Зэвсэгт хүчний жанжин штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчний жанжин штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн заан Болдпүрэвийн Сугаржаргал улсын начин Ц.Одбаярыг барьц сонгоход нь давсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа. Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр гардуулан, одонг Жанжин туганд зүүж өгсөн юм.

Зэвсэгт хүчний жанжин штабыг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уншиж сонордуулав.  Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, Зэвсэгт хүчнийг мэргэжлийн дээд удирдлагаар хангах, өргөтгөн зохион байгуулах, цэргийн мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх, энх цагийн бүтээн байгуулалтад оролцох, иргэн, цэргийн харилцааг өргөжүүлэх үйлсэд идэвх, санаачилгатай ажиллаж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж буй тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл, зүтгэлийг өндрөөр үнэлж Зэвсэгт хүчний жанжин штабыг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

Сүхбаатарын одонг гардуулан өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн эрхэм генерал, офицер, ахлагч, албан хаагчид, хүндэт зочдын энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Зэвсэгт хүчний жанжин туганд өнөөдөр их жанжныхаа нэр алдраар алдаршсан Сүхбаатарын одонг гардуулж өглөө. Энэ бол том түүхэн үйл явдал. Энэ бол Монгол Улсын Зэвсэгт хүчний үе үеийн яруу алдарт түүхийг Монголын төрөөс үнэлж байгаа том үнэлгээ юм. Манай Зэвсэгт хүчин үүссэн цагаасаа эхлэн эх орныхоо тусгаар тогтнол, бие даасан байдлыг батлан хамгаалахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирсэн. Зэвсэгт хүчний 90 гаруй жил, бараг бүтэн зууны түүх, үйл ажиллагааг үнэлж байгаа ийм том төрийн хүндэтгэл юм. Энэ үнэлгээ бол Зэвсэгт хүчний жанжин штабыг үеийн үед удирдаж ирсэн удирдлагууд, Зэвсэгт хүчний жанжин штабын нийт бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, анги, байгууллагын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний үеийн үед гүйцэтгэж ирсэн түүхэн үүргийг үнэлж байгаа түүхэн үнэлгээ юм.

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин зөвхөн өөрийн оронд үүргээ нэр төртэй хэрэгжүүлэхээс гадна дэлхийн олон халуун цэгт манай Зэвсэгт хүчний дайчид, албан хаагчид, офицер, ахлагч нар түүхэн үүргээ хэрэгжүүлж байгааг онцгойлон хэлье.

Цаашид манай Зэвсэгт хүчний удирдлага, Жанжин штаб цэргийн хэргийн бэлтгэлжилт, өмнөө тавигдсан үүргийг биелүүлэх үйл ажиллагаа, сахилга, зохион байгуулалтаараа онцгойрон ажиллаж чадна гэдэгт итгэж байгаагаа дахин илэрхийлье.

Монгол Улсын Зэвсэгт хүчний яруу алдар улам мандан бадрах болтугай” гэлээ.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж