"Ардчилсан намыг ардчилагч гэж хэлэхгүй"

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

"Ардчилсан намыг ардчилагч гэж хэлэхгүй"

Германи, Индонези хоёр цэргийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж байна.

Сошиалд хамгийн идэвхтэй хүмүүсийн нэг Нара. Эрч хүчтэй,элдэв амбицгүй,шударга шулуухан үгтэй түүнтэй ярилцах сонирхолтой байлаа.

-Сайн уу, Нара. Сошиалд маш идэвхтэй байдаг хүмүүсийн нэг бол та. Таны үзэл бодлыг харахад улс төрд эргэлт буцалтгүй орохоор шийджээ гэлтэй харагддаг. Одоо яг юу хийж байна?

-Улс төрийг чи оролдохгүй ч улс төр чамайг оролдоно гэдэг үг байдаг шүү дээ. Мөрөөрөө чимээгүй амьдарч болно. Гэхдээ нийгэм, улс орноо өөрчлөхийн тулд амиа бодоод, зөвхөн өөрийгөө болгоод байж болохгүй гэдгийг ойлгосон.

Яг одоо сурч мэдэхэд, ялангуяа улс төр, эдийн засгийн мэдлэг мэдээллээ тэлэхэд өөртөө анхаарч байгаа. Улс төрд дуу хоолойгоо хүргэе гэвэл системтэй мэдлэгтэй байх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. Тэр үүднээс Конрад-Аденауэр сангийн “Эмэгтэйчүүдийн манайлал” хөтөлбөрт хамрагдлаа. Өнгөрсөн сонгуулиас хойш зүгээр суусангүй. “Бэхи ээж” төрийн бус байгуулагыг бидний хэдэн ээжүүд байгуулсан юм. Манай төрийн бус байгууллага эмэгтэйчүүдийн боловсрол, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төрийн бус байгууллага байгуулах болсон маань нийгэмдээ өөрийнхөө оролцоог хүргэх гэсэн зорилготой. Яг үнэндээ дөрвөн жил хаана байгаа нь мэдэгдэхгүй таг чиг болсноо сонгуулиар гараад ирдэг хүн баймааргүй байна.

-Танай төрийн бус байгууллагын ард хэн нэгэн улстөрч, аль нэг нам байна уу. Зарим нэг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг харахад ард нь том улс төрийн зорилго байжээ гэсэн хардлага төрөх болсон?

-Тийм юм байхгүй. Бид бор зүрхээрээ л явж байгаа. Ардаа ямар нэгэн хүнтэй байсан бол ядаж л хэлж ярих, хийх ажлыг маань бидэнд чиглүүлж өгнө шүү дээ.

-Ингэхэд, Нара урлагаа бүр мөсөн орхисон уу?

-Урлагаа орхилоо, улс төрд бүр мөсөн орлоо гэж зарлан тунхагласан зүйл байхгүй. Урлаг хүн болгоны сэтгэлд тээгдэж явдаг ариун нандин зүйл. Мэдээж, миний сэтгэл урлагтай үргэлж ойр. Гэхдээ дуучин хүн гээд улс орны асуудал надад хамаагүй гэж явж болохгүй. Үнэхээр улс нийгмийнхээ төлөө чиний сэтгэл өвдөж байгаа л бол чи тодорхой хэмжээгээр оролцох л хэрэгтэй.

-Улс төрд Нара гэнэт л ороод ирсэн. Таныг улс төрд уруу татаж, хөтөлж оруулсан, сонгууль нэр дэвшээч гэсэн санал тавьсан хүн байна уу. Эсвэл улс төрд оролцохоос өөр аргагүй нөхцөл байдалд гарав уу?

-Би хэн нэгний цүнх барьж гүйгээд, хэн нэгний араас зүүгдэж улс төрд ороогүй. Хүүхдээ төрүүлээд, өрх толгойлсон ээж болсны дараа нийгмийг илүү бодитойгоор хардаг юм билээ. Монголд өрх толгойлсон ээжүүд олон, тэдэнтэй уулзаад ярилцахаар бодитойгоор нийгмээ таниад эхэлдэг,өөрийн эрхгүй нервтдэг болсон. Өмнө нь яагаад үүнийг олж хараагүй юм бол, төр засаг яагаад анхаардаггүй юм бол гэсэн олон асуулт гарч ирсэн.

Асуултын минь хариуг хэзээ нэгэн цагт өгнө гэж хүлээх биш, асуултынхаа хариуг бодит ажил хэрэг болгохын тулд улс төрд оролцох ёстой юм байна гэж ойлгосон. Хэн нэгэн гарч ирээд бидний амьдралыг сайхан болгоно, тэгэхээр нь би сайхан амьдрах юм байна гэж хүлээхээс илүү тэр сайхан амьдралыг бий болгохын төлөө гар бие зүтгэх ёстой л юм байна.

-Урлагийг бодвол улс төр эмэгтэй хүнд илүү хатуу, халтай байж магадгүй. Ардаа заавал намтай ч юм уу татаастай байж л улс төрөөр оролдохгүй бол хол явдаггүй гэдэг?

-Өнгөрсөн сонгуулиар намайг Баянгол дүүрэгт нэр дэвшихэд маш их хардлага сэрдлэгэ гарч ирсэн л дээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнээс мөнгө аваад нөгөө намынхаа хүний саналыг хуваах гэж өрсөлдөж байгаа гэсэн яриа гарсан байсан. Тэр үед цэнхэр үст Цэрэн эгч гэхэд л чи С.Эрдэнээс хэдэн төгрөг авч хөхөндөө хийсэн бэ гэж хүртэл надаас асууж л байлаа.

Мэдээж, гүтгэлэг, доромжлолоос айсан бол би нэр дэвшиж, улс төрөөр оролдохгүй байсан. Манайханд нэг дутагдал байдаг. Бизнест, урлагт ч, улс төрд ч амжилттай яваа бүсгүйг эсрэг хүйсийн хэн нэгэнтэй холбодог ч юм уу. Гэтэл тэр эмэгтэй өөрийнхөө хүч, хөдөлмөр, зүтгэлээрээ өндөрт гарсан байж болно шүү дээ. Харин өнөөгийн нийгэмд өрх гэрээ хэнээс дутахгүй авч яваа, бизнесээ хэн нэгэн эрэгтэйгээс илүү удирдаж яваа эмэгтэй олон байгаа.

Миний хувьд улс төрд ороход ямар ч татаас, түлхээс байгаагүй ээ. Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ гэгчээр бор зүрхээрээ өрсөлдөнө гээд гараад ирэхэд маш олон хүмүүс надад тусалсан, дэмжсэн, зөвлөгөө өгсөн. Ардчилсан намын залуучууд ч, Ардын намын залуучууд ч, МАХН-ын залуучууд ч, ахмад улстөрчид ч бүгд л надад зөвлөгөө өгч, урмаар дэмжсэн. Улстөрчид ч, улстөр ч өөрөө шинэ хүн хүсч байгааг тэр үед би ойлгосон.

-Улс төрийн бодлого шийдвэрүүд намаар дамжиж гардаг. Хэрэв улс төрд орж, төрийн бодлого шийдвэрт нөлөөлье гэвэл намд орохоос өөр аргагүй. Танд аль нэг намд орох бодол байна уу?

-Одоогоор аль нэг намд орьё гэсэн бодол алга. Гэхдээ намайг сонгуульд нэр дэвшиж байхад чи ганцаараа гараад юу хийх юм бэ гэж маш олон хүмүүс хэлж байсан. Үнэхээр ч одоо Жавхланг хар л даа. Ганцаараа гараад, юу ч хийж чадахгүй байна шүү дээ. Өөрийн мөрөөдөл зорилгоо биелүүлэхэд надад хамт олон баг хэрэгтэй. Ямар ч баггүйгээр ганцаарчилсан тоглолтоор хол явахгүйг мэдэж байгаа.

Яг үнэндээ үзэл баримтлалынхаа чиг хандлагыг эхлээд маш зөв тогтоох хэрэгтэй байна. Намаас нам дамжсан, нам намын батлах өвөртөлсөн хүн болохгүйн тулд эхлээд маш зөв сонголт хийх ёстой гэж бодож байгаа. Би өөрийгөө ардчилсан эмэгтэй гэж дүгнэдэг. Ардчилал бол ганц намын өмч биш л дээ. Монголын намуудын үзэл баримтлалыг харахад надад багагүй эргэлзээ төрдөг. Энэ яг барууны нам уу гэхээр биш. За тэгвэл, энэ нь зүүний чиглэлийнх үү гэхээр бас л биш. Өнгө нь өөр болохоос Монголын намууд үзэл баримтлалаараа ялгарахаа больсон байна. Миний хувьд аль намд элсэх вэ гэсэн сонголт хийхэд хэцүү байгаа. Тэгэхээр одоогоор нам бус хэвээрээ байна. Харин хэзээ нэг өдөр аль нэг намын үзэл баримтлал таалагдаад элсэхийг үгүйсгэхгүй ээ.

-Таныг 40 сая төгрөг МАН-аас авсан гэсэн яриа сошиалд гарсан байсан. Үүнд өөрөөс чинь тайлбар авах нь зөв байх аа?

-Тийм юм яваад байгааг харсан. Хэн нэгний зохиосон хар пиар л байна лээ. Би хэрэвзээ МАН-аас 40 сая төгрөг авсан бол нэлээд кайфтай явж байх байсан биз /инээв/.

-Төрийн бус байгууллагынхаа санхүүжилтийг хаанаас олдог юм?

-Нэгд, манай төрийн бус байгууллага бол ашгийн бус. Хоёрт, бид тодорхой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тэднээс л үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг болохоос цалин авах, ажил орлоготой байх гэж төрийн бус байгууллага байгуулаагүй. Ер нь бол төрийн бус байгууллагын санхүүжилт хэцүү юм билээ. Тэгээд ч бидний гол зорилго бол эмэгтэйчүүдийнхээ боловсролд анхаарах, эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийн төлөө дуугарах болохоос ажил орлоготой байх гэсэн зорилгогүй. Зарим төрийн бус байгууллага бол ашгийн төлөө бус нэрийн дор ашгийн үйл ажиллагаа явуулдаг гэж сонссон.

-Үнэхээр одоо бол улс төрд ороход тодорхой мөнгө хэрэгтэй. Хөрөнгө мөнгөгүй хүн улс төрд орох аргагүй болсон шүү дээ?

-Санхүүгийн асуудал бол маш чухал юм билээ. Би үүнийг өнгөрсөн сонгуулиар маш сайн ойлгосон. Өмнө нь хоёр идэхгүй, хоосон хонохгүй, ямар ч гэсэн өөрийнхөө хүссэнээрээ, хүссэн зүйлээ аваад өөрийгөө болгоод амьдраад явдаг байсан. Одоо бол улс төрд, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад санхүүжилт маш их хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Ний нуулгүй хэлэхэд өнгөрсөн сонгуулиар би чинь нэлээд өртэй үлдсэн хүн шүү дээ. Өрөө эхнээс нь дараад л явж байна. Гэхдээ мөнгө хэрэгтэй гээд буруу замаар будаа тэгээд, буцахдаа шороо тээгээд яахав дээ.

Ер нь бол хүн амьдралынха алхам бүрт суралцдаг гэдэг шүү дээ. “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг бол үнэн үг байна лээ. Өөрөө яаж амьдарья даа гэж яваа хүн яаж бусдын амьдралыг өөд нь татах вэ дээ. Тэгээд нэг бизнес эхлүүлсэн. Томчуудын дэргэд жижигхэн байх л даа. Хоолын салбарт цоо шинэ соёлыг оруулж ирэх зорилготой.

Би өнгөрсөн сонгуулиас хойш өөртөө зорилго тавьсан. Нэгд, 2020 он гэхэд би бизнес эрхлэгч болчихсон байна. Хоёрт, өөрийнхөө амьдралын тогтмол орлогоо төвөггүйхэн олчихдог болсон байна. Гуравт, ажил олгогч болчихсон байна гэсэн зорилго тавьж байгаа.

-Нара бол үзэл бодлоо зоригтойгоор илэрхийлдэг. Ялангуяа Ардчилсан намыг зоригтой шүүмжилдэг хүмүүсийн нэг та?

-Ардчилан намыг үзэл баримтлалынхаа төлөө явж байгаа, ардчилалыг өмчлөгчийнхөө хувьд ардчилалын суурь зарчмыг хамгаалагч гэж би ерөөсөө харж чадахгүй байна. Би өнөөдөр Ардчилсан намыг ардчилагч нам гэж хэлэхгүй.

Урьд өмнө нь би Ардчилсан намыг маш их дэмждэг байсан. Ардчилсан намд хүндэлдэг, дэмждэг улстөрч олон байгаа. Тэднээс үлгэр, дурайлал авахыг би хичээдэг. Ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэн дээдэлдэг залуучуудтай нь ч найз. Гэхдээ, аливаа нам гэдэг ашгийн байгууллага биш. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэрээр газар авчихаад, тэр газар дээрээ томоо гэгчийн оффис бариад, хувийнхаа өмчийг болгосонд шүүмжлэлтэй ханддаг.

Мэдээж, Монголд хүний эрх, эрх чөлөөг бий болгож, ардчилсан үзэл баримтлалыг нийгэмд соёолуулж өгсөнд, хийж бүтээсэн сайн, сайхан зүйлийг нь бодоход Ардчилсан намыг хайрлаж явах учиртай. Гэвч, ардчиллын нэрээр хулгай хийж, хууль бус үйлдэл гаргахыг тэвчээд суух утгагүй. Энэ байдлаараа бол Ардчилсан нам хоёр жилээс цааш явахгүй гэж бодож байгаа.

-Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулгад та их шүүмжлэлтэй ханддаг?

-Ардчилсан намд олон түмэнд хайрлагдсан, элдэв луйвар булхайд оролцоогүй зөндөө олон хүн байгаа. Тэднээсээ нэр дэвшүүлж болох л байсан. Би Ардчилсан намынханд хандаж “Та нар ядаж Р.Амаржаргал гуайг дэвшүүлсэн бол хөл гараа өргөөд дэмжих байсан. Э.Бат-Үүл гуайг дэвшүүлсэн бол хөл гараа хөхтэйгөө өргөөд явж байх байлаа” гэж бичсэн л дээ /инээв/. Намайг сонгуулийн сурталчилгаа эхлэх үед олон хүн Х.Баттулгыг дэмжиж ажиллаач гэсэн санал тавьсан. Би шууд эсэргүүцсэн. Олон эргэлзээтэй хэрэгт холбогдож байсан, бүхнийг мөнгөөр угжаад сурсан хүнийг намын даргаараа болгосон, иргэдээ хагалан бутаргасан үг, үйлдэл байнга гаргадаг нэр дэвшигчтэй намыг дэмжихгүй гэдгээ хэлсэн. Ядаж хүндлэхээ байг гэхэд үзэл бодлыг минь ойлгоод үлдээрэй л гэсэн.

-Та ингээд аль, аль намыг хатуу шүүмжилдэг. Үүнээсээ болоод ямар нэгэн дарамт шахалт, заналхийлэлд өртөх вий гэж айдаггүй юу?

-Эрсдэл гэснээс өнгөрсөн сонгуулиар манай менежер яаж ийж байгаад бие хамгаалагч хөлсөлье гэлээ. Тэр нь ямар үнэ ханштай юм бэ гэсэн 800 мянган төгрөг гэнэ. Өө хэрэггүй, тийм дэмий юманд тийм их мөнгө үрээд яах вэ гэсэн. Би ер нь байнга л ганцаараа явж байдаг юм. Хэн яав л гэж, хэн тоож л Нараг шоглов гэж боддог байлаа л даа. Тэгсэн саяхан нэг залуу над руу дайрч, давшлаад элдвийн үгээр доромжлоод, юм авч шидлээд бараг цохиод авах нь холгүй аашилсан. Мэдээж би хуулийн байгууллагад хандсан байгаа. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө хэн нэгнээр доромжлуулж, хэн нэгэнд зодуулна гэж юу байх вэ. Тэгсэн дуудлагаар ирсэн цагдааг нөгөө нөхөр хужаа янханг өмөөрлөө гээд цохиод авсан л даа.

Ер нь монголчууд бидний оюун санаа маш их бохирдсон байна. Энэ сонгуулийн хар пи-ар бол иргэдээ талцуулаад, хуваагаад бүр хоорондоо зодолдоход бэлэн болсон байна. Би хувьдаа ийм зүйлийг өөгшүүлээд, дуугүй хараад сууж тэвчихгүй. Тийм болохоор үгээ хэлэх л болно. Х.Баттулга нэр дэвшигчийг дэмжээгүй урлагийнхан, спортынхон болгонд худалдагдсан “янханууд” болсон. Дэмжсэн нь бараг л эх орончид баатрууд болдог. Ингэж туйлширч, нийгмийн сэтгэл зүйг ийм муухай байдалд хүргэж болохгүй л дээ. Энэ хурцдах юм бол эгэл жирийн иргэд бид л хоорондоо алалцаж, эгэл жирийн иргэд бид л хохироод үлдэнэ. Ард нь турхираад, өдөөгөөд байсан хүмүүс нь зүв зүгээр үлдэнэ. Өнгөрсөн 2008 оны долоон сарын 1-ний хэргээр хэн ял авч, хэн амиа алдсан юм бэ. Хэний хүүхдүүд шоронд суув, хэний хүүхэд амиа алдав, хэн өнчирч үлдэв, хэн хохиров. Жирийн иргэд л хохирсон шүү дээ. Нэр дэвшигчдийн, улстөрчдийн хоорондоо нүүлгэж байгаа чулуунд нь автаад, чулуу болоод явмааргүй байх юм.

-Ер нь улс төрд орсон эмэгтэй хүн эрчүүдээс илүү сэтгэлийн хаттай байдаг байх. Нийгмийн давшилтыг эрчүүдээс эмэгтэйчүүд илүү амсдаг юм шигээ?

-Ер нь тийм. Өнгөрсөн сонгуулиар гэрээ засаад төрөө зас чи гэж олон хүн намайг шүүмжилсэн л дээ. Би яах вэ, өрх толгойлсон эмэгтэй хүн. Гэтэл хэд хэдэн авгай сольсон, хэд хэдэн хүүхэд өнчрүүлээд явж байгаа эрчүүдийг огт тоодоггүй. Бараг л тэжээж чадаж байгаа юманд арга байхгүй гэж өмөөрөх жишээний. Хараад байхад улс төрд яваа эмэгтэйчүүдийг боов боорцог, бохины хэргээр л “ялладаг”. Гэтэл төсвийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь хулгайлсан эрчүүдээ яагаад шүүмжлэхгүй байгаа юм бэ.

Зүгээр л нэг жишээ аваад яръя. Эрэгтэй, эмэгтэй хоёр улстөрч байлаа, нэг нь гадаад нөхөртэй, нөгөө нь гадаад эхнэртэй. Гадаад эхнэртэй залуу бол бараг л баатар. Гадаад нөхөртэй эмэгтэй нь гэмтэн юм шиг байдаг. Эмэгтэй хүн алдах эрхгүй. Харин эрчүүдийгээ “Эр алдаж, эрэг нураа биз” гэж өмөөрнө. Тийм учраас эмэгтэйчүүд бие биеэ дэмжих хэрэгтэй. Эмэгтэйчүүд бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой. Эмэгтэйчүүд бие биедээ атаархдаг гэсэн бурангуй үзлийг халах ёстой болсон байх аа.

-Шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?

-Зөв шүүмжлэл үү, эсвэл доромжлол, гүтгэлэг үү гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Зөв шүүмжлэлийг маш сайн талархалтайгаар хүлээж авдаг. Харин доромжлол, гүтгэлэг бол хэрээс хэтэрлээ л дээ. Хамгийн гол нь хэн хүн доромжилсноор, хэн хүний гүтгэснээр би тийм болчихгүй л дээ. Бас хэн хүний доромжлолоос ч айхгүй.

-Нара улс төрд орж ирээд стиль, имижээ ч өөрчилсөн. Илүү эмэгтэйлиг, илүү намбалаг болсон харагддаг?

-Баярлалаа. Ээж болохоосоо өмнө ганган дэгжин хувцаслах дуртай байлаа. Хүүгээ гаргасны дараа хүссэн хүсээгүй хувцаслалтдаа анхаарах шаардлагатай болсон. Хүн өөрчлөгддөг юм байна лээ. Өөрт эвтэйхэн, биед амар хувцас өмсөхийг боддог болсон. Энэ бол мэдээж эх хүн болсонтой холбоотой. Нас намбатай ч холбоотой байх. Гоё явахад нэлээд цаг зав шаардлагатай л даа. Одоо өглөө гараад л орой гэртээ орж ирдэг болсон. Гоё явахад анхаарах цаг завгүй ч болсон, өмнөх шигээ гоё ганганд ач холбогдол өгөхөө ч больсон байна.

-Өнгөрсөн сонгуулиас авсан сургамж юу байна?

-Мэдээж, олон зүйлээс сургамж авсан, туршлагажсан. Гэхдээ хамгийн чухал нь улс төрийн талаар системтэй мэдлэгтэй болох ёстой гэдгээ маш сайн ойлгож авсан шүү. Хэчнээн сэтгэл байгаад хол явахгүй юм байна, тиймээс улс төр, эдийн засгийн талаар системтэй мэдлэгтэй болохын тулд суралцах шаардлагатай болсон. Харин хаана, ямар чиглэлээр суралцах вэ гэдгээ одоогоор судалж байгаа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа, зорилго чинь амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж