Өнөөдрөөс яг 10 хоногийн өмнө /2017.06.05/ Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өндөр барилга дээрээс нэгэн эмэгтэй хүн үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Уг хэрэг энэ сарын 5-ны орой 17.00 цагийн үед гарсан бөгөөд Нарны хорооллын 22 давхар барилга дээрээс унаж, амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Талийгаач 22 настай Ж гэх эмэгтэй нь тус хороололд амьдардаггүй байсныг гэр бүлийнхэн нь болон тус хорооллын оршин суугчид хэлж байсан юм.
Талийгаач өмнө нь буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Захиралдаа зодуулсан” гэсэн гомдол гаргасан. Тэр гомдлыг нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байгаа бол амиа хорлосон гэх асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байсан.
Талийгаачийн ар гэрийнхний зүгээс тус компанийн захирал Жадамбааг охиныхоо үхэлд буруутгаж байгаа гэсэн мэдээллийг өгч байсан. Тэгвэл “Сохо” мебелийн захирал Жадамбаа үнэхээр Монгол Улсын хил давж зугтсан талаар тодруулахаар тус компанийн менежер рүү залгахад “Энэ хэргийн үнэн зөвийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Бидний зүгээс ямар нэгэн мэдээлэл хийх боломжгүй” гэсэн хариултыг өгсөн юм.
Харин талийгаачийн ар гэрийнхэн “Тэр хүнийг Монголд байсан эсэхийг мэдэхгүй байна. Өмнө нь уулзаж ч байгаагүй. Одоо талийгаачийн 49 хоног өнгөртөл янз бүрийн мэдээлэл хийхийг хүсэхгүй байна” гэв.
Өмнө нь хэргийн талаар түүний нагац эгч мэдээлэл өгөхдөө “Тэр өдөр талийгаач ахтайгаа Цамбагарав хүртэл хамт явж байгаад 16:30 цагт салсан. Тэгээд л хэдхэн минутын дараа 17 цагийн орчимд тус хорооллын 18 дугаар байрны 22 давхрын цонхноос унаж, амиа алдсан байсан. Эмэгтэй хүн өндөр цонх руу гарахын тулд хөлөөрөө ганцхан жийгээд л унана гэж байхгүй шүү дээ. Бас цүнхээ үүрчихсэн. Хэрвээ хүн амиа хорлохоор үсэрсэн бол тийм байх уу. Орцны камерын бичлэгээс үзэхэд орц руу жигтэйхэн цоглог гүйгээд орж байгаа харагдсан. Бид охиныг тэнд хүн дуудсан ч байж магадгүй гэж бодож байгаа. Энэ бол амиа хорлолт биш” гэсэн юм. Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
А.Сүрэн