Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаас бодлогын хүүг 2 нэгжээр бууруулж, 12 хувь болгох шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбогдуулж, төв банкнаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас дараах тодруулгыг хийлээ.
-Бодлогын хүү буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ голлон нөлөөлсөн гэж хэлж болох уу?
-Монголбанкнаас өмнө нь нэг зүйлийг тодорхойлж хэлж байсан, “Бодлогын хүүг өсгөсөн арга хэмжээ бол богино хугацааных байна. Эдийн засаг тогтворжиж, тодорхой бус байдал буурахаар бодлогын хүүг буцаагаад бууруулна” гэдэг амлалт өгсөн. Тухайн үед төсвийн талаас дарамт өндөртэй байгаа, тодорхой бус зүйлүүд их байна гэдгийг хэлж байсан.
Нэгдүгээрт, төсвийн бодлого нь мөнгөний бодлого зөөлрөх орон зайг олгосон. Төсвийн бодлого дунд, урт хугацаандаа өрийн тогтвортой байдлыг хангах, төсвийн тогтвортой байдлыг хангах чиглэл рүү төсвийн хуулиуд батлагдсан.
Хоёрдугаарт, төлбөрийн тэнцэл буюу гадаад тэнцэл дээр ирж байсан дарамтууд шийдвэрлэгдэж байна. Гуравдугаар сарын хуралдаантай харьцуулахад гадаад эдийн засгийн төлөв байдалд эерэг өөрчлөлт гарсан. Зэсийн үнэ 300-500 ам.доллараар өссөн. Худалдааны гол түнш орон болох Хятадын эдийн засгийн өсөлт өндөр төвшинд буюу 6.7 хувиар өссөн.
Хойд хөршийн эдийн засаг анх удаа 0.7 хувийн өсөлттэй гарсан.
Евро бүсийн эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байхаар байгаа.
Бодлогын тодорхой бус байдлуудад санаа зовж байна. Гадаад өрийн дарамтыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг анхаарал татаж байсан. Үүнд Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг амжилттайгаар шийдвэрлэсэн. Хөрөнгө оруулагчид болгоомжилсон байдлаар харж байсан. Чингис бондын гадаад зах зээлд арилжаалсан хүү 20 хувь руу, Хөгжлийн банкны бондын хүү 27, 28 хувь хүрч байсан. Одоо тодорхой бус байдал арилаад ирэхээр гадаад болон дотоод талдаа зах зээл дээр эерэг хүлээлт үүсэж эхэлж байна. Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.
Өөрөөр хэлбэл, Чингис бондын таван жилийн бондын хүү 4 хувь, арван жилийнх нь 6 орчим хувьтай болж буурч байна.
Дээрээс нь дотоод эдийн засаг дээр байгаа судалгааг харах юм бол бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байна.
Цаашаа инфляцын төсөөллийг хийгээд үзэхээр Мөнгөний бодлогыг тодорхой хэмжээнд зөөлрүүлэх орон зайг өгч байна. Өөрөөр хэлбэл, инфляц дунд хугацаандаа харьцангуй тогтвортой байх төсөөллийг өгч байгаа. Энэ нь бодит секторыг дэмжих боломжийг олгож байгаа учраас Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулах шийдвэр гаргасан.
-Арилжааны банкнууд зээлийн хүүгээ бууруулах боломж бүрдүүллээ гэж ойлгож болох уу. УИХ-аас 2017 оны төсвийг тодотгосон ч 2 их наяд гаруй төгрөгийн алдагдалтай баталсан. Энэ нь эргээд дарамт учруулахгүй юу?
-Төсвийн талаасаа бидэнд ямар давуу тал үүсэж байгаа вэ гэхээр 2016 онд төсвийн алдагдал ДНБ-ийн 18-20 хувьд хүрэх эрсдэл байсан. Энэ жил төсвийн алдагдал 9.5 хувь, ирэх жил 6 хувь, 2019 онд 5 хувь болж буурч байгаа. Төсөв дунд урт хугацаандаа чангарах төлөв ажиглагдаж байгаа.
Бодлогын хүү өөрөө буурна гэдэг зах зээлд маш тодорхой мессежийг өгч байгаа. Эрсдэлгүй дотоодын хүү гэж байдаг. Засгийн газрын үнэт цаасны хүү тодорхой хэмжээгээр буурна. Үүнийг дагаад хадгаламжийн хүү буурна, хадгаламжийн хүү буурахаар зээлийн хүү дагаад буурах боломж байна гэсэн үг.