Г.Доржзодов: Би хамгаалалтад орох хүсэлт гаргаагүй

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Г.Доржзодов: Би хамгаалалтад орох хүсэлт гаргаагүй

Монгол Улс шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын үндэс суурь болсон хуулийг 1993 онд анх баталсан хэдий ч уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх албан ёсны байгууллагаа 2005 онд байгуулсан байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

МАН-ын 60 тэрбумын бичлэгийг ил болгосон иргэн Г.Доржзодовыг өнөөдөр /2017.06.15/ баривчлах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Тэрээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт түр байрлаж буй бөгөөд өнөөдөр цагдаагийн ажилтнууд гэрийг нь түр хамгаалалт авч, иргэн Г.Доржзодовтой уулзсан байна. Цагдаагийн байгууллагад иргэн Г.Доржзодовын эцэг, эх нь өргөдөл гаргаж, түүний амь нас, эрүүл мэндийг нь хамгаалж, хамгаалалтад авч өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу ийнхүү хамгаалалтад авахаар ирсэн гэдгээ танилцуулжээ. Цагдаагийн ерөнхий газраас ч “Цагдаагийн байгууллагад иргэн Г.Доржзодовын ар гэрээс хамгаалалтад авах хүсэлт гарсан учраас хамгаалалтад авч байгаагаа мэдэгдэх гэж ирсэн. Хүмүүсийн яриад байгаа шиг баривчлах гэж ирээгүй” гэдгийг мэдэгдсэн юм. Энэ үеэр бид иргэн Г.Доржзодовтой ярилцлаа.

-Цагдаагийн ажилтнууд ямар хэргээр ирсэн, яагаад хамгаалалт гаргахаар болов? 

-Өнгөрсөн шөнө 01.00 цагийн үед цагдаагийн ажилтнууд ирж, хамгаалалт гаргасан. Тэгэхдээ ямар нэгэн зөвшөөрөл, шийдвэр үзүүлээгүй. Уг нь хамгаалалтад авч байгаа бол бичиг, шийдвэрээ танилцуулах ёстой байсан. Гэвч надад ямар нэг бичиг баримт үзүүлээгүй, шууд л хамгаалалт гарсан. Би хувьдаа гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчиж, ажиллагаа явуулж, отолт хийж байна гэж ойлгож байна. 

-Цагдаагийн байгууллагаас ар гэрийнх нь хүсэлтээр хамгаалалтад авч байгаа гэсэн мэдээлэл өгсөн шүү дээ?

-Цагдаа нар ирээд аавынх нь хүсэлтээр хамгаалалтад авч байгаа гэж тайлбарласан. Тэгж тайлбарласных нь дараа би аав, ээж рүүгээ залгаж асуухад ямар нэг хамгаалалтад авах хүсэлт гаргаагүй гэсэн. Тэгэхээр цагдаагийн байгууллагынхан худлаа ярьсан. Сая явахдаа гурван хүнийг хамгаалалтаар үлдээлээ гэж хэлээд явлаа. 

-Өөрийг тань дарамталж байгаа гэсэн мэдээллүүд яваад байгаа. Энэ хэр бодитой юм бэ?

-Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн миний амь насанд занал хийлэх, дарамтлах асуудал үргэлжилж байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн, MP-3 тоглуулагч ашигласан гэж Эрүүгийн хуулийн 133.1 дэх заалтад үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2014 оны есдүгээр сарын 8-нд Гандангийн орчим байрлах Шинэ Монгол хаад группийн зургаан давхар барилгын дөрөвдүгээр давхарт МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн А.Ганбаатар, миний бие Г.Доржзодов нарын уулзалт болсон. Энэ уулзалтын 90 минутын бичлэг, дагалдах файл, нотлох баримтуудыг бүгдийг нь тавдугаар сарын 6-нд би ил болгосон. Түүнээс гадна сая зургадугаар сарын 1-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр надтай хамт ажиллаж байсан хүнээр дамжуулан “Намайг хүссэн улс руу хүссэн сургуульдаа явах, дээрээс нь хоёр өрөө байр өгнө” энэ хэргийг орхиод яв, бүх бичиг баримт, визийг чинь зохицуулж өгнө гэж хэлүүлсэн байсан. Хэн ингэж байгаа юм бэ гэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн гэж хэлсэн. Зургадугаар сарын 9-нд мөн хамт ажиллаж байсан хүнээр дамжуулж, М.Энхболд саунд ганцаарчилж уулзах хүсэлт явуулсан. Гэтэл тэр уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат байсан бөгөөд “90 минутын дүрс бичлэг эвлүүлэг байсан гэсэн бичлэг бидэнд хийж өг, хүссэн мөнгөө аваад гадаад руу явж болно. Гэр бүлээр чинь визийг чинь зохицуулж өгнө” гэсэн. 

-Хэдэн төгрөг санал болгосон юм бэ. Яагаад тэр мөнгөнөөс татгалзсан юм бэ?

-Тэр хүний надад санал тавьсан мөнгө нь нэг сая ам.доллар байсан шүү. Хэрэв би 90 минутын бичлэгийг эвлүүлэг, хуурамч байсан гэж бичлэг үлдээх л юм бол хуурамч бичлэг эвлүүлсэн гэмт хэрэгтэн болно. Ийм тохиолдолд би хаашаа ч явж чадахгүй, шууд гэмт хэрэгтэн болох учраас зайлсхийсэн. 

-Таныг тагнуулын байгууллагаас тагнаж, чагнасан гэсэн үндэслэлээр баривчилсан гэсэн шүү дээ?

-2017 оны дөрөвдүгээр сарын 5-нд манай гэрийн гадаа А.Ганбаатар ирж, маргааш заавал ирж уулз гэж дарамтлаад явсан. Тэгээд бүтэн жил үргэлжилж байгаа энэ асуудлаас болж А.Ганбаатар намайг маш их гүжирдсэн. Тийм учраас би өөрийгөө хамгаалах үүднээс тэр уулзалтын үеэр өөрийнхөө хэлж байгаа зүйлийг бичсэн. Гэтэл А.Ганбаатар дээрэмдэж аваад, хэд хоногийн дараа Тагнуулын байгууллагад өргөдөл гаргасан байсан. Тэр өргөдөлдөө “Намайг өөрөө ажил дээр ирээд, тагнуулын тусгай төхөөрөмж авчирч, намайг тагнасан” гэсэн гомдол гаргасан байсан. Тиймээс Тагнуулын байгууллага намайг баривчилсан.

-Сүүлд бас таныг АН-ын санхүүгийн схем нэвтрүүлсэн, дараа нь МАН дээр ирсэн гэсэн бичлэг бас яваад байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ бол зохион байгуулалттай намайг буруутан болгох гэсэн бичлэг. Тэр бол хуурамч бичлэг. Би өөрийн фэйсбүүк, твиттер болон хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан би байдлыг олон нийтэд мэдээлнэ. Надад бүх зүйл баримттай, нотолгоотой эх хувиараа байгаа учраас энэ талаар мэдээллийг миний цахим хуудаснаас авч болно. 

-Таныг 90 минутын бичлэгээр дамжуулан МАН-аас 20 сая төгрөг авсан гэсэн баримтууд олон нийтийн сүлжээгээр явж байсан шүү дээ?

-2014 оны наймдугаар сараас 9 сар хүртэл намайг ажиллуулсан. Тэгэхдээ тэр ажлыг хийж өгвөл өөрийнхөө компанид Стратеги, бодлого хариуцсан захирлаар ажилд авна гэсэн шийдвэр гарсан байсан. Гэтэл миний бичиг баримтыг авчаад өгөхгүй, сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Тэгээд тэр чигээрээ чимээгүй алга болсон, надаар ажил хийлгэчхээд. Тэгээд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн үйл явц ажиглаж байхад олон нийтэд тухайн бичлэгийн хэсгийг үзүүлэх нь зүйтэй юм байна гэж бодоод ил болгосон. Тухайн үед маш их хүн үзсэн. Тэгээд Ц.Сандуй, А.Ганбаатар, н.Өлзий нар надтай холбоо барьж эхэлсэн. Тэгээд намайг дарамталсан маш их мессеж илгээсэн. Тэгээд тэр олон нийтэд ил болгосон бичлэгийг устгуулахаар намайг дарамталж байгаад сүүлдээ “найрч” эхэлсэн. Тэгээд 2014 онд өгөөгүй ажлын чинь хөлсийг өгнө гэж хүртэл амласан. Бичлэг нэгэнт олон нийтэд тарсан байсан учраас утгаа алдсан учраас өөрсдөд нь тэр бичлэгийг нь өгсөн. Харин миний данс руу хийсэн 20 сая төгрөгийн баримт нь хуурамч баримт.

-2014 онд яригдаж байсан, тэр 90 минутын бичлэг дээрх яриа 2016 оны сонгуулиар хэрэгжсэн гэж та бодож байна уу?

-Та бүхэн 90 минутын бичлэг, бусад материалыг нь өнгөрсөн сонгуулийн үйл явдлуудтай харьцуулаад үз. Ядаж тэр материал дунд байсан хээ, угалз Нийслэлийн МАН-ын тараасан мэндчилгээний зураг хоёрыг л харьцуулаад харахад бүх зүйл тодорхой болно. Би энэ бичлэгүүдийг өнөөдөр бичээгүй, өнгөрсөн 2016 оны сонгуулийн өмнөөс л хэсэгчлэн тарааж эхэлсэн.

-Цаашид таны болон ар гэрийнхний аюулгүй байдлыг хамгаалах, амь насанд аюул учрахгүй байх баталгаа байна уу?

-Аюулгүй байдлын баталгаа бол одоогийн энэ байгаа орон байр, халдашгүй байдал. Би одоо олон улсын байгууллагад тавдугаар сарын эхээр хандсан байгаа. Түүний хариу ирэхгүй байна. А.Ганбаатар манай гэрийн хаяг, аав ээжийн хаяг, гэр бүлийн байдлын талаар мэдэж байгаа гэдгээ надад хэлсэн. Өдөр болгон намайг хэнтэй уулзаж байна гэдгийг мэдэж байна гэдэг нь тагнах, мөрдөх ажлыг хийх бололцоотой гэж харж байна. Манай гэр бүлд ямар нэг зүйл тохиолдвол энэ хүмүүсээс ямар нэг байдлаар дарамт үүсгэж байна гэж ойлгож байна, энэ үйлдлүүдийг нь. Тиймээс би өнөөдрөөс ар гэр, гэр бүлийнхний хамгаалах ажлыг эхлүүлнэ. Би өөрөө бол гэрээсээ гарч чадахгүй, агаар ч олигтой амьсгалж чадахгүй л байна. Энэ бол маш том сэтгэлзүйн дарамт гэж би бодож байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж