч. Даанч би гоолын боломжоо алдчихсан.

«Бид хасагдлаа. Баг маань надаас болж хасагдлаа»

Уур багтарч, айдас түгшүүр оволзуулсан ийм үед чи асар хүчтэй, үл үзэгдэх нэгэн далдын хүчинд автаж юу хийж байгаа, юу хийж магадгүй гэдгээ ухаарч сэхээрэх тэнхэлгүй болчихдог юм. Тоглолтын дараа эргэж хараад «Цаг дуусахад бүтэн хорин минут дутуу байсан байна шүү дээ. Жаахан тэвчээртэй байж болсонгүй юу» гэх амархан. Харин талбай дээр байхад юун тэрнийг анзаарахтай манатай. Цаг хугацааны баримжаагаа бүрэн гээж «Дэлхийн аварга дууслаа. Бүх юм өнгөрлөө» гэсэн ганцхан бодолдоо тас хүлэгдээд секунд, минут болгон сүүлчийнх юм шиг санагддаг юм. Яг тэр мөчид дэлхийн аваргын том тайзан дээр, дөчин мянган хос нүдний өмнө тоглож байгаа гэх хамгийн энгийн өгөгдөл хүртэл огт хамаагүй болж толгой дотор минь тог тасарч харанхуйлдаг. Логикоор сэтгэхээ болино гэсэн үг. Ялан дийлэх хүсэл тэмүүлэл болон ялагдал, бүтэлгүйтлээс айх айдас маань ийм их даралт хүчийг үүсгэж, оюун санаанаас минь жолоодлогыг булааж авдаг. Би ялахыг тэгж их хүсдэгтээ биш ялах ёстой болоод тэр. Хэлж тайлбарлахад хэцүү, энэ дарагдашгүй, улангассан хүчтэй мэдрэмж зүлгэн дээр хөлөө тавих тоолонд намайг бүрэн дүүрэн эзэмдэж авдаг. Би биеэ хянаж чаддаггүй. Бэртэл гэмтэл, өвчин зовиуртай байсан ч гэсэн. Италитай хийсэн тоглолтын төгсгөлд өвдөгний маань бэртэл сэдэрч, гүйх байтугай алхахад бэрх байв. Сэлгээнд суух санаа хэд хэдэн удаа толгойд орж ирсэн ч гэсэн хожих, гоол хийх, боломжийг алдахгүй байх хүсэл тэмүүлэл маань давж гарсан. Бүр нэг байж ядтал дотор маажсан, адгуу араатанлаг мэдрэмж.

Өөр хэн нэгэн миний оронд байсан бол «Би өмнөх тоглолтонд хоёр гоол хийчихсэн. Английг ганцаараа өвдөг сөгдүүлсэн. Чадлаараа л зүтгэлээ. Хангалттай. Одоо боллоо» гээд бууж өгөх байсан байх. Харин би тэгснээс үхсэн нь дээр гэж үзнэ. Хэчнээн олон гоол оруулж, цом шагнал өргөж, алдар гавьяа байгуулсан ч гэсэн би сэтгэл ханадаггүй. Илүү цаашилж, ихийг хүсэж зорьж тэмүүлдэг мөнхийн өлсгөлөн сувдаг зантай. Ихэнх тохиолдолд энэ маань хэрэг болдог боловч хэтэрвэл юу болдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгэхээр тодорхой хязгаарт нь тогтоож барих нь л чухал… 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс