“Re-Imagine Mongolia” буюу хаягдлаас урлаг руу

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Урлагтай яриа

“Re-Imagine Mongolia” буюу хаягдлаас урлаг руу

Хятадын тэрс үзэлтэн Ли Ван Ян амиа хорлосон гэнэ. Хунань мужийн цагдаагийн ажилтнууд хоёр удаа мөрдлөг явуулсны эцэст түүнийг амиа хорлосон гэж дүгнэжээ.

Урлагаар дамжуулан хүмүүжүүлэх, хувь хүнийг бий болгох, гоо сайхны таашаалыг эдлүүлэх үүргүүд XXI зуунд эдийн засаг, бизнес, техник технологийн салбарлуу хальж байна. Нийгэмд урлагийн үзүүлж буй үр нөлөөг зөвхөн сэтгэл хэмээх ойлголтоор хязгаарлах бус “ухаантай” урлагийн эрин үе айлчиллаа.

Учир нь улс орнууд урлаг соёлын салбарыг үйлдвэрлэл хэмээн авч үзэж, бүтээгдэхүүнийхээ чанараар, нэр хүндээр брэнд үүсгэн, материаллаг бус үйлдвэрлэлээр эдийн засагтаа томоохон хувь нэмэр оруулах болов. Зөвхөн эдийн засагт ч бус боловсон хүчин буюу авьяастнуудаар дамжуулан улс орныхоо нийгэм, соёлын хөгжлөө босгож байна. Гайхалтай менежментээр боловсорсон бүтээгдэхүүнүүд нийгэмд маш эерэг үр дагаваруудыг үзүүлж, тэд дуу хөгжим, кино, өргөн нэвтрүүлгүүдээ зөвхөн дотооддоо үйлдвэрлээд зогсохгүй экспортод гаргах болов. Гэвч Монгол улсын хувьд соёл, урлагийн үйлдвэрлэл, экспорт төдийлөн сайн хөгжөөгүй, монголд байгаа үндэсний чуулгууд өнөөдөр ажилчдын цалин хөлс, гэрэл дулааны мөнгө гэхээс өөрөөр улс оронд эдийн засгийн ач холбогдол бүхий менежментэд хүрч чадаагүй хэвээр байна.

Харин Монголын Урлагийн Зөвлөлөөс Швейцарийн хөгжлийн агентлагийн “Swiss Cooperation in Mongolia”-ын дэмжлэгтэйгээр “Re-Imagine Mongolia буюу Монголыг шинэ өнцөгөөр” төслийг Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороотой хамтран хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Тэд уламжлалт цаасан шуумлын урлагаар дамжуулан нийслэлийн захын дүүрэгт ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдэд уламжлалт гар урлалын мэдлэг болон жижиг дунд бизнес эрхлэх боловсрол олгох замаар байгаль орчинд ээлтэй соёлын бүтээгдэхүүн бүтээж эхлэв. Нөгөөтэйгүүр, эмэгтэйчүүд соёл урлагаар дамжуулан гоо сайхны таашаал авч, шинийг эрэлхийлж, өөртөө итгэх итгэл нэмэгдэн, гэр бүлдээ хөрөнгө оруулалт хийж эхэлснээр уг төсөл бүтээлч иргэнийг бий болгох эхний алхамаа хийлээ.

2017 оны НЭГДҮГЭЭР САРын тэмдэглэл

Ихэнх цагаа гэртээ сууж өнгөрүүлдэг, бүтэн цагаар ажиллах боломжгүй эмэгтэйчүүдэд итгэл найдвар өгөх, тэднийг уран бүтээлчийн замд хөтлөх, ашиг орлоготой болгох зорилгоор байгальд ээлтэй, уламжлалт гар урлалын сургалт ажиллуулж эхлэв. Нийт 40 эмэгтэй хамрагдахаар бүртгүүлж, мэргэжлийн багш нартай ажиллаж эхэллээ. Тэд цаасан шуумлын урлалын талаар анхан шатны мэдлэггүй байсан ч ирээдүйд энэ чиглэлээр жижиг дунд бизнес эрхлэн, орлогын эх үүсвэрээ болгоно гэдэгтээ итгэлтэй байна. Бүсгүйчүүд хорооноос гаргаж өгсөн “Иргэний танхим”-д эхний хичээлээ үзлээ. Биесээ танихгүй бие биенээсээ гэрэвшин суугаа бүсгүйчүүдээс дөрвөн сарын дараа гэхэд ямар уран бүтээл, ямар амжилт гарах бол?

Энэ өдөр бүсгүйчүүдийн дунд өөрийн хүсэлтээр сургалтанд суухаар бүртгүүлсэн 70 настай Н.Очирдарь гуай сууж байлаа. Гэртээ зүгээр суухын оронд бүтээлч зүйл хийж, нэг ч гэсэн зүйлийг хийж сурах гэсэн юм хэмээн тэрээр учирласан юм. Тэд юуны өмнө цаасан шуумлын урлал*-ын талаар сонсон танилцаж, дараа нь багш нарынхаа заавраар үлээсэн шааран дээр урсан сонингуудаа нааж бэлтгэв.

*Цаасан шуумлын урлал – нь Хятадад үүссэн ба зүүн өмнөд Азийн орнуудад өргөн дэлгэрсэн байдаг. XVII зууны үеэс Монгол нутагт шарын шашин хүчтэй дэлгэрч, сүм хийд олноор байгуулагдан, түүний дэргэд урчуудыг цуглуулан ажиллуулсны сацуу Монголчуудын нүүдлийн амьдралд зохицсон зөөж тээвэрлэхэд хөнгөн тул шуумлын урлаг ихэд дэлгэрчээ. Монголчууд шуумлыг ихэвчлэн шашны эд зүйлс болон цамын баг хийхэд ашиглаж ирсэн ба цамын баг өмсгөл хийх талаар Лувсанцэрэн, Пунцаг-Осор нарын урчууд ихэд алдартай.

2017 оны ХОЁРДУГААР САРын тэмдэглэл

Сар шинийн өмнөхөн урлаач бүсгүйчүүдийн урлангаар дахин нэг зочиллоо. Тэд энэ удаа халуун дулаан уур амьсгалтай, бие биенийхээ хийсэн бүтээснийг шинээр ирсэн хүнд гайхсан, гайхуулсан, туршлага солилцсон, багш нараасаа асууж сурагласан байдалтай, удахгүй ирэх гадаад багшийг угтаж авахаар үймэлдэж байв.

Тэд энэ удаа хорооны хажууханд тусгайлан зассан гэр дотор сарын хугацаанд хийж бүтээсэн бүтээлүүдээ өрөн тавьжээ. Энд ан амьтан, мал шувуу, бэлэг дурсгалын зүйлс, гэр байшин, хаан хатад, бяцхан жаалын дүр гээд байхгүй юм алга. Бүгд л хийж бүтээхийн их хүсэлтэй болж, хийсэн бүтээснээрээ бахархаж сууна. Зарим нь бүр захиалгын ажилтай болсон, зарим нь авсан захиалгаа хийгээд өгчихсөн гэнэ. Сар шинийн баяр болох гэж байгаа тул барих хөөргөө хүртэл цаасан шуумлаар хийчихсэн гэсээр үзүүлэв. Тэд сарын өмнө л дөнгөж “Сонингоо яаж, ямар хэлбэртэй урах ёстой юм бэ” гээд асууж байсан. Гэтэл өнөөдөр тэд бүтээлч болчихсон, эхнээсээ ашиг орлоготойгоо золгожээ.  

Н.Очирдарь, 70 настай

-ЭНЭ УРЛАГ БИДЭНД ХОГ ХАЯГДЛЫГ ЗӨВ АШИГЛАЖ СУРАХ УХААНЫГ ӨГЧ БАЙНА-

-Та бүхний анхны бүтээл бас өнөөдрийн бүтээлийн талаар сонирхъё?

-Эхлээд бид цаасан шуумлын талаар мэдлэг муутай байлаа. Анх бөмбөлөг, ширээний чийдэн мэтийг хийж байсан бол өнөөдөр амьтан, мал, бэлэг дурсгалын зүйл, сүм хийдийн дурсгалт зүйлийг хийдэг болсон байна. Цаасаар урлаг хийх нь манай Монголд эртнээс байсан, одоо хоцрогдоод байгаа. Үүнийг сэргээж цаасаар төрөл бүрийн зүйл хийж сурна гэсэн болохоор маш их сонирхсон. Материал нь ч олдоц сайтайн дээр хор хөнөөлгүй учраас хичээллэж байлаа.

-Цаасан урлалд суралцах нь танд ямар ач холбогдолтой байна вэ?

-Цаасан урлал гэхээр бид өмнө нь хэдэн цэцэг эвлүүлж наах эсвэл ёолкны тоглоом шиг юм хийгээд л хананаас өлгөх тухай боддог байлаа. Бас музейд бурхны урлал, цагаан өвгөний толгой, цамын баг гээд их олон юм бий. Тоншоод үзэхэд “тог тог” гээд л дугардаг цаасан шуумлын урлалын талаар сонсож байсан ч ингэж хийдэг талаар мэддэггүй байлаа. Энэ мартагдаад, хоцрогдоод байсан урлагийг манай хүүхдүүд бидэнд заагаад ахин сэргээж байгаад бид маш их баяртай байна. Нөгөөтэйгүүр энэ урлаг санхүүгийн хувьд ч иргэдэд ашигтай, хог хаягдлыг зөв ашиглаж сурах ухааныг бидэнд өгч байна. Хамгийн гол нь үндэсний уламжлалыг сэргээхэд ашигтай байгаа нь сайхан санаа.

М.Дөлмаа, 41 настай

-ЯРУУ НАЙРАГЧ ХҮНД ОНГОД НЬ ОРЛОО ГЭДЭГ ШИГ БИ ҮҮНИЙГЭЭ ХИЙЖ БАЙХАД ОНГОД МИНЬ ОРДОГ-

-Та энэ хугацаанд хийсэн бүтээлүүдийнхээ онцлогийг тайлбарлахгүй юу?

-Хүн сонирхолдоо үнэнч байвал амжилтанд хүрдэг. Анх би нэг жижигхэн хурга, шувууны үүр хоёр хийсэн. Ер нь ч амьтанд хайртай учраас үргэлж л амьтныг бүтээлийнхээ гол сэдэв болгож байна.  Сонирхол минь намайг энэ урлагт улам л хөтлөөд байгаа учраас багш нарынхаа хэлж ярьсныг сайн сонсож, цаашид монгол ахуйг дүрслэхийн сацуу илүү хөгжилтэй зүйлс хийхийг хүсч байна. Багш нар маань хэлэхдээ “Сурагч нарын хийж байгаа зүйлийг харахад зан ааш, хүсэл сонирхол нь харагддаг” гэдэг. Би өөрийнхөө бүтээлүүдийг эмэгтэй хүн яг л гоёл чимэглэлд татагддаг шиг миний бүтээлд ч бас татагддаг байгаасай гэж хүсч хийдэг. Тиймээс ч яруу найрагч хүнд онгод нь орлоо гэдэг шиг би үүнийгээ хийж байхад онгод минь ордог. Нөгөөтэйгүүр, энэ урлал намайг маш олон найз нөхөдтэй болгож, бид нэг сонирхолтойгоор бие биетэйгээ туршлага судлан хамтдаа  суралцаж байна.

-Энэ хугацаанд танд ажлын захиалга орж ирсэн гэсэн. Их хурдан хугацаанд таны бүтээл бусдад хүрч ээ?

-Тиймээ, миний хамгийн эхний захиалга бол вакум цонхны талтай тэнцэх хэмжээтэй аав, ээж, хүү гурван зааны шуумал юм. Эхний ажлынхаа бэлэгдлийг бодож би гурван заанаа алтан өнгөөр урлахаар төлөвлөөд байна. Гол нь энэ бүтээлийн бүх зүйл эко, ямар ч химийн орц найрлага байхгүй тул хүний биед хортой, аюултай зүйл үгүй. Хүмүүс Хятадаас ирсэн тоглоом, сувинерүүдийг худалдаж авч болж байгаа юм чинь миний, бидний хийсэн таван хошуу малыг худалдаж авч болно гэж бодож байна. Эко бүтээгдэхүүнийг, жижиг дунд үйлдвэрийг, монгол ахуйгаа дэмжиж байна гэсэн үг шүү дээ. Сонирхолдоо би дэндүү үнэнч байгаа. Одоогоор олон нийтийн сүлжээгээр хийсэн ажлуудаа танилцуулаагүй байгаа ч хүмүүс маш их хандаж, урамшуулж, захиалга өгч байна. Яваандаа би таван хошуу малаа төгс хийж сураад, Улаанбаатар хотын айлуудыг малжуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Өөрөө урлаад эхлэхээр уран бүтээлч хүн, урлагийн талаар таны ойлголт өөрчлөгдөж байна уу?

-Хүн үгэнд үхэж, үгэнд босдог гэдэг шиг жижигхэн зүйлд л урам ордог. Аав маань “Манай удмынхан гартаа уртай байдаг. Чамд тийм зүйл байна уу” гэж хэлж байсан. Энэ үгэнд нь л эрэмшээд ийм гоё зүйлийг хийж байна. Айхтар үнэтэй биш ч амьдралд хэрэг болохоор, чамин гайхалтай зүйлсийг хийж бүтээл болгоно. Өөрийн сонирхлынхоо гүүр жигүүр нь би өөрөө болж, ингэж л амьдралаа босгоно. Нэг үгээр хэлбэл, их том зорилго бодож, маш бага өртгөөр, жижигхэн нөөц бололцоогоо ашиглаад уран бүтээлч болж байгаадаа маш их баярлаж урамшиж байна.

Б.Чулуун, 31 настай

-АНХНЫ ЗАХИАЛГАА АВЧ “ТАРИАН ТҮРҮҮ” ҮЛГЭРИЙГ ЦААСАН ШУУМЛЫН УРЛАЛААР ХИЙСЭН-

-Та энэ сургалтанд суухаасаа өмнө юу хийдэг байв аа?

-Би оюутан болж хотод орж ирснээсээ хойш арав гаруй жилийн турш энэ хороонд амьдарч байна. Анх айлын хашаа, байшин, байр түрээслэн амьдардаг байсан бол одоо нөхөр хоёр хүүхдийн хамтаар эндээ суурьшсан. Би группт ороод таван жил болсон байна. Өмнө нь зүгээр л ажлаа хийгээд явдаг байсан бол багадаа осолд орж байсан хууч гэнэт хөдөлснөөс хөл муудаж, ажил хийх боломжгүй болсон. Ингээд л гэртээ зүгээр сууж, хөдөлгөөн багасаад, элдэв эм тариа хэрэглэх болсноор 48 кг жинтэй байсан би маш их таргалж сэтгэлээр унасан. Гэртээ зүгээр сууж чадахгүй, гарын ур дүйтэй болохоор бүгдийг оролдох болсон. Хүүхдийн үсний боолт, шүр сувдан ээмэг бөгж, бүс, хайрцаг, даалин гээд хийхгүй юм үгүй. Би өөрөө ч оёх дуртай. Энэ хавийнхан маань ч намайг их сайн таньдаг. Харин саяхан энэ урлалын талаар дуулаад, сонссон даруйдаа л ирж бүртгүүлсэн.

-Та бүтээлүүдээрээ юуг түлхүү дүрсэлж байна вэ?

