Улсад жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг “Говь” компанийн агуулах, үйлдвэрийн дээвэр галд өртөж, нийслэлийн Онцгой байдлын газрын 250 гал сөнөөгч, аврагч 17 цагийн турш тасралтгүй ажиллан, өчигдөр /2017.06.15/ 16.00 цагийн орчимд галыг бүрэн унтраасан билээ. Зөвхөн үйлдвэрийн дээвэр шатсан ч, барилгын дотор талд ус нэвтэрсэн. Тиймээс өчигдөр хэргийн газрын үзлэгийг хийх боломжгүй байсныг Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн Цагдаагийн I хэлтсийн дарга С.Хүрэлбаатар мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2017.06.16/ 08.30цагт С.Хүрэлбаатар даргаар ахлуулсан ХУД-ийн цагдаа, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нийт 40 хүний баг галд өртсөн “Говь” үйлдвэрийн агуулах, үйлдвэрт хэргийн газар үзлэг хийж эхэлжээ. “Объектын хэмжээ том учир хэргийн газрын үзлэг тийм амархан дуусахгүй. Одоо ч үргэлжилж байна. Хохирлын хэмжээ, гал гарсан шалтгааныг тогтоохын тулд нарийн үзлэг, шинжилгээг хийх шаардлагатай. Тиймээс одоогоор гал юунаас гарсан, хэдэн төгрөгийн хохирол “Говь” компанид учирсан зэргийг мэдээлэх боломжгүй. Үзлэг дууссаны дараа тодорхой мэдээллийг өгье” хэмээн ХУД-ийн Цагдаагийн I хэлтсийн дарга С.Хүрэлбаатар хэлэв.
“Говь” компанийн хувьцааны ханш өчигдөр 15 хувиар буурсан ч, өнөөдөр өсчээ
“Говь” компанийн үйлдвэрт гал гарсан мэдээлэлтэй холбоотойгоор тус компанийн хувьцаа өчигдөр /2017.06.15/ 14.96 хувиар буураад байсан. Харин Хөрөнгийн Биржийн өнөөдрийн арилжаагаар яг одоо 14.94 хувийн өсөлттэй арилжаалагдаж байна.
Өнөөдөр I ангилалд 3 компанийн нийт 2,266 ширхэг хувьцаа 11,457,962 төгрөгөөр арилжигджээ
“Говь” компани хандивын данс нээгээгүй болохоо мэдэгдлээ
Тус компанийн нэрийг барин хандивын данс нээж, иргэдийг залилан мэхлэх үйлдэл гарахаас урьтаж “Говь” компани сэрэмжлүүлэг гаргажээ. Одоогоор уг үйлдвэрт хэчнээн төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдоогүй ч, галд өртсөн объект нь “Монгол даатгал” компанийн даатгалд хамрагдсан байсан тухай зарим эх сурвалж мэдээллээ.