Хур тунадасны агууламжтай үүл орж ирэхгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Хур тунадасны агууламжтай үүл орж ирэхгүй байна гэв

Сэтгэл өндөр байнаа. Баярлаад юу хэлэхээ ч сайн мэдэхгүй байна. Халтар үрээ маань урамтай сайхан түрүүлж, магнай тэнийлгэлээ. Үнэхээр их баяртай байна.

Оны эхнээс өнөөдрийг хүртэл хугацаанд 96 удаа ой хээрийн түймэр гарчээ. Эдгээрээс Улаанбаатар хотод 16 удаа, орон нутагт 80 удаа түймэр гарсан байна. Үүний улмаас 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн гэж Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү Улсын онцгой комиссын шуурхай хуралдаан дээр мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хоёр түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд нэг, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр нэг түймэр, Булган аймаг Тэшиг суманд нэг түймэр, нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт нэг, Хан-Уул дүүрэгт хоёр нийт улсын хэмжээнд нийт 9 түймэр байгаа аж. Эдгээр түймрээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нэг, Улаанбаатар хотод гарсан гурван түймрийг цурманд оруулжээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гараад байгаа түймэр өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн. Түймрийг унтраахаар онцгой байдлын албан хаагчид хоёр сар орчим ажиллаж байгаа юм.

Улсын хэмжээнд гарсан 96 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 1738 албан хаагч, 193 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 183 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 150 албан хаагч, 8 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 2793 иргэн, 307 автомашин, 44 мотоцикль тус тус дайчлагдан нийт 4900 хүн, 523 автомашин, 51 мотоцикль, техник хэрэгсэл, 151 морьтойгоор ажилласан байна.

Энэ жил сүүлийн 14 хоног нэг ч бороо хур ороогүй. Тиймээс ногоон бүсэд хуурайшилтын зэрэг өндөр байгааг мэргэжлийн хүмүүс тодотгов.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байгаагаар өмнө нь хэд хэдэн удаа үүлэнд нөлөөлж бороо оруулах оролдлого хийжээ. Гэвч хур тунадасны агууламжтай үүл орж ирээгүй тул амжилтгүй болжээ.

ОХУ-ын Байгаль нуурын зүүн тал тэр чигээрээ түймэрт автаад байгаа аж. Тиймээс тус улсын зүгээс хур тунадас оруулах оролдлого хийж байгаа юм байна. Энэ нь манай нутгийн тунадаст нөлөөлж байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.

Засгийн газраас 1000 ширхэг борооны пуужингийн мөнгө шийдэж өгсөн байна. Энэ пуужин нь долдугаар сард орж ирэх аж. Одоогоор бороонд нөлөөлөх пуужингийн нөөц хангалттай байгаа гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллэв.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж