Фото: Архив /2017.05.29/
Үндэсний их баяр наадам эхлэхэд 20 гаруй хоногийн хугацаа үлдлээ. Наадам дөхөх үед Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөхийн барилдааны тасалбарын асуудал яригддаг. Энэ жил ч гэсэн баяр наадмын тасалбар хэрхэн зарагдах талаар Монгол Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржоос тодрууллаа.
-Баяр наадам дөхөөд ирэхээр бөхийн тасалбарын хэрхэн зарагдах талаар үзэгчид асууж эхэлдэг. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монголын Үндэсний бөхийн холбоо наадмын бөхийн тасалбарыг борлуулдаггүй. Иргэд үүнийг их андуурч биднээс асуудаг. Наадмын нээлт болон хоёр өдрийн бөхийн барилдааны тасалбарыг нийслэл, төв цэнгэлдэх л хариуцдаг. Манай холбоо бөхийн тасалбарыг зарах, борлуулах дээр ямар ч оролцоо байхгүй учраас хотын захиргаанаас үүнийг лавласан нь дээр. Харин одоогоор манай улсад бөхийн тасалбарыг онлайнаар борлуулах боломжгүй юм билээ.
-Баяр наадам дөхөж байгаа энэ үед бөхийн барилдаан хэр олон болох вэ?
-Монгол бөхийн өргөөнд энэ сарын 17-ны өдөр Бүх цэргийн наадмын барилдаантай. Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбогдуулан наадмын сорилго барилдааныг цуцалсан байгаа. Тиймээс энэ барилдаанаас өөр барилдаан баяр наадмын өмнө болохгүй.
Ч.БОЛОР