НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад энэ оны нэгдүгээр сарын 1-нд ажлаа өгсөн БНСУ-ын иргэн Бан Ги Мун Олон улсын Олимпийн хороонд /ОУОХ/ ажиллаж магадгүй байна. ОУОХ-ны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр ОУОХ-ны Ес зүйн зөвлөлийг тэргүүнд өрсөлдөж байгаа хүмүүсийн нэрс дунд Бан Ги Муны нэр байгаа юм.
НҮБ болон ОУОХ олон жил харилцан хамтын ажиллагаатай байгаа учраас энэ албанд очих нь нэр төрийн хэрэг байх болно хэмээн Бан Ги Мун сэтгүүлчдэд ярьсан байна.
Ес зүйн зөвлөлийн тэргүүний сонгуулийг ирэх есдүгээр сард Перугийн нийслэл Лима хотноо болох ОУОХ-ны бүгд хурлын үеэр явуулах юм.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах Ес зүйн зөвлөлийн тэргүүний сонгуульд Бан Ги Мун оролцохоор нэрээ дэвшүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ. “Ноён Бан Ги Мун нэрээ дэвшүүлж байгаад ОУОХ маш их баяртай байна. Бан Ги Мун бол аливаа зүйлд төв голчоор ханддаг, хариуцлагатай, шударга хүн, мөн тэрээр олимпын хөдөлгөөний дотнын түнш юм” гэжээ.
Бан Ги Мун НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2007 оны нэгдүгээр сараас 2016 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл ажилласан.
А.ТУЛГА