Цагдаа эмэгтэй шөрмөс нь татсанаас гэмтлээ даалгүй нас баржээ

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Цагдаа эмэгтэй шөрмөс нь татсанаас гэмтлээ даалгүй нас баржээ

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Н.Сувд энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээнд Өрлөг эхийн дүр бүтээн найман зүгт сүүн цацал өргөв.

Энэ долоо хоногт цагдаагийн байгууллагатай холбоотой хэд хэдэн дуулиан дэгдэж, олны анхаарлыг татаад байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн Замын цагдаагийн албанд туршилтаар ажиллаж байсан Б гэгчийг хар тамхи хэрэглээд, мансуурсан явахад нь Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх албаныхан баривчилсан байдаг. Мөн өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит ‘Марш тактик 2017’  тэмцээнд оролцсон цагдаагийн албан хаагч нас барсан хэрэг гарсан. Тиймээс эдгээр хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэнгээс тодруулга, тайлбар авлаа. 


Хар тамхины хэргээр 5 албан хаагчийг шалгаж байна

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт мансууруулах бодис хэрэглэгч дөрвөн этгээдийг саатуулжээ. Саатуулсэн иргэд 1985-1988 онд төрсөн, тэдний гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байсан байна. Тухайн үед дээрх этгээдүүдээс эд мөрийн баримт мөс буюу метавитамины төрлийн бодис болон бусад эд зүйлийг хураан авч, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. “Энэ дунд 1988 онд төрсөн Улаанбаатар хотын харьяат ХУД-ийн Замын цагдаагийн албанд цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан Б гэгч нь байсан” хэмээн Ё.Лхагвасүрэн ахлах байцаагч ярилаа. Сэжигтэн Б-г баригдах үедээ хар тамхи хэрэглэсэн байсныг шинжилгээгээр баталгаажуулсан байна.

Ахлах байцаагч Ё.Лхагвасүрэн

Хэргийг тодруулбал, Сэжигтэн Б нь хуучнаар ХУД-ийн 19 дүгээр төвийн үйлчилгээний төвд байрлаж байсан “Бриллиант” шөнийн клубийн орчимд “41..” улсын дугаартай цагаан өнгийн автомашинаас хар тамхи хэрэглэсэн байдалтай гарч ирсэн байна. Хэргийн газарт үзлэг хийхэд, сэжигтэн Б-гээс 0.5 грамм айс буюу метафетамин гэх мансууруулах бодис илэрсэн аж. 

Б гэгч нь Хууль сахиулах их сургуулийн ахлагчийн курсийг өнгөрсөн онд төгсч, ХУД-ийн Замын цагдаагийн тасагт өнгөрөгч арванхоёрдугаар сард ажилд оржээ. Сэжигтэн Б шиг төрийн албанд ажиллаж байсан дөрвөн хүнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, худалдан, борлуулсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллага үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. 

Цагдаа эмэгтэй шөрмөс нь татсанаас гэмтлээ даалгүй нас баржээ

“Марш тактик 2017” цогцолбор тэмцээнд оролцсон цагдаагийн албан хаагч нас барсан хэргийг талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэн “Марш тактикийн тэмцээнд цагдаагийн байгууллагаас нэг эрэгтэй, нэг эмэгтэй салаа оролцсон. Энэ тэмцээнд Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий есөн байгууллагын 19 баг буюу нийт 500 орчим баг тамирчид өрсөлдсөн. Харамсалтай нь, тэмцээнд оролцсон албан хаагч амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнд холбогдох ажиллагаа хийгдээд явагдаж байна. Тухайн тэмцээнд хамт оролцсон албан хаагчид цочролын байдалтай байна. Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гаргахгүй байхыг хүсч байна” гэлээ. Гэхдээ тэрбээр энэ тэмцээнийг ахалж явсан хурандаа амиа алдсан гэдэг нь ташаа мэдээлэл гэдийг онцолсон юм. Тодруулбал, тухайн хурандаа эмнэлэгт биеийн байдал харьцангуй сайжирсан байдалтай байгаа аж.

Цагдаагийн байгууллага томоохон уралдаан тэмцээнд оролцохдоо удирдах албан тушаалтан буюу тухайн ажиллагааг, баг тамирчдыг удирддаг байна. Энэ дагуу тухайн албан хаагчдыг Н.Баярмагнай хурандаа удирдсан гэнэ. Гэтэл Н.Баярмагнайгийн даралт, баг тамирчдаа удирдаж, ахлахаас өмнө ихэсч, биеийн байдлаас шалтгаалан багаа удирдах боломжгүй болжээ. Тиймээс бэлтгэлд гарсан эхний өдөр нь цагдаагийн байгууллагын Удирдах зөвлөл хэлэлцээд, томилгоог өөрчилсөн байна. 

Харин талийгаач эмэгтэй албан хаагчийг Марш тактикийн тэмцээнд хүчээр оруулсон зүйл байхгүй гэдгийг албаныхан хэлэв. Тус тэмцээнд байгууллага төлөөлсөн хүнээ оролцуулахын тулд мэргэжлийн эмнэлгийн баг ажилладаг аж. Биелүүлж буй даалгавар нь тэсвэр тэвчээр шаардсан эмэгтэй албан хаагчдад хүндрэлтэй байдаг гэнэ. Талийгаачийн тухайд эхний гурван шатыг амжилттай биелүүлж, дөрөвдүгээр шатанд шөрмөс нь татаж, түргэн тусламж аван, эмнэлэгт хүргэгджээ. Улмаар хоёр хоногийн дараа буюу зургадугаар сарын 12-ны өдөр тэрбээр гэмтлээ даалгүй нас барсан байна. 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж