Ханш суларч, хямрал илааршиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.15-нд нийтлэгдсэн

Ханш суларч, хямрал илааршиж эхэллээ

Цагдаа, түргэн тусламж болон онцгой байдлын шуурхай бүлэг наадмын өдрүүдэд бэлэн байдалд ажилладаг.

Хавтгайдаа сонгуулийн солиоролд автсан нүүр номоос заримдаа эдийн засгийн гэрэл гэгээтэй мэдээлэл унших сайхан. Үнэндээ Монгол ялах, Монголчууд ялах, хагарал хямралгүй байх олон боломжуудаа бид алдсан. Өнгөрсөн 26 жил засгийн эрхийг ээлжилж, эсвэл хамтран барьсан намууд нь Монгол ялна, Монголчууд ялна, Монгол босно л гэх. Монгол нь монголтойгоо байлдахаа л больчих л доо. Тэгвэл эдийн засаг өөрөө сэргээд ирнэ. 

“Засгийн газрын бондын хүү 12.5 хувь ороод ирлээ. Саяхан л 17-18 хувьтай байв. Маш зөв сигнал. Банкны хадгаламж анх удаа татвартай болсны үр дүн эхнээсээ ингэж гарлаа.Одоо удахгүй зээлийн хүү буурч эхэлнэ. Түүнийг дагаад хадгаламжийн хүү буурна. Энэ үед л компанийн бондын зах зээл жинхэнэ утгаараа хөгжиж эхэлнэ. ТОП 100 компаниуд банкнаас зээл авахаа болино, ингэх тусам зээлийн хүү, хадгаламж улам буурна” гэж нүүр номын “найз” Д.Ангар бичжээ. Сонгуулийн хэнээ туссан, хачин муухай хар пи-ар зонхилсон энэ өдрүүдэд түүний бичсэн эдийн засгийн постыг унших дуртай. 

Өнөөдөр Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.доллар 2370 төгрөгтэй тэнцэж байна. Зургадугаар сар гарсаар ам.долларын ханш нийтдээ 50 орчим төгрөгөөр буурчээ. Харин ам.долларын хамгийн оргил үе болох өнгөрсөн оны арваннэгдүгээр сартай харьцуулахад 400 орчим төгрөгөөр буюу 20 хувиар сулраад байна.

Ийнхүү ханш аажим аажмаар суларч, хямрал аажим, аажмаар илааширч эхэлснийг статистикийн судалгаанаас харж болохоор.

Улсын төсвийн алдагдал өнөөдрийн байдлаар 412 тэрбум. Энэ нь төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 465 тэрбум буюу бараг 50 хувиар бага гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны тавдугаар сард төсвийн алдагдал 877 тэрбумд хүрч байсан юм. Төсвийн алдагдал ийнхүү буурсан нь орлогын өсөлт нь зарлагын өсөлтөөсөө 23.9 хувиар илүү байгаатай холбоотойг статистикийн мэдээнд өгүүлжээ.

Өнгөрсөн оны сүүлээр 2.4 их наядад хүрсэн төсвийн алдагдал буурна гэдэг эдийн засгийн хувьд хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэлсний дохио. Цаашдаа хүлээлгийн өрөөнд байгаа, олон жил хэрүүл тарьсан том төслүүдээ хөдөлгөчих юм бол жижигхэн эдийн засаг маань дорноо сэргээд л ирнэ.

Гурван нэр дэвшигчийн гоё урианаас илүү гурван сая хүнээ сайхан амьдруулах боломж бол эдийн засгийн эрүүл бодлого. Нэг сайн эр чулуу шидэх төдийд улсаараа хямардаг, зөвхөн уул уурхайгаас хараат эдийн засгаа солонгоруулаад өгөх хэрэгтэй. Дээр нь экспортын төмөр замаа тавьчихвал Монгол ялах, хагарал хямралыг давах, Монгол “босох” боломж байна аа байна. 

Учир нь улсын нийт экспортын орлого өнгөрсөн оноос 42 хувиар буюу 744 сая ам.доллараар өсөхөд нүүрсний экспорт нөлөөлсөн гэж тавдугаар сарын статистикт дурджээ. Хэрэв хэрүүл, талцалд хүрэлгүй төмөр замаа тавьчихсан бол ОУВС-гийн хамгийн хүнд нөхцөлтэй хөтөлбөрт хамрагдахгүй байсан ч байж мэднэ. 

Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалтыг эс тооцвол тэгтэй тэнцсэн гадаадын хөрөнгө оруулалт сэргэх хандлага ажиглагдаж байна. Гэхдээ тэд Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн анхааралтай ажиглаж байна. 

Тиймээс хэдийгээр нэр дэвшигчид ялахын тулд юу ч ярьж болдог байлаа гэхэд ядаж дараа нь Төрийн тэргүүн болсон хойно, сонгуулийн үеэр хэлсэн элдэв бодлогогүй үгс нь Монголын төрийн үг болж сонсогдоно гэдгээ тооцох ёстой биз. Ямар ч байсан өдрөөс өдөрт, өндрөөс өндөрт цойлж байсан ам.долларын ханш уруудах, хямрал тогтворжиж байгаа нь хар пиараас залхсан энэ өдрүүдийн хамгийн гэрэл гэгээтэй мэдээ болж байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж