А.Ганбаатар: “Оюутан-цэрэг” хөтөлбөр хуулийн дагуу хэрэгжинэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

А.Ганбаатар: “Оюутан-цэрэг” хөтөлбөр хуулийн дагуу хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

А.Ганбаатар: “Оюутан-цэрэг” хөтөлбөр хуулийн дагуу хэрэгжинэ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэд бөх, сур, хурдан морины уралдаанаас өөр үзэх зүйл байдаггүй гэдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатартай уулзаж ярилцлаа.

-“Оюутан цэрэг” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон шалтгаан, ач холбогдол нь юу вэ?

– Их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн албанаас чөлөөлж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” гэсэн үүргээ оюутан залуус биелүүлж чадахгүй байсан юм.

Мөн 1990-ээд оноос зэвсэгт хүчнийг цомхотгож, хугацаат цэргийн албан хаагчийн тоо цөөрсөн. Ийм нөхцөл байдал 20 гаруй жил үргэлжилснээр цэргийн зохих бэлтгэл бүхий зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл нөөц бүрэлдэхүүний хомсдол гарч мэдэхээр болсон. Мөн залуусын эх оронч хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаагаас гадна Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албанд цэргийн алба хаасан байх шаардлагыг тавихаар болсон. Иймээс цэргийн насны оюутан залуусын цэргийн алба хаах, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарал хандуулах шаардлага гарсан юм.

Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж мөрийн хөтөлбөртөө “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлэх заалт тусгаж, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 92 тоот зарлиг гаргаж Засгийн газарт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл өгсөн. Ингээд Засгийн газар 2014 оны 2 дугаар сарын 14-нд 40 тоот тогтоол гаргасны дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж, 2014 оны дөрөвдүгээр сараас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлснээр өдгөө 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна.

-Тангараг өргөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч оюутан-цэргүүдийн эцэг, эхчүүдийн төлөөлтэй уулзаж мэндчилдэг. Эцэг эхчүүд энэ үеэр юу хэлдэг вэ?

-Тангараг өргөхөд нөхдөө төлөөлж оюутнууд үг хэлдэг юм. Тэнд их хөөрхөн жишээнүүд байдаг. 110 кг жинтэй очсон оюутан 80 кг болсон, гараа зүүгээр хатгаад захны давуугаа хадаж чадахгүй байсан залуу юм оёдог болсон байна. Компьютерээр л бууддаг байсан бол жинхэнэ буугаар буудаж сурсан гэх мэт энгийн жишээнээс эхлээд дөрөвхөн сарын дотор бие бялдар, сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлт гардаг.

Эцэг эхчүүд нэгдүгээрт, хүүхдүүд нь бие бялдрын гайхалтай хөгжил, төлөвшил хүмүүжил олж авсныг сайшаадаг. Хоёрдугаарт, эх орон дуудахад “Хэзээд бэлхэн” гэсэн сэтгэл зүйтэй болсонд нь талархалтай байдаг. Гуравдугаарт, хамгийн наад зах нь гэр бүлтэй болохдоо өрх гэрээ аваад явах сэтгэлийн тэнхээ, хатуужилтай болсонд нь баярлаж байгаагаа илэрхийлцгээдэг дээ.

Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрт хэдэн оюутан хамрагдсан бэ?

-2014 онд 42 их, дээд сургуулийн 418, 2015 онд 66 их, дээд сургуулийн 986, 2016 онд Улаанбаатар хотод 750, Дорнод аймагт 99, Ховд аймагт 149, нийт 998 буюу хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 2400 гаруй оюутан-цэрэг хөтөлбөрт хамрагдан, цэргийн алба хааж тангараг өргөсөн байна. Өнгөрсөн жилээс эхлэн хөдөө орон нутагт хөтөлбөрийг зохион байгуулж эхлээд байна.

“Оюутан-цэрэг” хөтөлбөр цаашид үргэлжлэх үү?

-Юуны өмнө энэ хөтөлбөрийг санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, БХЯ, ЗХЖШ, МОХ, ажлын хэсгийнхэнд бүгдэд нь баярлалаа гэж хэлье.

Сайн үйлс эхэлсэн байхад олны дэмжлэгээр эрчээ авдаг учиртай гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны оюутан-цэргийн тангараг өргөх ёслол дээр хэлж байсан юм. Оюутнууд цэргийн алба хаана гэдэг их хүлээлттэй байсан, Ерөнхийлөгчийн зарлигаар 2014, 2015, 2016 оныг дамжин “Оюутан цэрэг” хөтөлбөр нэрээр хэрэгжсэн. Эхний жил 400 гаруй оюутан-цэрэг тангараг өргөж байсан бол өнгөрсөн хоёр жил бараг 1000, 1000 оюутан цэргийн тангараг өргөлөө. Хөтөлбөрт оюутнууд мянга мянгаараа бүртгүүлж, 1000 цэрэгт багтаж тангараг өргөх гэж хоорондоо өрсөлдөж, сурлагын голч дүн, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлөөрөө шигшигдэж байна. Эцэг эх, багш нар, сургуулийн зүгээс талархалтай хандаж байгаа. Ингэж “Оюутан-цэрэг” хөтөлбөр олны дэмжлэгээр эрчээ авсан. 2016 онд УИХ-аас баталсан Цэргийн албаны тухай хуульд хөтөлбөр маань тусаж баталгаажсан.

“Оюутан-цэрэг” хөтөлбөр 2017 оноос эхлэн Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн мэргэжил олгож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэх “Оюутан-цэрэг” сургалт болж хэрэгжиж байна. Өнөө жил 1000 оюутан хамрагдана. 6 сарын 15, 16-ны өдөр Улаанбаатараас 700, Ховдоос 150, Эрдэнэтээс 100, Дорнодоос 50 оюутан-цэрэг цэргийн мэргэжлийн бэлтгэл буюу хээрийн сургуульдаа 2 сарын хугацаатай гарах гэж байна.

Эх сурвалж: president.mn

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-15 202.179.31.9

МАНАН ГЭЖ ЮУ БОЛОХИЙГ ОДОО Л ОЙЛГОЛОО ЭБЭЭ-ЯАГААД ДУУГАЙ БАЙГААД БАЙСАН НЬ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙХ ШИГ

ЗОЧИН 2017-06-15 66.181.160.69

ҮГҮЙ НӨГӨӨ ХҮН ДАРАМТЛААД БАЙГАА А ГАНБААТАР ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ МӨНҮҮ \nЭНЭ ЧИНЬ АН намын ГИШҮҮН БИШ ЮМ УУ

Зочин 2017-06-15 66.181.186.132

60 ТЭРБУМЫН ГЭМТ ХЭРЭГТЭН А ГАНБААТАР