Улсын хэмжээндсүүлийн саруудад ой, хээрийн гал түймрийн гаралт их байгааг мэргэжлийн байгууллагууд өгч байна. Гэхдээ БОАЖЯ, ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газар гээд холбогдох бүхийл газрууд гал түймэр гарсан нутаг дэвсгэрт шуурхай ажилласаар байгаа юм. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Ой, хээрийн гал түймрийн гаралт их байна. Улсын хэмжээнд нөхцөл байдалямар байгаа талаар та мэдээлэл өгнө үү?
-Өнгөрсөн өвөл цас бага унаж, хавар эрт дулаарсан учраас хуурайшилт ихтэй байгаа.Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын өгсөн мэдээллээр төв сүүлийн 14 хоног нэг ч бороо хур ороогүй. Тиймээс ногоон бүсэд хуурайшилтын зэрэг өндөр, халалттай байна. Хэд хэдэн удаа үүлэнд нөлөөлж бороо оруулах оролдлого хийсэнч хур тунадасны агууламжтай үүл орж ирээгүй учраас амжилтгүй болсон. Засгийн газраас 1000 ширхэг борооны пуужингийн хөрөнгийг шийдэж өгсөн. Энэ пуужин нь долдугаар сард орж ирнэ. Одоогоор үүлэнд нөлөөлөх пуужингийн нөөц хангалттай байгаа. Ой, хээрийн гал түймрийн хувьд өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Булган аймгийн Тэшиг суманд тус бүр 1 түймэр, нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 гээд улсын хэмжээнд нийт 9 түймэр байна. Эдгээр түймрээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нэг, Улаанбаатар хотод гарсан гурван түймрийг цурманд оруулаад байгаа. Үлдсэн түймэр дээр холбогдох баг, бүрэлдэхүүн шуурхай ажилласаар байна.
-Уур амьсгалын өөрчлөлт, улирлын чанартай хуурайшилтаас гадна аялж, амарч байгаа иргэдийн анхаарал, болгоомжгүй байдлаас шалтгаалсан гал түймэр их гарч байгааг мэргэжлийн байгууллагууд өгч байна?
-Тийм. Хуурайшилт их байгаа энэ үедаялж, зугаалж байгаа иргэд анхаарал, болгоомжтой баймаар байна. Дутуу унтраасан түүдэг, тамхи, шүдэнзний цогноос үүдсэн гал түймэр маш их гарч байгаа. Жишээлбэл, хамгийн сүүлд л Богдхан ууланд аялж явсан гурван залуу мөн л тамхиа асаагаад шүдэнзээ дутуу унтрааснаас болж түймэр гарсан байгаа юм. Бид хаа хаанаа хариуцлагатай байх ёстойг энэ мэт жишээнээс харж болно. Түүнээс гадна сүүлийн үед гарсан түймрийн эзэн нь олдохгүй байгаа. Уг нь түймэр алдсан бол сэтгэл гаргаад, түүнийгээ мэдэгдээд бидэнтэй хамтарч ажиллаад түймрээ унтраах ёстой юм шүү дээ. Илүү их талбайг хамраагүй байгаа дээр нь холбогдох газруудад нь яаралтай мэдэгдвэл тэр хэрээрээ хохирол багатай үлдэнэ.
-Хуурайшилт их, гал түймэр гарах эрсдэл өндөр энэ үед аялал, зугаалгаар явахыг тодорхой хугацаагаар хориглодог. Таны хувьд тушаал гарган, Богдхан ууланд аялахыг түр хориглосон. Тэгвэл улсын хэмжээнд хуурайшилтын улиралд аялахыг түр хугацаанд хязгаарлах уу?
-Түр хугацаанд хязгаарлахаас өөр арга байхгүй. Монгол Улсын Шадар сайд,Улсын Онцгой комиссын даргын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан, Ойн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалт баялгийг ашиглах, аялал зугаалгаар явах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж, хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг сайжруулахыг үүрэг болгосон. Үүний дагуу бид шуурхай ажиллана. Харин Богдхан уулын хувьд хуурайшилт эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сараас хойш нийт 10 удаагийн түймэр гарсан. Одоогийн байдлаар Богдхан уулын Зайсангийн ам, Залаатын ам, Түргэний эх зэрэг газарт гал түймрийн зургаан цурам байна. Зургаадугаар сарын 6-наас хойш л гэхэд яг явган аяллын маршрутын дагуу ойрхон ойрхон таван түймэр гарсан. Энэ таван түймрийг цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч унтраасан. Одоо цурмын байдалтай байна. Гэх мэт олон удаагийн гал түймэр гарч байгаа учраас, Богдхан ууланд аялахыг түр хугацаанд хязгаарласан. Хуурайшилтын улирал дуусахаар иргэд чөлөөтэй аялж, зугаалж болно.
-Гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх өөр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Ойн тухай хуулийн хүрээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.Яам, салбарын байгууллагууд түймрийн жижүүр ажиллуулж, холбогдох бүхийл байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Жишээлбэл, Цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын мэдээлэл, сансрын хиймэл дагуулын мэдээгээр авсан ой, хээрийн гал түймрийн голомт, тархалтын зураг, хуурайшилтыг мэдээллийг шуурхай боловсруулан дор бүр нь ОБЕГ, аймаг, орон нутгий удирдлагад хүргэх, үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг боломжтой нөхцөлд явуулж байна.Хамгийн гол нь иргэд маань хариуцлагатай байх хэрэгтэй байна.
-Гал түймрийн голомт дээр ажиллаж байгаа баг бүрэлдэхүүнд энгийн иргэд, сайн дурын байгууллагууд хоол хүнс, ус зэргээр туслалцаа үзүүлж байгаа. Харин төрөөс ямар ч туслалцаа үзүүлэхгүй байна гэсэн шүүмжлэл байна. Төр, засгаас ямар дэмжлэг үзүүлсэн бэ?
-Сайн дурын байгууллагууд болон иргэд гал түймэр дээр ажиллаж байгаа баг бүрэлдэхүүнд сэтгэл санааны болоод, хоол хүнс, материалын туслалцаа үзүүлж байгаа нь маш сайн хэрэг.Тэдгээр хүмүүст талархаж байна. Манай яамны зүгээс тодорхой хэмжээний туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа. Жишээлбэл, Ханхэнтий болон Богдхан ууланд гарсан түймэр дээр ажиллаж байгаа 2 баг бүрэлдэхүүнд БОАЖЯ-наас тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр болсон. Энэ мөнгө хоол хүнс, машин унааны шатахуунд зориулагдсан.
-Аялал, зугаалгын улирал эхэлсэн. Гэхдээ аялж, амарч байгаа хүмүүс гал түймэр алдахгүй байх тал дээр тэгвэл хэрхэн анхаарах, сэрэмжлэх ёстой вэ. Салбарын сайдын хувьд аялж, амарч байгаа, аяллаар гарах гэж байгаахүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Монголчууд эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах бүрэн эрхтэй. Гэхдээ эрхээ эдлэхийн хажуугаар үүргээ биелүүлэх ёстой. Хариуцлагагүй, анхааралгүй байдлаасаа болж уулаа шатаагаад байж болохгүй шүү дээ. Уг нь дотоод, гадаадын аялагчдын ая тухтай аялах нөхцлийг бүрдүүлэх гэж БОАЖЯ-ны зүгээс тусгайлсан бодлого барьж, явган аяллын замыг тохижуулах, авто зогсоол, эко ариун цэврийн байгууламж байгуулах зэрэг олон ажлуудыг хийж байна. Ингэж ажиллах явцад түймэр тавиад байж болохгүй. Нөгөө талдаа ганцхан хүний болгоомжгүй байдлаас бий болсон түймрийг унтраахад маш их зардал гардаг. Гэхдээ үүний гадна бидний хамгийн их хайрлаж, хамгаалах ёстой байгаль дэлхийд маш их хэмжээний хохирол учирч байна. Нэг хэсэг нь гал түймэр гаргахгүй гэж тэмцэж байхад нөгөө хэсэг нь өөрсдийн анхаарал болгоомжгүйгээс болж гал гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тэгэхээр бүх хүн сэтгэл гаргах хэрэгтэй байна. Бүгдээрээ нийлж байгаль дэлхийгээ хамгаалцгаая. Хариуцлагатай, анхаарал болгоомжтой байцгаая гэж уриалъя.
Б.ЭНХ