Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засгийн концепцийг тусгана

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засгийн концепцийг тусгана

Ойрын хоногуудад ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

БОАЖЯ, БСШУСЯ, Сангийн яам, НҮБ-ын Ногоон эдийн засгийн түншлэл, МУИС, Үндэсний хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Их сургуулийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засгийн концепцийг тусгах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Монгол-Японы төвд өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжлэх уг уулзалтаар их сургуулийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засгийн концепцийг тусгах боломж болон тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Мөн “Ногоон эдийн засгийн ойлголт, ухагдахууныг их сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах нь” сэдэвт судалгааны ажлын үр дүнг энэ үеэр танилцуулснаас гадна түүнийг санхүүжүүлэх боломж төр, хувийн хэвшил, их сургуулиудын хамтын ажиллагааны талаар оролцогч байгууллагууд санал солилцсон юм.

Түүнээс гадна өмнө нь БОАЖЯ НҮБ-ын Ногоон эдийн засгийн түншлэлийн дэмжлэгтэйгээр “Ногоон эдийн засгийн боловсролын үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл”-ийг боловсруулсан байдаг. Энэхүү баримт бичигт тогтвортой, хүртээмжтэй ногоон эдийн засгийн боловсролын хууль эрхзүй, улс төр, эдийн засаг, нийгэм, технологийн нөхцөл, төлөв байдлын дүн шилжилгээний үр дүнг тусгаж, ногоон эдийн засгийн боловсролын стратегийн зорилго, үйл ажиллагаа, хүрэх үр дүнг тодорхойлсон. Тэгвэл уг стратегийн зорилтуудын нэг нь дээр хэлсэнчлэн их сургуулийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засгийн концепцийг тусгах тухай байгаа юм. Үүний эхлэл болгож Ногоон эдийн засгийн түншлэл нь тусгайлсан судалгаа хийн, үр дүнгээ танилцуулж, өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байгаа нь энэ аж.

Уулзалтын үеэр дээр дурдсан байгууллагуудын төлөөлөл өөр өөрсдийн салбарын бодлого, хамтын үйл ажиллагааг танилцуулснаас гадна ногоон эдийн засагтай хэрхэн уялдах талаар санал, бодлоо хэллээ. Ногоон эдийн засгийн түншлэлийн төлөөлөгч Амрей Хорстбринк ногоон эдийн засгийн концепцийн чиглэлд төрийн байгууллагууд, их, дээд сургуулиудтай дээд боловсролын чиглэлд хамтран ажиллах боломжтой болсонд баяртай байгаагаа илэрхийлсэн бол БСШУСЯ болон МУИС-ийн холбогдох албан тушаалтнууд уг асуудлыг сургалтын хөтөлбөрт хэрхэн тусгах боломжтой талаар танилцуулга хийсэн юм.

Мөн БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган уг асуудлаар “Ногоон эдийн засгийн концепцийг дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах санаачлага гаргасан байгууллагуудад баяр хүргэе. Яг энэ чиглэлээр бие даасан сургалтын хөтөлбөр байх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Байгаль орчин болон эдийн засаг тогтвортой байвал цаашид бид хөгжин, дэвшинэ. Дэлхий нийтийн хөгжлийн хандлага ногоон хөгжил, ногоон эдийн засаг руу чиглэж байна. Олон улс, орны жишээнээс үүнийг харж болно. БОАЖЯ-ны хувьд ногоон эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх чиглэлд эрчимтэй ажиллаж байгаа. Жишээлбэл, Сангийн яамтай ногоон худалдан авалтын чиглэлд хамтран ажиллаж байна. Мөн БХБЯ-тай хамтран барилгын салбарыг хэрхэн ногооруулах талаар жишиг төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Банкны салбарт ч ялгаагүй тогтвортой санхүүжилтийн чиглэлд хамтарч эхэллээ. Монголын бүх арилжааны банкууд үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ ногоон эдийн засгийн чиглэлд хамгийн гол үүрэг гүйцэтгэж оролцох хүмүүс нь залуучууд юм. Залуучууд оролцогч байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Дашрамд дурдахад, Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүн эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилалтай улс болох зорилго тавьсан. Тэгвэл хөгжлийн энэхүү үзэл баримтлал, зорилгод хүрэхэд дээд боловсрол нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. 

Эх сурвалж: БОАЖЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж