Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 10 дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн арав хоногийн хугацаанд бид гурван нэр дэвшигчдийн сайнаас сайныг, муугаас мууг нь олж харав. Мэдээж өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн хувьд өөрсдийн давуу тал, сайн сайхныг, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө олон нийтэд тэр дундаа сонгогчдод таниулах ажлаа энэ 18 хоногийн хугацаанд хангалттай хийх ёстой, энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны хоног цөөхнийг хэлэх үү. Тиймдээ ч нэр дэвшигчид аймаг, сум бүрт хүрч өөрсдийгөө “рекламдах” ажлаа хийж буй. Техник, технологи хөгжсөн энэ цаг үед олон нийтийн сүлжээ гэх рекламны хамгийн том зах зээлийг эергээр, өөрт ашигтайгаар ашиглаж байгаа нэр дэвшигч алга. Бие биенээ муулж, муу сайнаар, халх, хужаа, булчинтай, булчингүйгээр нь өргөмжлөх сурталчилгаа сошиалд л ид өрнөж байна. Та ч, би ч энэ бүхэнд “өртөж” байгааг хэлэлтгүй биз.
Өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрийг түлхүү таниулдаг байсан бол өнөөдөр хэн нь юу хийж, ямар бодлого дэвшүүлж байгааг мэдэх хүн алга. Харин авгай, хүүхэд, ааш аяг, гарал угсаа гээд гүжирдсэн, гүтгэсэн, бузар булайгаа л ил болгоцгоолоо.
Хэзээнээс л нэр дэвшигчид өрсөлдөгчийнхөө муу, муухай бүхнийг илрүүлэх сонгуулийн сурталчилгааны тактик манайд улиг болсон. Энэ удаагийн сонгуульд ч энэ тактикийг ашигласаар. Гэхдээ бүр илүү, сонгогчдоо залхаан цээрлүүлэх гэсэн мэт цаг минут бүрийг өрсөлдөгчөө намнах эсвэл өрөвдүүлэх тактикт ашиглаж байна. Жирийн нэг малчин сошиалд идэвхтэй байдаггүй ч анзаарах сөхөөгүй байгаа нэр дэвшигчдийн “ПИ-АР”-д энэ бүхнийг анзаараагүй биш, хамгийн ихээр анзаарч байгаа. Сонгууль эхлэх сургаар л “хятадуудыг үзэн ядуулах ажиллагаа, оффшор данс, 60 тэрбумын бичлэг, боловсролтой, боловсролгүй, булчинтай, булчингүй, босоо, эх оронч, урвагч” гээд тавилттай жүжиг одоо ч үргэлжилсээр. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгууль санал хураах өдөр хүртэл энэ бүхэн үргэлжилнэ. Дахин хэлэхэд, тавилттай жүжиг өөр өрнөлтэйгөөр дахин, дахин үргэлжилнэ гэдгийг сонгогч танд дахин сануулах нь илүүц биз.
Өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрийг түлхүү таниулдаг байсан бол өнөөдөр хэн нь юу хийж, ямар бодлого дэвшүүлж байгааг мэдэх хүн алга. Харин авгай, хүүхэд, ааш аяг, гарал угсаа гээд гүжирдсэн, гүтгэсэн, бузар булайгаа л ил болгоцгоолоо.
Сонгогчид энэ олон тавилтат, олон бүлэгтэй жүжгээс илүү өөр зүйл хүсч байгааг нэр дэвшигчдэд дахин нэг сануулъя. Олон нийтийн сүлжээгээр гурван нэр дэвшигчийг мэтгэлцүүлэх хөдөлгөөн сонгууль эхэлсэн өдрөөс л эхэлсэн. Гэвч мэтгэлцээнийг гурван нам өөр өөрсдөд ашигтайгаар улстөржүүлсээр өдийг хүрсэн. Хэн хэн нь боломжтой, боломжгүй гэхээс илүү ядаж нэг удаа мэтгэлцэж, сонгогчидтой хэн нь хэн бэ гэдэг дүгнэлт хийж, сонголтоо зөв хийхэд тус болох учиртай. Тиймдээ ч гурван нэр дэвшигч нэг удаа мэтгэлцэх саналд нэгдээд байгаа. Тэгвэл элдэв гүтгэлэг, доромжлол, дайралтаа түр азнаж, нэр дэвшигчдийнхээ мэтгэлцээнд бэлтгэнэ үү хэмээн хүсэх хүсэлт гурван намын нэр дэвшигчдэд хэлье. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд хэлсэн бүхэн чинь бус мэтгэлцээнд хэлсэн бүхэн тань сонгогчдод сонголт хийх боломж олгоно.