-Багш нар маань бидэнд үндэсний ахуй, соёлыг харуулсан бүтээл хийвэл гадны хүмүүс их сонирхоно шүү гэж хэлсэн. Би өөрийн бүтээлүүдээ зүлгүүрээр маш сайн зүлгүүрдэж гөлгөр болгож байгаагийн зэрэгцээ их сайн хэв авч байгаа гэж багш нараасаа сайшаал хүртсэн. Нэг бүтээлийг онцлон хэлвэл хөөрөг байна. Энэ хөөргийг яг одоо ч шууд хэрэглэж болно. Өмнө нь оёдог байсан даалиндаа зориулаад ингэж хөөрөг хийж байгаа юм. Мөн өөрөө гэрт амьдардаг болохоор хийхэд дөхөм гэж үзэн монгол гэр хийсэн. Анх технологийг нь сайн мэдэхгүй болохоор их бүтэлгүйтэж байсан ч багш нартайгаа уулзсаны дараа бүтээлүүд гараас маш хурдан гарах болсон. Ингээд анхны захиалгаа авч “Тариан түрүү” үлгэрийн бүх баатрууд, эд хэрэглэлийг нь цаасан урлалаараа хийсэн.

Б.Адъяа, 63 настай

ГАЗАР ДЭЭР ХЭВТЭЖ БАЙГАА ЦААСЫГ АВДАГ, ХЯМГАДДАГ, ҮҮГЭЭР ЯАЖ ЮУ ХИЙХ ВЭ ГЭЖ БОДДОГ БОЛСОН

-Цаасан шуумлын урлал танд юу, юу өгсөн бэ?

-Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд зохион явагдаж байгаа энэ цаасан урлалын дугуйлан маш их үр дүнтэй болж байна. Манай хүмүүс анх цаасан урлалын талаар ойлголтгүй, илүү дутуу цааснууд газар дээр хөглөрсөн, хаясан, шатаасан байдалтай байсан. Тодорхой хэмжээнд байгаль орчноо бохирдуулж, бохир орчин үүсгэдэг байсан. Харин энэ цаасан урлалын дугуйланд сууснаар газар дээр хэвтэж байгаа цаасыг авдаг, хямгаддаг, үүгээр яаж юу хийх вэ гэж боддог болсноороо маш их ач холбогдолтой юм. Мөн энэ сургалтанд нас, хүйс, мэргэжил харгалзахгүй сургаж, хүмүүст маш сайхан ур чадвар эзэмшүүлж, хөгжүүлж байгаад маш их баярлаж байна. Бидний араас сурах хүмүүс ч их байна, бид ч их сэтгэл хангалуун, бахархалтай байна.

2017 оны ДӨРӨВДҮГЭЭР САРын тэмдэглэл

Монголын Урлагийн Зөвлөлийн 15 жилийн ойн хүрээнд “Re Imagine Mongolia” үзэсгэлэнгийн нээлт болов. Энэ үеэр сургалтанд хамрагдсан суралцагчдын бүтээлүүдийг урлаг соёлынхны өмнө дэлгэж, тэдний хөдөлмөрийн үр шимийн зах зухаас тайлагналаа. Нээлтийн үеэр үзэгчид бүтээлийн нарийн чимхлүүр ажиллагаа, өнгө будгийн хоршил, нэг бүрчлэн ажилласан уйгагүй хөдөлмөр, хөнгөн авсаархан бүтээлч сэтгэлгээ, ашигласан материал, ерөнхий агуулга, өхөөрдөм хөөрхөн байдлыг нь сайшаан магтацгааж байв.

М.Дөлмаа, 41 настай

-ШАВЬТАЙ БОЛЖ, ТЭД МИНЬ ҮЗЭСГЭЛЭН ГАРГАХ ГЭЖ БАЙНА-

-Дахин уулзахад таатай байна. Та үзэсгэлэнд ямар бүтээлүүдтэйгээ ирэв ээ?

-Хоёр сарын хугацаанд маш олон ажил хийсэн. Амьтан хийх дуртай гэж би өмнө тантай ярилцаж байсанчлан хийсэн амьтдаа үзэсгэлэнгийн нээлтэнд авч ирлээ. Энэ хугацаанд амьтан хийх арга ажиллагаанд улам гаршиж, илүү кайфтай хийх болсон. Одоо яг энд цугласан урлагийн хүмүүс шиг уран бүтээлч сэтгэлгээгээр өөрөө өөрийнхөө давуу талыг олж хараад, үүндээ шимтээд орчихсон байна.

-Өнөөдөр уран бүтээлчид болон урлагийн салбарынхан урлагийн үнэ цэнэ гэх ойлголтын талаар ярилцлаа. Таны хувьд урлагийн үнэ цэнийг хэрхэн ойлгсон бэ?  

-Би энэ урлагийн арга технологийг багш нараараа заалгаж сурсан. Харин саяхнаас би өөрөө “Ганц зам” нэртэй төрийн бус байгууллагын архины хамааралтай 15 залууд 10 хоногийн хичээл заасан. Шавь нар маань маш мундаг сураад бүтээлүүдтэйгээ энэ үзэсгэлэнд оролцлоо. Тухайлбал, Чингисийн гэр тэрэг үхэртэй, ноён, хатан, хүүхэд бүхий бүтээл байна. Тэд маань удахгүй үзэсгэлэн гаргахаар болсон байна. Миний хувьд маш амжилттай байгаа. Уран бүтээлч хүн гэдэг ямар гоё байдаг юм, уран бүтээлч хүн ямар гоё сэтгэлгээгээр аливаа зүйлийг бүтээдэг юм бэ гэдгийг харж ойлгож байна. Үнэнийг хэлэхэд би ч өөрийнхөө хэмжээнд өөрийгөө уран бүтээлч болсон гэж бодсон. Тиймээс урлагийн үнэ цэнэ гэдгийг би урлагаас авч байгаа, урлагаар дамжуулан бусдад зааж сургаж байгаа энэ мэдрэмж, бахархах сэтгэл минь юм болов уу гэж бодож байна.

ТАВДУГААР САР золголоо

Харин энэ сард “Re-Imagine Mongoliaтөслийн бүсгүйчүүд маань онлайн шоп буюу цахим дэлгүүрээ нээхээр бэлтгэж байгаа бөгөөд тун удахгүй www.redgermongolia.com хуудсаар дамжуулан шинэ бүтээлүүдээ танилцуулна. Хорооны байранд цуглачихаад үзэг бал нийлүүлж, биесээ танихгүй гэрэвшиж суусан тэд өнөөдөр уран бүтээлч болж, хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж, орлоготой болж, зарим нь бүр шавьтай ч болоод амжиж.

Хотын захын дүүргийн эмэгтэйчүүдэд гар урлалын ур чавар олгож, тэднийг дэмжих, хог хаягдлыг дахин ашиглах дадал зуршлыг суулгаж, үлгэр дууриалал болох, гэртээ хүүхдээ хараад сууж байсан тэдэнд нэмэлт орлого залгуулж, амьжиргаагаа дээшлүүлэхэд нь хувь нэмэр оруулах энэ төсөл амжилттай боллоо. Гэхдээ төсөл дуусаагүй, тэд бүтээлээ хийсээр, захиалга авсаар, худалдан авалт нэмэгдсээр, илүү шинэлэг, бүтээлч санаанууд урган гарсаар байхад “Re-Imagine Mongolia” зогсохгүй.

Уламжлалт энэ аргыг өдгөө Европын орчин үеийн урлагт “ready made” буюу бэлэн эд зүйлсийг ашиглах урлаг хэмээн нэрийдээд, яг л шинэ зүйл мэт тахин шүтэх хандлага байна. Бид цаашид бүсгүйчүүдийн хийж буй энэ ажилд урам зориг өгч, хөгжүүлэн, дэмжиж, санаа аван ажиллаж чадвал гар урлалаас урлагийн шинэ түвшинд ч хүрч очих боломжтой бөгөөд үүний дараа бид соёлын экспортыг ч ярих боломж нээгдэж байна.     

Б.Гэрэлмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж